Шерлигийн амьдралын түүхээс

Энэ бол ердөө гурван настайгаасаа эхлэн кино урлагт хөл тавьсан Холливудын алдартай жүжигчин Шерли Тэмпли юм. Жаахан ч гэлээ дайчин ухаалаг охин, хааны бяцхан гүнж, хурандаагийн охины дүрүүдээрээ үзэгчдийн хайр энхрийллийг татаж, гуравхан жилийн дотор дэлхийд алдартай кино од болж чаджээ. Тиймээс ч түүнийг дэлхийн кино урлагийн түүхнээ бүтээсэн дүрүүдээр нь үе үеийнхнийг байлдан дагуулагч гэж нэрийдсэн байдаг бөгөөд Шерли охин Холливудын түүхэн дэх хамгийн анхны бяцхан кино од юм.

Тэрээр Калифорны Санта Моника хэмээх тосгонд хөгжимчний гэр бүлд төржээ. Охиныхоо авьяасыг нь олж харсан ээж, аав нь Шерлиг урлагийн хүн болгохоор Холливудын Мерлин бүжгийн студид гурван настай байхад нь суралцуулсан аж. Тэрээр багшийнхаа заасан бүхнийг маш хурдан, идэвхи чармайлтай сурч байсан нь студийн захирлын анхаарлыг татахгүй өнгөрч чадсангүй. Тухайн үед Холливудын кино урлагт орохыг хүссэн хэн боловч эхлээд уг студид суралцаж төгсөөд, дараагаар нь кино академийн нарийн шалгуураар жүжигчин болох эрх авдаг байв. Уг студид суралцаж буй бяцхан сурагчдаас шалгарсан нэг хүүхэд Холливудын кино академийн Merlin Kiddies сургуульд суралцах эрхийг авдаг байжээ. Энэхүү алтан боломжийг бяцхан биедээ багтамгүй авьяас чадварыг нь гайхан биширсэн студийн захирал Чарлиз Ламонт шууд л Шерлид өгсөн байдаг. Гэвч охины гэр бүл ядуу тарчиг байсан учраас сургуулийн төлбөрийг төлж чадахгүй хэмээн сургуулиас нь гаргажээ. Энэ тухай сонссон студийн захирал Чарлиз охины авьяас билгийг үнэлэн төлбөрийг нь өөрөөсөө гаргаж Холливудын хүүхдийн кино студид суралцуулж, жүжигчин болох замыг нь нээж өгсөн ачтай нэгэн байв. Шерли ч студийн захирлын итгэл найдварыг алдаагүй юм. Энэ цагаас эхлэн түүний амьдралын амжилтын цонх нээгдсэн гэж хэлж болно.

Ядуу гэр бүлээ баян чинээлэг болгосон охин

Тэрээр 1933 онд гурван настай байхдаа Бүлэсксийн охины туслах дүрийг бүтээсэн нь тун сайн болж, нэр хүнд бүхий кино од, найруулагчдын хараанд өртжээ. Түүний энэхүү авьяасыг олж харсан Холливудын кино компаниуд кинонд тоглуулахаар булаацалдах болсон гэдэг. Ингээд Fox Film кино үйлдвэрийнхэн Шерлиг 7 нас хүртэл нь кинонд тоглуулж, долоо хоног бүр 150$ төлж байх гэрээ байгуулан ажиллажээ. Охины тоглосон Бяцхан мисс Маркер /1939/, Бяцхан гүнж /1934/, Хэйди/1937/, Бяцхан хурандаа/1935/ зэрэг кино болгон нь хүмүүсийн үзэх дуртай кино болж, хэдэн саяар орлого олох болсон юм. Тиймээс кино компанийнхан Шерлигийн долоо хоногийн цалинг 1250$ хүртэл өсгөсөн бөгөөд ядуу тарчиг гэр бүлээ дөрөвхөн настай охин баян чинээлэг болгож чадсан байдаг. Энэ цагаас эхлэн алдартай кино найруулагчид охиныг кинонд тоглуулах урилгыг тасралтгүй илгээн, өөр хоорондоо өрсөлдөх болсон гэдэг. Тэрээр 1934 онд дэлхийн кино акедемийн нэрэмжит Шилдэг бяцхан жүжигчин хэмээх нэр хүнд бүхий шагналын эзэн болсон юм. Бяцхан охин байхаасаа эхлэн Холливудын дэлгэцнээ гол дүрийг нь бүтээсэн 60 гаруй кино нь бүгд хэдэн саяын ашиг орлого, нэр хүндийг кино компаниудад авчирсан аж. Ингээд 1935 онд Холливуд дахь Хятадын кино театрын урилгаар Бяцхан хурандаа кинонд хэвлүүхэн охины дүрийг бүтээжээ.

Бяцхан хурандаа

Баатарлаг бяцхан хурандаагийн дүрийг бүтээхэд охины хувьд ихэд хэцүү байсан гэдэг. Хамгийн энгийн жишээг дурдахад тэрээр хүйтэн цемэнтэн дээр хөл нүцгэн удаан хугацаанд зогсон кино зураг авахуулсанаас бие нь хүйт даан нүүр нь хөхөрч, шүд нь өвдөн ихэд хэцүү байсан ч бяцхан охин энэ бүх бэрхээс огтхон ч шантраагүй юм. Бяцхан хурандаа киноны ухаалаг зоригтой охины дүрийг бүтээснээр Шерлиг дэлхий дахинд танихгүй хүн бараг үгүй болж, хүн бүрийн хайр өхөөрдлийг татсан жүжигчин, хүүхэд багачуудын үлгэр жишээч од болсон юм. Шерли Бяцхан хурандаа кинонд тоглохдоо дөнгөж 6 настай байсан ч зураг авалтын үеэр ямар ч хүндрэл гараагүй гэдэг. Уг киног үзсэн хэн боловч адал явдал, сэтгэл хөдөлгөм амьдралаар нь аялж, инээхдээ инээж, уйлахдаа уйлах олон талын сэтгэл хөдлөлийг харуулсан гайхамшигт дүрийг зургаахан настай Шерли чадмаг бүтээсэн.

Хөгшин хурандаа Лоудын бяцхан хадагтай Лионэл Барримур ухаалаг охин. Түүний эцэг их нэр хүндтэй баян хурандаа учраас хотын бараг бүхий л хүмүүс хуурамч хоёр нүүр гаргана. Тэрээр охиноо мэдлэг боловсролтой, улс орондоо хэрэгтэй сайн хүн болгож өсгөхөөр шийдэж алс холын охидын сургуульд явуулна. Сургуулийн охид бүгд л Барримур баян айлын охин гэж ихэд дургүйцэн гадуурхана. Гэсэн ч охин ухаалаг учраас энэ бүхнийг тэвчиж, хөгшин зарц Наполионы хамт гэр орон, аав ээжээсээ хол эрдэм сурахаар шамддаг. Гэтэл нэгэн өдөр түүний эцэг нас барлаа гэсэн мэдээ ирж, охин ихэд шаналан бас гайхаж байлаа. Үнэндээ охины их хэмжээний хөрөнгөнд шунасан сургуулийн захирлын энэхүү хуурамч мэдээг гаргасан байдаг. Бяцхан охин баатарлаг зориг, авьяас, оюун ухааныхаа хүчээр хөгшин зарцынхаа хамтаар өвчтэй эцгээ олж, сургуулийн захирлын хуурамч дүр төрхийг илрүүлэх аж. Уг кино нь Холливудад ихээхэн шуугиан тарьж, Шерли Оскараас анхныхаа шилдэг бяцхан жүжигчин хэмээх шагналыг авсан юм. Шерлигийн тоглосон кино болгон тухайн нийгэм, цаг үеийн онцлог, ихэс дээдсийн амьдралыг тод томруун харуулсан байдаг бөгөөд инээдмийн, гунигийн зэрэг үзэгчдийн сэтгэл хөдлөлийг хөндөж чадсан гайхамшигт дүрүүдийг бүтээсэн байдаг билээ. Түүний гол дүрийг нь бүтээсэн кино болгон Холливудын кино фествалиас тасралтгүй шагнал хүртэж байсан гэж хэлж болно. Үүнээс хамгийн том гэгддэг гурван шагнал нь 1935 онд Оскарын Шилдэг бяцхан жүжигчин, 1956 оны Оскараас шилдэг эмэгтэй жүжигчин, 2006 онд НҮБ-ын нэрэмжит шагнал юм.

Эдүгээ 79 настай ч НҮБ-ын хүүхдийн эрхийг хариуцсан томоохон төлөөлөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа түүний тоглосон кинонууд одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа билээ.

Бэлтгэсэн П. Наранцэцэг

(Хийморь 12/094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button