МУАЖ Б.Жавзандулам Мэргэжлийнхэн дотроо би хамгийн даруу ноомой нь
-Алдарт Чио чио сан дуурь Монголын тайзнаа амилаад 40 жилийг ардаа орхижээ. Таны хувьд энэ дуурийг хэзээнээс гоцлох болсон бэ?
-Үнэхээр олон жил өнгөрчээ. Хойно сургуулиа төгсөж ирснээс хойш таван жилийн дараа буюу 1991 онд юм байна. Тэр үед биднийг гадаадад боловсрол эзэмшсэн гэдгээр манай ахмад үеийнхэн шууд том, том сонгодог дүрүүд дээр хуваарилалт хийсэн юм. Магадгүй тэр нь биднийг хэдий хэр боловсрол эзэмшиж, хойшид бидний итгэлийг даах нь уу гэсэн алсыг харсан шалгуур ч байсан байж болох юм. Ямар ч байсан дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүдэд тийм том боломж олгосон нь тэдний маань өгөөмөр сайхан сэтгэлийн нэг илрэл байсан. Тэгээд надаас гадна гурван хүүхдийг шилж Чио чио сан-д бэлтгэж эхэлсэн. Хүчтэй, туршлагатай, чадалтай, авьяастай ахмадуудаасаа итгэл хүлээнэ гэдэг асар их хариуцлага шүү дээ. Тухайн үед би залуухан байсан болохоор тэр том дуурийг надаар дуулуулах байх гэсэн горьдлого ч юмуу бодол байгаагүй л дээ. Дуулах арга зүй, биеийн хэлбэр галбир, зан ааш гээд бүхий л талаараа нь шалгаж үздэг нь манай мэргэжлийн онцлог. Тиймээс бүхий л талын шаардлагыг хангасан хүмүүсийг дуурийн босго өндөр хаалгаар алхуулдаг болохыг тэгэхэд мэдэрч билээ. Анхны том дүр гэдгээрээ би энэ дүрдээ дэндүү хайртай байдаг юм.
-Сонгодог урлаг таны мөрөөдөл байв уу? Анх урлагт хөл тавьж байсан үеэ дурсвал?
-Би хөдөөний хүүхэд. Бусад хүүхдийн адил хөдөө, хээр ишиг, хурганы бэлчээрт дуулж өссөн л дөө. Хожим нь урлагийн хүн болоход хязгаарын цэргийн ансамбльд хөгжимчин хийдэг байсан ах маань аргагүй нөлөөлсөн. Намайг хотод авчирч Цэргийн ансамблид шалгуултал нас нь арай бага байна гээд аваагүй. Хөдөөнийх байсан болохоор нааш, цааш яваад байх зардал мөнгөний асуудлаас болоод тэр жилдээ хотод ах дээрээ өнжсөн. Гэтэл ах зүгээр сууж байхаар урлагийн өөр газруудаар шалгуулсан ч бас л нас болоогүй гэсэн шалтгаанаар авахгүй байсан юм. Тухайн үед жаахан байсан болоод ч тэрүү сонгодог урлаг гэж чухам юу байдаг, юунд шалгуулаад байгаагаа ч сайн мэдэхгүй хэрнээ зөвхөн сургуульд орж, дуучин мэргэжилтэй болох хэрэгтэй юм байна гэдгээ л ойлгож байсан. Тэрнээс биш эстрад, ардын, уртын дуугаа ч ялгахгүй дээрээс нь хөдөөний хүүхэд болохоор дуурийн дуу гэдгийг сонсож ч үзээгүй шахам явсан. Харин нутагт маань Оросууд их байсан болоод ч тэрүү орос дуу нэлээд мэднэ. Ямар сайндаа хожим нь хойно очиж сурахад Монгол хүүхэд гэхэд хаана ингэж Орос хэлийг сайн сурдаг байнаа гэж гайхдаг байж билээ. Тэгээд хоёр жилийн дараа Ардын дуу бүжгийн чуулгад тэнцээд дагалдан дуучнаар 2-3 сар ажиллаж байтал Боороо гэдэг чуулгын дуучин эгч маань чи дуурийн дуучин болмоор хүүхэд байна, гадагшаа явж сургуульд сур гэж зөвлөсний дагуу би шалгуулж тэнцээд хойшоо явсан юм.
-Сонгодог урлагийнхныг биеэ авч явахаасаа эхлээд бусдаас харьцангуй өөр байдаг гэж хүмүүс ам сайтай байдаг юм билээ?
-Хүн, хүн өөр байдаг байх л даа. Миний хувьд багаасаа Европод сурсан болохоор сэтгэлгээ, ааш зангийн хувьд бусдаас арай өөр байж магадгүй л дээ. Нөгөөтэйгүүр энэ нь мэргэжилтэй минь холбоотой байж ч болох юм. Гэхдээ би бусдаас өөр байна гээд янз бүрийн мода хөөж, үг хэлэндээ өөрчлөлт ооуулаад байсан юм байхгүй. Магадгүй мэргэжлийнхэн дотроо хамгийн даруу, ноомой нь байх.
-Дуурийнхны мөрөөдөл болсон Чио чио сан-д олон жил дуулж байна. Магадгүй одоо нэг тийм дүр бүтээчих юмсан гэж залуу халуун үеийнх шигээ шатах үе байдаг уу?
-Би оюутан байхдаа их зүйл сурах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Магадгүй би сайн, эсвэл дутуу хагас сурсан ч байж болох юм. Одоо бол би өөрийн сурсан жаахан мэдлэгээ хойч үе, шавь нартаа зааж үлдээхийг гол зорилгоо болгож ажиллаж байна. Тийм ч учраас социализмын нийгмээс өнөөг хүртэл давхар ажилласан, нэг бодлын би гэмт хэрэгтэн, эсвэл давхар ажил хийсэн арга зальтай хүн ч юмуу. Ингэж явсаар өнөөдрийг хүрсэн. Одоо би зуугийн талыг насаллаа. Учиртай гурав-т тоглохсон, Чио чио сан-д дуулахсан гээд тайзан дээр дэвж, шаваад байх шаардлага байхгүй. Мэдээж Чио чио сан чадалтай, чадалгүй хүн бүхний хүсэл мөрөөдөл л дөө. Гэхдээ миний хувьд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэддэг байх хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг.
-Монголын сонгодог урлагийн талаар ямар бодол тээж явдаг вэ. Дотор нь байдаг хүний хувьд илүү нарийн зүйл ярих байх?
-Манай урлагийн салбарт ардын, уртын, богинын, зохиолын, эстрадын гээд өчнөөн урсгалууд байна. Мэдээж цаг үеэ дагаад тэд байсхийгээд солигддог бол бидний хувьд 400-500-гаараа нэг юман дээр сууж байдаг. Урлаг гэдэг ямар ч нийгэм цаг үед хувирч, хувьсаж, уруудаж, доройтно гэж хэзээ ч байхгүй. Ялангуяа сонгодог урлаг. Бас нөгөө талаар туйлдаа хүртэл хөгжинө гэж байхгүй л дээ. Харин энэ урлагийн эзэд бид өөрсдөө л хөгжих хэрэгтэй. Гэсэн ч их урлагийг төгс мэдэрсэн, төгс үзүүлж чадах хүн дэлхий дээр байхгүй. Зөвхөн хөгжихийн төлөө явж, ойлгохыг хичээсэн хүн л энэ салбарт амжилтанд хүрнэ. Сэтгэлийнхээ дуудлагаар, хөгжиж чадсан хүн л сонгодог урлагийг үзэх гэж ирнэ. Магадгүй хүн үзэхгүй байлаа ч заавал хүн бүхэнд үзүүлэх шаардлага байхгүй шүү дээ Удам сайтай айл гэдэг шиг л урлагийн хамгийн сайн удам нь сонгодог урлагтаа байдаг юм. Тийм учраас сонгодог урлагийг рекламдаад юмуу, гайхуулаад байх шаардлагагүй юм. Яахав маргааш Чио чио сан-ы 40 жил нь болох гэж байна гэж зарлахаас Жавзандулам дуулах гэж байна, тэдэн дуу дуулах гэнэ гэсэн реклам огт хэрэггүй л дээ
-Дуурийнхан гайхалтай чадалтай хоолойтой хүмүүс. Тиймээс сонгодог урлагийг өндөр түвшинд ойлгодог, үнэлдэг газар руу явах бодол байдаг уу?
-Тэрэнд болохгүй гэх газаргүй. Их урлаг хаана үнэ, цэнэтэй байна тэнд л ахуй хангамж арай өндөр байна шүү дээ. Сонгодог урлаг Европын өмч хөрөнгө болохоор дуучдын чадвар, цалин пүнлүү тэнд л өндрөөр үнэлэгдэх боломжтой ч энэ нь зөвхөн гадаад л гарвал амжилт олно гэсэн үг биш юм. Манайд чадалтай боловсон хүчин зөндөө бий, хамгийн гол нь тэдний авдаг цалин хөлс дэндүү чамлалттай. Жишээ нь, Ардын жүжигчин 120 мянган төгрөгний цалин авна. Тэрнийхээ хэдийг нь байр, утасны мөнгөнд өгч, хэдээр нь өмсөж, идэх билээ. Энэ бол манай монголчуудын амьдралын түвшин доогуур байгааг илтгэж байгаа хэрэг. Үнэхээр идэж, уугаад, өмсөж зүүе гэвэл доод тал нь 500 мянгын цалин авдаг байх хэрэгтэй. Даанч тийм нөхцөл бололцоо алга. Тэгэхээр хичнээн авьяастай байсан ч гадагшаа гарах сонирхолтой хүүхдүүдийг торгоож чадалгүй явуулахаас өөр аргагүйд хүрнэ шүү дээ. Одоогоор Дуурийн театрт дуулж байгаад гадагшаа гарчихсан хүн байхгүй. Яахав оюутан, залуус мэргэжил дээшлүүлэх чиглэлээр гадаад дотоод явж, ганц нэг нь тэндээ үнэлэгдээд үлдсэн тохиолдол байгааг үгүйсгэхгүй.
-Насаараа урлагт зүтгэчихээд хоосон хоцорсон хүмүүс цөөнгүй бий. Таны хувьд?
-Миний найз нөхөд, ойр дотны маань хүмүүс яг ингэж асуудаг. Харин би тэдэнд би хамгийн азтай хүн гэж хэлдэг. Учир нь Монгол улс намайг бүтэн 12 жил үнэ төлбөргүй сургаж, хоёр өрөө байраар шагнаж, МУГЖ цол олгож, дараа нь МУАЖ болголоо. Энэ л надад хангалттай. Үүнээс илүү юм гэж хаана байна. Надад насаараа урлагт зүтгэлээ гээд гомдох эрх байхгүй. Харин ч хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй юм шиг санагддаг. Тиймээс би улсаа, театраа харж үзэхсэн, өөрийн сурсан мэдсэнээ үлдээхсэн гэж боддог. Дээхнэ үед биднийг залуучууддаа юм заахгүй байна, өөд нь татахгүй байна гэсэн санал, шүүмжлэл их ирдэг байсан юм. Гэтэл өнөө юм хийхгүй байна гэгдэж байсан хүмүүс нь 40 мянган төгрөгний цалинтай бид их урлагт үнэнч зүтгээд яах юм гэцгээсэн. Аргагүй шүү дээ. Тэгэхээр нь би тэднийгээ өмөөрөөд ярьтал дээр дооргүй Жавзандулам чинь яахаараа 40 мянган төгрөгний цалинтай гэж худлаа ярьдаг байнаа гээд яам тамгагүй шуугиж, асуудал болгож байсан юм. Өөрийгөө улсдаа өртэй гэж боддог надад тийм юм яриад явж байх санаа яаж төрөхөв дээ. Энэ үнэхээр муухай хүнд гүтгэлэг байсан.
(Хийморь 12/094)