Эх орон – миний эрх чөлөө
Өчигдөрхөн хөлд орсон хөвгүүн
мөрөөдлөө шулганаж, алсын барааг ширтдэг
тэмүүлэлт эрх чөлөөтэй, би
Өчүүхэн анир сэрхийхэд
шувууд дэрхийн үргэж нуурын бидэрт дүр төрх жирвэлзэх
тийм омголон эрх чөлөөтэй, би
Өрцөндөө үрээ өлгийдөж
өчнөөн олон жил сэрүүн тунгалаг амьдрах
эхийн хайр шиг эрх чөлөөтэй, би
Өрөм, ааруул дэвтээж оршоосон цайны амт
юугаар ч үл солим санагдах
тансаг эрх чөлөөтэй, би
Өглөөний жаварт цаг хугацаа хүртэл царцавч
өр зүрхэнд
асаж дүрэлздэг эх оронтой, би
Эх орон – миний эрх чөлөө юм аа
Даваадоржийн ЭНХБОЛДБААТАР
2007.I сар.