Дуучин Анхаа их сургуульд үнэгүй суралцуулна
Нэг хэсэг Киви-гийн Халиунаатай учир ургуулж, үрийн зулай үнэрлэх гэж байгаа, түүнээс эхнэр хүүхэд нь нүүр буруулсан гэж хэвлэлийнхэнд шалгуулах болсон дуучин залуу ойрын үед хүмүүнлэгийн элч дуучин- ыхаа үүргийг биелүүлээд тун ч завгүй гүйх болжээ. Тэрээр Ариун хайр үргэлж чи биднийх, Амьдрал буюу хайр дурлал нэртэй хоёр цомгоо гаргахын хажуугаар Дэлхий ертөнц хүмүүнлэгийн өлгий-2 хэмээх шат дараалсан аяныг зохион байгуулж байгаа аж.
Энэ аяны хүрээнд ерөнхий боловсролын сурагчдад лекц унших, 80.000-100.000 хүүхэд витаминжуулах, 80-120 эмзэг бүлгийн хүүхдийг МУИС, ТИС, МУБИС, АУИС зэрэг 18 их, дээд сургуульд төлбөргүй сургах, Эх үрсийн баяр-т зориулж 6 сарын 2-8-ныг дуустал рок попын нэгдсэн шоу тоглолт зохион байгуулах зэрэг нэлээд хэд хэдэн ажил төлөвлөгдөөд байгаа гэсэн. Дээрх шоуны билет мөн л хүүхдүүдэд зохиулагдсан хичээлийн хуваарьтай, плакат хэлбэртэй байх аж. Ганц цомог гаргаснаа дуучин гэж боддог нялхас-ын хажууд долоон жил дуулсан би одоо л жинхэнэ дуучин болж байна хэмээн ярих Анхаа энэ бүх сайн үйлсийн хажуугаар уран бүтээлээ орхихгүй нь мэдээж. Энэ мэтчилэн дуучин Анхаа өөрийгөө бусдад тоолгох сонирхолтой ажлуудыг ар араас нь хийхээр болжээ.
(Хийморь 12/094)