Сонгуулийн талаарх миний санал
Өөрөөр хэлбэл хэн илүү хариуцлага хүлээнэ, хэн гэр бүлдээ үнэнч байдаг вэ тэр хүн нь толгойлж, удирдаж байдаг. Улс орон гэдэг гэр бүлийг тэнэг би бодохдоо яах аргагүй шалгарсан, гэр бүлийн гишүүд болсон ард түмэндээ хайртай, үнэнч, тэднийхээ төлөө амьсгалж байдаг тийм л хүмүүс удирдаж байгаа гэдэгт би итгэдэг. Өнөөгийн ерөнхийлөгч, УИХ ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Чиглэл хариуцсан сайдууд, Намуудын удирлагууд, зүтгэлтнүүд. Эдгээр хүмүүсийг би одоо ч гэсэн шалгарсан хүмүүс л гэж боддог.
Бид шалгарсан хүмүүсээрээ удирдуулахдаа , тэднийг гэр бүлдээ сайн зүйл хийнэ гэж итгэсэндээ л сонгосон.
Гэтэл……
Нэг л болдоггүй…..
Нэг л түгшүүртэй……..
Яагаад ? ……
Энэ бодол хүн бүхнийг түгшүүлнэ, зовооно, заримынх нь нойрыг нь үл хүргэнэ.
Би жирийн нэгэн инженер. Надад улс төр хамаагүй. Би зөвхөн өөрийнхөө ажлыг л сайн хийж байвал бусад нь надад хамаагүй. Саяханыг хүртэл ингэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Би ажлаа хичнээн сайн хийсэн ч надад тохиолддох саад, элдэв дарамт ихэссээр. Энэ миний буруу юу ? Эсвэл удирдагчдын буруу юу. Энэ талаар бодох цаг хугацааны үечлэл улам богиноссоор, өөрөөр хэлбэл бүр цаанаасаа хүчээр бодогдуулсаар.
Ийн олон хоног бодсоны эцэст өөрийн бодлыг цэгцэлж уншигч олонтойгоо, Монгол гэдэг нэгэн гэр бүлийн гишүүдтэйгээ, удирдагч нартайгаа саналаа солилцмоор бодогдлоо. Яаж саналаа солилцох вэ. Миний саналыг хүлээж аваад, хэвлээд өгөх тэр сонин хэвлэл олдох болов уу. Олдох л болтугай. Тэгээд ч миний санал нэг их чухал санаа ч биш байж болно шүү дээ. Гэхдээ л …..
Ийнхүү бодож , бодсоноо зориглож өөрийн санааг толилуулахаар шийдсэн юм. Хүлээн авч ойлгохыг бодоорой.
Нэг Амьдрал юун дээр тогтдог вэ ?
Нээрээ амьдрал юун дээр тогтдог юм бэ. Ихэнх хүмүүсийн боддогоор мөнгөн дээр юм болов уу. Үгүй байхаа. Миний хармаанд байгаа бага шиг мөнгөн дээр, эсвэл хүний хармаанд байгаа маш их мөнгөн дээр миний амьдрал тогдохгүй л юм шиг.
Хайр дээр юм болов уу. Бас л биш ээ. Хайрлаад л байдаг, хайрынхаа хирээр хөдөлмөрлөөд л байдаг. Тэгээд…. бас бишээ.
Хайр мөнгө хоёр дээр амьдралын хагас хугас нь тогтдог л байх. Тэгэхээр амьдрал нэг хоёр зүйл дээр биш нэлээд хэдэн зүйл дээр зэрэг тогтдог юм шиг. Өнөөдөр бидний амьдрал сонгуулиас их шалтгаалж байх шиг. Бид мөнгийг бага ч гэсэн олж байна, Хайр хангалттай байна, энэ хоёр дээр зөв сонголтыг нэмбэл болох юм биш үү. Гол нь амьдралыг л сайжруулахын төлөө удирдагчаасаа эхлээд хувь хүнээ хүртэл ажиллах, үүний тулд сэтгэлээ засах хэрэгтэй юм шиг.
Хоёр Сонголт гэж юу вэ.
Хүний амьдралд, улс орон гэр бүлийн амьдралд сонголт, тэр тусмаа зөв сонголт хамгийн чухал гэдгийг хүн бүр ойлгодог болжээ. Бид ч янз бүрийн сонголттой их тулгарсан даа. Зах зээл дээрээс хямдыг нь харж байгаад цамц авлаа гэж бодъё. Олон хүн шахалдаад олигтой сонголт хийж чадахгүй , мөнгөө сарвайгаад цамцаа аваад харилаа гэж бодъё. Ирээд цамцаа үзлээ. өрөөсөн ханцуйгүй цамц авчихаж. Буцаад гүйлээ. Яах гэж. Буруу сонголтоо засаж, солиулах гэж. Гэтэл өмнөөс чинь сольж өгдөггүй , бандан тас. Иймэрхүү засаж болдоггүй сонголт хамгийн хэцүү юм шиг. Бид, бид ч гэж дээ ер нь хүн төрөлхтөн алдаж сонгодог, андуурч сонгодог, зөнгөөрөө сонгодог, зөрж сонгодог, онож сонгодог олон сонголтуудыг хийдэг. Гэхдээ дараагийн сонголтондоо мэргэшиж, чадваржиж байдаг. Гэтэл бид нэг л сонголтыг засаж чадахгүй, дадлагажиж чадахгүй олон оныг ардаа үлдээжээ. Энэ бол бидний нэрлэдэг сонгууль юм шиг. Яагаад гэвэл өнгө мөнгө, архи дарс, гайхамшигт амлалтанд хууртагдан буруу сонголт гэдгээ явцын дунд ойлгодог. Хичнээн ойлгоод ч алдаагаа засах боломж байдаггүй. Яг л чанаргүй хятад бараа аваад бандан тас болдог шиг л. Иймд үүнийг л засах хэрэгтэй юм шиг.
Дээр хэлсэн биднээс арай л өөр одонд төрсөн, биднээс үзсэн дуулсан, уншсан харсанаараа ч хамаагүй илүү удирдагч нар маань ард түмнийхээ төлөө / энэ үгний үнэ цэнэ өнөөдөр алдагдсан юм шиг / бүгд л санаа тавиад байх шиг, бүгд л зөв юм ярих юм аа. Гэхдээ нэгнийхээ ярьсан яриаг нөгөөдүүл нь сонсоноо гэж байхгүй, сонсдог юм аа гэхэд ажил хэрэг болгоно гэж байхгүй. Яагаад гэхээр сонголтоо буцааж засах боломж сонгогчид байхгүйн эсрэг талд эрхэм гишүүн 4 жил яасан ч тэдний дур, тэгээд ч олон нам эвсэл, хүсэл сонирхолд хуваагдсанд оршоод байх шиг.
Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг уриа болгоод ч хэрэггүй. Үүний нэгэн том эх үүсвэр нь томилгоо. Томилгоог яаж хийх нь зүйтэй юм бэ. Энд л нэлээд но байгаад байх шиг. Томилгоо нь их бага байх нь хамаагүй, хамгийн гол нь элдэв сонгууль, шан харамжинд зориулан гаргасан шархаа нөхөөд ашиг олох. Тэгэхээр мөнгө гэсэн үг. Улс орон дотроо битгий хэл, улс орнууд хоорондоо энэ мөнгөнөөс л болж дайтаж, хэрэлдэж байдаг. Иймд үүнийг л зөв голдиролд оруулах хэрэгтэй юм шиг.
Үүний тулд эвслийн засгийн газрын үед гардаг хэрүүлийн гол алим болдог сонгуулийн хороодын гишүүд, сайд нар, бусад сонирхолын зөрчил их ордог албан тушаалтнуудыг томилохдоо намууд тодорхой тооны хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлж тэр хүмүүсийн нэрээ компьютерийн сугалаанд оруулан сугалаагаар хэн гарч ирсэнийг нь томилж байх нь зүйтэй юм шиг. Энэ санааг маань уншаад зарим хүн дэлхийд тийм юм байхгүй гэж магадгүй. Чингэс хаан аравт, зуутын зохион байгуулалтаа хийж байхад дэлхийд тийм юм байгаагүй шүү дээ. Бид зориглох хэрэгтэй. Сайн бодож дэлхийд хаана ч байхгүй тийм л хувилбарыг олох хэрэгтэй. Түүнээс биш дэлхийд одоо байгаа сайнаас авна гэвэл нэгдүгээрт дэлхийд зөв систем хаана ч байхгүй байгаа, хоёрдугаарт бид хойноос нь гүйгээд ч гүйцэхгүй. Монгол хүн эр эмгүй эршүүд, эр хүний тоглоом хатууч гэдэг, энэ утгаараа ямар нэгэн сугалааны дараа / хуруудаж байгаа юм шиг л / хэл ам татлаад байдаггүй ард түмэн билээ. Иймээс доорхи ерөнхий санааг та бүхэнд толилуулах гэсэн юм.
1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохдоо бүх ерөнхий хорооны гишүүдийн байх ёстой тооноос гурав дахин их байхаар намууд ижил тооны хүмүүсийн нэрийг дэвшүүлэн тэндээс сугалаагаар гарч ирсэн хүмүүсийг томилж байх
2. Сонгуулийн тойргийн болон хэсгийн хорооны гишүүдийг томилохдоо тойргийн буюу хэсгийн сонгогчдоос дээд, тусгай дунд боловсролтой бүх сонгогчдын нэрийг оруулан шаардагдах гишүүдийн тоогоор сугалж томилж байх
3. Тойрог хэсэг бүрд Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон мэргэшил бүхий нэг хүнийг томилон ажилуулах.
4. Сонгууль эхлэхээс өмнө иргэний холбоод хамтран их хурлын гишүүнтэй байгуулах гэрээний төслийг бэлдэх, энэ төсөлдөө ямар ямар тохиолдолд их хурлын гишүүнийг буцаан татах талаар тодорхой оруулах. Гэхдээ энэ гэрээнд амлалтын чанартай, зам гүүр, худаг барих г.м зүйлийг оруулахгүй байх.
5. Сонгуулийн дараа сонгогдож ялсан гишүүнтэй сонгуулийн тойргийн гишүүд иргэний холбооноос гаргасан загвар дээр харилцан тохиролцсон заалтуудыг нэмж гарын үсэг зурах. Ингэхдээ тойргийн хорооны гишүүд заавал бүгд гарын үсэг зурах.
6. Дээрхи гэрээг байгуулаагүй тохиолдолд их хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөггүй байх.
7. Сонгууль бүрэн явагдаж дууссаны дараа аль нэг нам олонхийн саналыг аваагүй тохиолдолд эвслийн засгийн газрыг байгуулж сайд нарыг томилохдоо ард түмнээс авсан саналын хувийн харьцаагаар намууд сайдад өөрсдийн хүний нэрийг дэвшүүлэх. Ингэхдээ жишээлбэл МАХН 50%, АН 30% ард түмний саналыг авсан гэж үзээд энэ хоёр нам хамтран эвсэж засгийн газраа байгуулахаар боллоо гэж бодъё. Тэгсэн тохиолдолд жишээ нь аль нэг яамны сайдын суудалд нэр дэвшүүлэхдээ МАХН аас 5 хүн, АН аас 3 хүн дэвшүүлж сугалаанд оруулан 1 ийг нь сонгож сайдаар томилох гэх мэт. Өөрөө хэлбэл магадлалын онолоор гэсэн үг.
8. Дээрхи байдлаар зохих хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах болон бусад байж болох вариантыг бодож нэмэх.
Миний бодлоор энэ тохиолдолд сонгуулийн хороод дээр сонгуулийн үед гардаг хэл ам татарч, сайд нарын томилгоон дээр нэг нэгнийхээ нэр хүндийг хараар будах, бие биеэ хардах байдал багасхаас гадна сонгогдсон УИХ ын гишүүн үүргээ биелүүлээгүй тохиолдолд буцаан татагдах эрх зүй үүсэх тул үнэхээрийн хайртай ард түмнийхээ төлөө бага ч гэсэн зүтгэж хяналттай төр бий болох юм даа гэж бодож байна.
Өнөөгийн ороо бусгаа цагийн төр ард түмнийхээ, гэр бүлийнхээ гишүүдэд үнэхээр халгаатай байгаа учир тус болдоггүй юм аа гэхэд ус битгий болоод байгаачээ гэж бодон үүнийг бичлээ.
Иргэн Ц. Бат-Эрдэнэ.
/Оллоо.МН/