МУГЖ Д.Сосорбарам Равжаа хутагтад өргөмжилсөн И.Нямгаваагаар одоо нэг элдүүлнэ
Гэнэн цайлган сэтгэлтэй Галаа харин сүрхий буурь суусан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Омголон, бардам зантай, хэнээс ч айж, ичдэггүй нь энэ хүний төрөлхийн араншин. Аливааг бодож, нягталж, судалж, өөрийгөө шүүсэлж, бас ч хүү яргаж дүрдээ ордог уран бүтээлчийн ховорхон чанартай, хосгүй авьяастай нэгэн. Гэсэн ч өөрийгөө үргэлж чамлаж явдаг даруу аястай. Бид энэ удаа Хийморь сонины Эрийн хийморь буланд МУГЖ Д.Сосорбарамыг урьж оролцууллаа. Чимээгүй хот руу явсан ч чимээтэй байх болно хэмээн омогших түүний энэ амьдралаас олж авсан үзэл бодлын хүүрнэлийг та бүхэнд хүргэе.
-Олон учир шалтгаан давхцуулан хийсэн тоглолтын тань талаар яриагаа эхэлцгээе? Эрийн сайхан хийморийг магтан дуулсны учир юу вэ?
-Эрийн сайхан хийморь гэдэг нэртэй нэг жүжигчний боломжийг харуулсан, түүнээс гарах сэтгэлгээ, оюуны болоод авьяасын охийг уудалсан цэнгүүнээ хийлээ. Хоёрхон хоног сурталчилгаагаа явуулаад, Драмын Эрдмийн театрт тоглосон. Үүнээс 16 жилийн өмнө Драмын театрын 60 жилийн ойг хүндэтгэж Дорнын цагаан саран цэнгүүнээ энэ тайзнаа хийж байсан юм. Харин энэ удаагийн цэнгүүн 2006 оны Гэгээн муза гэж театрын наадмаас Б.Лхагвасүрэн гуайн Атга нөж жүжгийн Чингис хааны дүрээр шагнал авсан, миний байгуулсан Чойном найрагчийн нэрэмжит Од театрын 15 жил, энэ хугацаанд эрж хайж явсан бүтээл гээд олон зүйлийг хүндэтгэсэн хүндэтгэл байлаа.
-Олон учир шалтгаан давхцуулан хийсэн тоглолтын тань талаар яриагаа эхэлцгээе? Эрийн сайхан хийморийг магтан дуулсны учир юу вэ?
-Эрийн сайхан хийморь гэдэг нэртэй нэг жүжигчний боломжийг харуулсан, түүнээс гарах сэтгэлгээ, оюуны болоод авьяасын охийг уудалсан цэнгүүнээ хийлээ. Хоёрхон хоног сурталчилгаагаа явуулаад, Драмын Эрдмийн театрт тоглосон. Үүнээс 16 жилийн өмнө Драмын театрын 60 жилийн ойг хүндэтгэж Дорнын цагаан саран цэнгүүнээ энэ тайзнаа хийж байсан юм. Харин энэ удаагийн цэнгүүн 2006 оны Гэгээн муза гэж театрын наадмаас Б.Лхагвасүрэн гуайн Атга нөж жүжгийн Чингис хааны дүрээр шагнал авсан, миний байгуулсан Чойном найрагчийн нэрэмжит Од театрын 15 жил, энэ хугацаанд эрж хайж явсан бүтээл гээд олон зүйлийг хүндэтгэсэн хүндэтгэл байлаа. Мөн театрын тайзнаа, киноны дэлгэцнээ хийсэн бүтээлүүдийг минь хүндэтгэн үнэлж над руу дөхөж, намайг ойлгох гэж мэрийж байдаг үзэгчдээ хүндэтгэсэн тийм л цэнгүүн болсон. Гэгээн Муза хэмээх энэ шагналын хийморийг бодсоноос гадна би Эрийн сайхан хийморь гэж цомог хийж байгаа юм. Эрийн сайхан хийморийг би 15-16 жил дуулахад хүнээр бол сая энэ дуу эрийн цээнд хүрч байна. Эрийн сайхан хийморь гэдэг дууны амт, мэдрэмж, үг ая бүх юмны нийлэмж нь одоо л таарч зохирч байна. Тэгэхээр Эрийн сайхан хийморь, Зүүдний гуйлга, Байн байн санаа алдахад минь, Үлэмжийн чанар гээд гүн ухааны бясалгалыг өөртөө шингээж төвлөрүүлсэн, номын их абшигтай дуунуудыг энэ цомогт оруулна. Энэ цомгоороо өмнө нь гаргасан 6-7 цомог дээрээ гаргасан алдаануудыг давтахгүйг хичээж байна. Аялгуунд хэтэрхий дулдуйдвал үгний үнэ цэнэ, үгэнд их дулдуйдвал аялгууны үнэ цэнэ алдагддаг. Тэгэхээр яг жин банг тааруулж байж сая бүтээл болно.
-Манайхан шагналаа мялаана гэхээр ууж идэхийн нэр гэж ойлгодог. Харин та Гэгээн муза шагналаа Эрийн сайхан хийморь тоглолтоороо мялаажээ дээ?
-Тэгж ойлгож болно. Эзэн хааны дүрээр Гэгээн Музагаас авсан цомоо өөрийнхөө мэндэлсэн тоонот, ээжээс тасарч байгаль дэлхийтэй холбогдсон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Товгорын бууцнаа аваачсан. Энэ санааг би сэдээгүй. Уран бүтээл, гэр бүл, бүх зүйлээрээ ойр байдаг шог зураач Цогтбаяр найз маань гаргасан юм. Тиймээс Эрдэнэмандал хайрхны өвөрт Эрдэнэмандал гэж буддын гүн ухааны сүм босгох гэж байгаад зориулж Эрийн сайхан хийморь буяны тоглолтоо хийнгээ бууцан дээрээ очиж, ийм сайхан шагнал авснаа дуулгасан хэрэг. Товгорын бууцанд очиход дулаахан их сайхан байсан. Бууцан дээрээ хөрвөөгөөд, босож дээл хувцсаа өмсөж байтал салхилаад, үүл гарч хув цагаан/мөндрөөс бага/ хаялаад өнгөрсөн. Орой нь аймгийн Хөгжимт жүжгийн театрт тоглолтоо хийгээд гараад ирэхэд нэвсийтэл цас орж байсан. Тэгээд би их бэлгэшээж бодсон. Ер нь жилд нэг юмуу, очих тоолондоо Товгорын бууцан дээрээ хөрвөөн цэнэг эрч хүч авдаг юм.
-Тоглолтоо хоёрхон өдрийн өмнө зарладаг нь Сосорбарам өөрийн хүчиндээ итгэдэг, бардам байдгийн илрэл юм болов уу гэж бодогдлоо?
-Тийм, тэгж ойлгож, богинохон хугацаанд зарласан байж болох юм. Ер нь Сосорбарамын бүтээлийг үздэг тодорхой хэм хэмнэлтэй үзэгчид байна, тодорхой хүрээнийхэн байна. Үзэж байгаа хүн олон байхаас илүү аль хэр оюуны абшигтай, оюуны өндөр цартай хүмүүс байгаа нь чухал. Жүжигчин хүний, дуучин хүний хийж байгаа бүтээлүүдийг үзэж, өөртөө оюуны таашаал авахаас гадна тэр хүний хэлж ярьж байгаа зүйлээс зөв өнгө төрхийг өөртөө тээж, амьдралдаа эрч хүч авдаг тийм үзэгч их байгаасай гэж боддог. Драмын театрт хоёр удаа тоглоход үзэгчид пиг дүүрэн хэмжээнд байсангүй. Энэ бол тулж зарлагдсан, нөгөө талаар бидний менежмент маркетинг жаахан хугас байсантай холбоотой байх. Гэхдээ тэрэнд харамсаад байх зүйл байхгүй. Хоёр цаг гаруй болсон энэ цэнгүүн дуусахад үзэгчид тарах дургүй, театраас гарах дургүй байсан явдал надад илүү их зүйлийг хийх, тээх, шинээр сэдэж бүтээх ташуур болж өгсөн. Хоёр дахь удаагийн тоглолтон дээр үзэгчид тоглолт дуусчихаад байхад Халтар манан хөөрөг-өө дуулаач гэж хүссэн учраас ямар ч хөгжим чимэггүйгээр гурван бадаг дуулаад үзэгчдээ үдсэн дээ.
-Атга нөж-ийн Чингис хааны дүрийг та шатаж, магадгүй цагаан атаархал тээж төрүүлсэн юм шиг бодогддог?
-Би бол атаа жөтөө гээч юмыг ойшоож авдаггүй. Харин хүмүүсийн сайхан бодол, сайн бүтээл, сайхан бүхнээр дандаа бахархаж явдаг. Ямарваа нэгэн юм доголтой, дутуу байдаг тийм чанараас болж хүмүүсийн дунд үл ойлголцох байдал, атаа жөтөө бий болдог. Энэ бол зөвхөн Монголд байгаа юм биш шүү. Хүний өөрийнх нь суурь чанар байгаа юм. Энэ хорвоод хамгийн муу юм хүн гэж Лхагвасүрэн эгч хэлж билээ. Нээрээ бодсон чинь бие биендээ атаа санана, муулна, хов жив хөөцөлдөнө гээд өчнөөн бузар булайг зөвхөн хүн л хийдэг. Араатан чоно, арслан барс аймаар гээд байдаг ч тэдгээрийг буудаж алаад дэвсгэр хийж, булга суусрын арьсаар нь малгай хийгээд өмсчихсөн явж байдаг хүн гэдэг жинхэнэ араатан. Тийм хүмүүс эргээд хүнээ буудаж, алж, хутгалж байгаа юм. Тэгэхээр өөртөө байгаа хийморийн зөв абшигийг гэрэл гэгээтэй байлгаж чадахгүй л юм бол араатнаас долоон дор, хамгийн муу юм л болж үлдэнэ. Эрдэм оюуны, зөв бодлын, гэгээтэй сэтгэлийн ачааг өөртөө тээж явбал хүнээс илүү хүчтэй, хүнээс илүү аугаа юм хорвоод үгүй. Тэгэхээр хүн болгонд сайхан гэгээн зүйлүүд бий. Нөгөө талаар хүн бол өөрөөсөө бурууг хайдаггүй адгийн шаар байгаа юм. Дандаа өөр хүнээс бурууг хайна. Тэр замбараагүй, тэр юу ч мэддэггүй, тэр балиар бохир гээд л. Гэтэл тэр хүнд байгаа алдаа, муухай зүйл өөрт нь тэрнээс нь ч илүү байгааг мэддэггүй. Тэгэхээр хүн өөрийгөө сайн ойлгож, судалж таних хэрэгтэй. Хүний амьдралын тогоо руу хэтэрхий өнгийсөн хүний өөрийнх нь амьдралын тогоо ширгэдэг. Хүний хөнжлийн сэжүүр байн байн сөхөж үзээд байгаа хүний заар өөрийг нь ялзалдаг. Үүнийг л мэддэггүй. Хүнд өөрт нь их учир бий. Өөрийгөө л ойлго, өөрийгөө тоо, өөрийгөө хүндэтгэ, өөрийгөө чамла, өөрийгөө ялла, бас өөрийгөө ял.
-И.Нямгаваагийн Япончуудтай хамтарсан киноноос эхлээд Атга нөж-д тоглох хүртэл маш удаан хугацаанд Чингис хаанд өөрийгөө бэлтгэсэн байх?
-Ер нь сайн хүний болоод сайн жүжигчний шинж төрх юунд анзаарагддаг вэ гэвэл аливаа дүр, бүтээл дээр ажиллахдаа түүнээс зөв абшигийг нь өөртөө шингээж авдаг бол чадалтай, цартай, мэдрэмжтэй, мэдлэгтэй, эрдэмтэй уран бүтээлч болж хувирна гэсэн үг. Тиймээс би Рашид Ад Дины Судрын чуулган ч байдаг юмуу дэлхийн олон эрдэмтдийн бүтээл судруудыг олж уншсан. Тэнд зөв ч юм бичсэн байж болно, буруу ч юм бичсэн байж болно. Тэндээс аль зөв зүйтэй зүйлүүдийг нь өөртөө абшиг болгож авсан нь Чингис хааны дүрийг бүтээх явцад их олон тохиосон. Чингис хааны дүр бүтээх явцад XIII зуунаас эдүгээ хүртэлх түүхийн, магадгүй Хүннү гүрнээс авахуулаад XIII зуун хүртэлх түүхийн зузаан мэдлэг олж авсан.
-Япончуудын бүтээсэн Чингис хаан киног үзсэн үү. Ямар бодол төрөх юм бэ?
-Үзээгүй. Би тэр киног үзээгүй учраас элдэв долоон юм ярих шаардлага байхгүй. Энд нэг юм хэлэхэд намайг Японы эзэн хааны дүрийг бүтээ гэвэл би үгүй л гэнэ. Францын Напелеон Бонапарт, Америкийн Том Жефферсоны дүрийг танаар бүтээлгэнэ, танаас өөр жүжигчин байхгүй гэсэн ч би татгалзана. Тэгэхээр Монголын эзэн богд Чингис хааны дүрийг монгол цустай, Монголын жилийн дөрвөн улирлыг мэдэрч амьдарч чаддаг оюуны болоод биеийн тийм мундаг мэдрэмжтэй хүмүүс л ойртуулж, дөхүүлж чадна.
-Та өөрийгөө Чингис хааны дүрийг ойртуулж дөхүүлж чадах хүн гэж боддог уу?
-Бодолгүй яахав дээ. Тийм учраас би Атга нөж жүжгийн Чингис хааны дүрийг их ойртож дөхөж очсон гэж бодож байгаа. Өнөөдөр олон Чингис байдаг л даа. Дуу хоолой нь нарийхнаасаа биш Энхтайваны бүтээсэн Чингис хааны дүрийг сайн болсон гэж боддог. Дууг нь Равдан юмуу жүжигчин Дамдин гуай оруулсан бол магадгүй Энхтайваны Чингисийг давах Чингис өнөөдөр гарахгүй ч байх боломж байсан. Харин Өвөрмонголчууд 9 сая доллар гаргаад, монгол хүн тоглуулахгүй бол сайхан мэдээрэй гэж хятадуудтай сайн тулалдаж, ярьж хэлсний хүчинд Баасан гэдэг бүжигчнийг тоглуулсан юм билээ. Баасанд нэг л юм байсан. Ерөөсөө маш ухаалаг нүдтэй хүн. Зүгээр л байгаагаараа, өөрийнхөөрөө Чингис хааны дүрийг гаргасан. Нууц товчоог барьсхийгээд түүхийг нэг их гуйвуулалгүй бүтээгдсэн кино бол өвөрмонголын Чингис хаан кино. Энэ киног үзэж суугаад харахад нэг зэвүүн хүйтэн салхи мэдрэгддэг. Тэр нь юу гэвэл Чингис хаан дандаа хятадын эрдэмтэд, эсвэл ээж, эхнэр хоёрынхоо үгээр шийдвэр гаргаж байгаагаар хийсэн байна лээ.
-Нямгаваа найруулагчтай уулзахад Эр хүний замын хүзүү урт. Хэзээ нэгэн цагт Сосорбарам бид хоёр Чингис дээр уулзах байх аа гэж байсан?
-Тийм, тийм. Нямгаваа бид хоёрын хооронд ярьж байгаа юм бий. Одоо Шекспирийн Отелло, Макбет сонгодог жүжгүүд рүү хамт орох гэж байна. Нямгаваа найруулагчаар нэг элдүүлэх хэрэгтэй гэж би боддог юм./инээв/ Найруулагчаар элдүүлж, жүжигчин хүн өөрийнхөө алдааг олж авах шиг сайхан юм байхгүй. Үүгээр дашлуулаад Атга нөж жүжгийн Чингис хааны дүрийг бүтээх явцад надад их дэм болж, урам хайрлахын зэрэгцээ миний жүжгийн парик, сахал тэр бүгдийг Нямгаваа найруулагч өөрөө гардан Хятадад захиалан хийлгүүлж өгсөн. Тийм болохоор Нямгаваа найруулагчид талархаж байгаагаа танай сониноор дамжуулан зориуд хэлмээр байна. Намайг Равжаа хутагтад, Чингис хаанд өргөмжилсөн хүн бол Ичинхорлоогийн Нямгаваа юм.
-Чингис хаанд тоглохоо больсноос хойш нэг хэсэг дуугүй явлаа. Одоо бол бардам хэлэх үгтэй болсон байх?
-Энэ талаар телевиз, сониноор зөндөө тайлбар хийчихсэн учраас нэмээд задлаад яриад хэрэггүй байх гэж бодож байна. Яахав зүгээр уран бүтээлч хүний хувьд тэр дүрийг бүтээх шунал, хүсэл маш их байсан. Ялангуяа дэлгэцэнд. Одоо Атга нөж жүжиг тайзныхаа тавилтаар DҮD болж, дэлгэцийн бүтээл болж байгаа. Гантөмөр найруулагч энэ дээр ажиллаж байгаа. Удахгүй гарах байх. Мөн Ганболд гээд найруулагч хүү бий. Гитлер гээд байдаг юм даа, одоо чинь залуучууд өөрсдийгөө их сонин нэрлэдэг болсон байна. Тэр залуучууд нийлээд Жамухыг цаазалдаг хэсгээр Тэнгэрийн андгай гэдэг богино хэмжээний видео кино хийсэн. Цэрэндагва ах Жамухад тоглосон. Гэхдээ би өөрийгөө голсон. Ер нь сэтгэлд хүрсэн юм гэж байдаггүй юм даа. Би 60 нас хүрэх хол байна. Чингис хаан бол 60 нэлээд гарч байж өнгөрсөн гэдэг шүү дээ. Тиймээс 60 хүртлээ маш сайн зохиолтой дэлгэцийн бүтээл гарвал тоглохоос татгалзахгүй. Нөгөө талаар Атга нөж жүжиг бол хэд хэд тоглогдох болохоор үс гэзгээ ч засуулж чадахгүй явна. Сая Гэгээн Муза наадмын өмнө тоглосон тоглолт, сургуулилтууд дээр шинээр олон зүйлийг олж мэдэрсэн. Нөгөө Чингис хааны дотоод сэтгэл рүү өнгийх, дүр лүүгээ ойртох боломж одоо л нээгдэж байна шүү дээ. Арван хэд, хориод шахам тоглочихоод байхад дахин шинэ зүйл олж харна гэхээр эхний хэдэн тоглолтууд шүүрхийдүү л явж байна гэсэн үг.
-Чингис хаанд харь хүн тоглох болсныг сонссон тэр үед юу бодогдож байсан бэ? Энэ асуултыг жүжигчин гэдгээс чинь илүүтэй, үндэс угсаагаа гэсэн үзэлтэйн чинь хувьд асууж байна л даа?
-Мэдээж. Хэцүүгийн хувьд бол хэцүүгийн цаад талын хэцүү байсан хэрэг. Олон яриа хөөрөө гарч, зарим хүн басах байдалтай байсан нь бүгд нөлөөлсөн. Би өөрөө хүмүүст яриа сэнхрүүлэг хийдэг хүн л дээ. Сэтгэлийн хямралаас гарах арга замын тухай өөрөө мэддэг мөртлөө өөрийгөө гаргахгүй байна гэвэл инээдтэй асуудал. Би дотроо л битүү эгшиж байсан. Тэрнийг хэнтэй ч хуваалцах ёсон үгүй, хэн рүү ч турхирах, хэн нэгэнд буруу өгөх эрх надад байхгүй. Би дотогшоо л эгшиж, дотогшоо л мэгшиж суусан. Яагаад гэвэл бидний байж байгаа царай, цараа нь энэ л дээ. Гэхдээ Монголын ирээдүйд энэ царай, энэ цараа том гэгээн байх болноо гэдэгт итгэдэг. Би тэр Японы жүжигчнийг жижигхэн жүжигчин, чааваас гэж хэлэхгүй. Тэр Япондоо л том жүжигчин шүү дээ. Гэхдээ Япон ч бай, Англи ч бай, Америк ч бай гадны мянган авьяастай аугаа хэнбугай ч монгол Чингис хааны дүр, сүрийг гаргах гэж мөлхөнө. Чингис хаан битгий хэл, монгол хүний дүрийг бүтээх гэж л мөлхөнө дөө. Чадахгүй дээ, цус нь биш учраас. Өөрөө хэлж байна, чимээгүй байлаа гэж. Тэгэхээр чимээгүй байна гэдэг бол заримдаа чимээтэй байхаасаа илүү үр дүнтэй, ач холбогдолтой зүйл гэж боддог учраас заримдаа би чимээгүй болдог. Дандаа чимээтэй байна гэдэг бол нөгөө талдаа бас хор уршиг авчирч байдаг. Яагаад гэвэл нэг талдаа зарим хүний атаа жөтөө хөдлөх ч юмуу, нэг талдаа хэтэрхий уйдалт хүмүүст өгдөг учраас хэт чимээтэй байх явдал жаахан тийм гэж би боддог. Одоо нэг зүйлийг би том бөгөөд хийморьтойгоор хэлэхэд миний бие хаа энэ ертөнцөд байхгүй болсон хойно, нөгөө ертөнц рүү явсан хойно ч би бүр их чимээтэй байж болох юм. Чимээтэй байх тийм боломж миний хийсэн бүтээсэнд үлдэнэ. Ер нь Чингис хааны дүр ч бай, бусад бүтээлүүд, Сосорбарам гэдэг хувь хүний хувьд ч гэсэн чимээгүй хот руу явсан хойноо ч чимээтэй байх болно гэж нүүр бардам, ам бардам хэлнэ. Мэндлэх, үхэх хоёр орон зай дотор хүн амьдардаг. Тэгэхээр мэндлэхээс үхэх хүртэлх хоорондын орон зайд л амьд байх хэрэгтэй. Яагаад мэндлэхээс үхэх хүртлээ амьд хүн мөртлөө амьд байх хэрэгтэй юм бэ гэж гайхаж байна уу. Амьд мөртлөө үхсэн юм шиг хүн, үхсэн мөртлөө амьд юм шиг хүн их олон байна шүү дээ. Тийм биз. Би Жанцанноровтой хааяа утсаар ярихаараа, үхэх хүртлээ амьд байна шүү хө гэдэг юм. Тэгэхээр Жанцанноров инээгээд, нээрээ тийм, наадах чинь лут үг байна шүү гэдэг. Тэгээд бодохлоор мэндлэхээс үхэх хүртэлх энэ орон зайд амьдарсан шиг амьдар, хийсэн шиг хий, бүтээсэн шиг бүтээ. Битгий архинд, атаанд, залхууд идэгд. Тийм учраас бид нарын хийморь хаана агуулагддаг вэ гэвэл мэндлэхээс үхэх хүртэлх энэ хоорондын орон зайд л оршдог.
Таны хийморь мөнхөд бадарч байг.
Ярилцсан А.Тэлмэн
(Хийморь 12/094)