Бурхан Халдун группын Ерөнхийлөгч, МУ-ын Алдарт уяач Н.Мөнхдаш Саяхан Цандэлэгтэй 15.000 долларын бооцоотой их морь уралдуулаад, бооцоогоо авсан

-МУ-ын Манлай уяачийн болзлыг хангаад байгаа гэж сонссон юм байна. Адуутай нөхөрлөөд хэдэн жилийн дараа энэхүү алдар цолонд хүрч байгаа вэ?

-Монгол хүний цусанд адуу гэдэг юм байдаг болохоор морь сонирхдоггүй хүн гэж бараг байдаггүй. Байлаа ч бариандаа орж ирж байгаа морийг хараад самсаа нь өөрийн эрхгүй шархирдаг шүү дээ.Энэ моринд орох нэг шалтгаан болсон. Нөгөө нь морь уядаг найз нөхөд маань ихээхэн нөлөөлсөн л дөө. Багануурын Азийн чоно компанийн захирал Мөнхбат гэдэг найз маань 1998 оны улсын наадамд уралдуулах морио сунгахаар Налайхад ирээд байхад нь би очиж, Мөнгөнморьт сумын харьяат МУ-ын Алдарт уяач, начин Дэмбэрэл гэдэг хүнээс хязаалан үрээ худалдан авсан юм. Улсад аман хүзүүдэж байсан Танк хар азарганых нь төл л дөө.

Тэр жилээ үрээ маань улсын наадамд 11-ээр давхисан.

-Улсын наадамд 11-ээр давхина гэдэг чамлахааргүй амжилт. Хамгийн анх улсын наадамд айраг түрүү авсан нь хэзээ вэ?

-Халтар үрээ маань уг нь нэлээд хойгуур давхиж байсан ч, бариа дөхөх тусам идсээр байгаад 11-т орсон. Зай нь жаахан хол байсан бол айрагдах ч байсан юм билүү гэдэг бодол төрж, тэр цагаас адуу цуглуулж эхэлсэн дээ. Өвөл нь Макс-ийн Ганбаа, Ганбат, Цандэлэг бид нар нийлээд Жаргалант адуу авсан юм. Тэгэхдээ улсад айрагдсан хүрэн азаргаа авсан. 2000 оны тойруулгын нээлтэнд хүрэн азарга маань түрүүлж анхны УАЗ-469 машиныг нь авч байлаа. Хүрэн азаргаа бид Их хүрэн гэж нэрлэдэг болсон. Их хүрэн маань бидний буруу уяа сойлго нь таараагүйгээс ч юм уу улсын наадамд түрүүлж чадаагүй, гэхдээ морины томчууд тийм нөөцтэй адуу гэж дуу нэгтэй зөвшөөрдөг. Гэхдээ хүрэн азарга маань намайг олон баярлуулсаан. Өнөөдрийг хүртэл би улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, найман айраг хүртээд байна. Их хүрэн маань улс бүс, Даншгийн наадмуудаас нэг түрүү, хоёр айраг авсан. Мөн бор азарга маань улсын наадмаас нэг түрүү, нэг айраг хүртсэн. Оодон хээр маань Дүнжингараваас хоёр түрүү, нэг айраг авсан гээд яриад байвал олон жишээ дурдаж болно.

-Их хүрэн азаргаа сэтэрлэсэн ч, үр төл нь хурдалж эзнээ баясгаж байгаа?

-Гурван жилийн өмнө Бурхан халдун уулын тахилган дээр Их хүрэн азаргаа сэтэрлэсэн. Хүрэн азарганы маань үр төл хурдалж байгаа. Өнгөрсөн жилийн улсын наадмаар хүүхэдгүй ирсэн цагаан соёолон чинь хүрэнгийн маань төл. Айрагдсан дүрмийн дагуу нэгээр ухарч, зургаад орсон. Мөн найз нөхдөдөө бэлэглэсэн Их хүрэнгийн маань үр төл аймаг сумын наадамд түрүүллээ, айрагдлаа л гэж дуулддаг. Мэдээ орсон цагаас нь эхлээд хүмүүс түүнийг Мандаа хэмээн дууддаг байсан. Уяачид, морь сонирхогчид ч ялгаагүй ийнхүү авгайлдаг. Найз нөхдөдөө уруу татагдан хурдан моринд орсон цагаасаа эхлээд адууны бурхантай ижил нэртэйгээрээ тун их бахархах болсон гэдэг. МУ-ын Манлай уяачийн болзол хангаад байгаа Н.Мөнхдаштай ажлынх нь өрөөнд уулзлаа. Үүдээр нь оронгуутаа л хурдан морьдын зураг, сийлбэр гээд хоббиг нь илтгэсэн олон зүйлс угтсаныг энд хэлэх нь зүйтэй байх.

-Бизнесменүүд моринд хорхойсох болсон нь бооцоот уралдаануудын тоог нэлээд нэмээд байгаа. Таныг тэдний нэг нь гэж дүгнэдэг?

-Өө, оролцолгүй яахав. Өөрөө санаачлаад сүйд болохгүй ч гэсэн, буцахгүй шүү. Мандаагийн адуу хурдан байна ч гэдэг юм уу, Мандаа л уралдана гэж

боддог уу, хүмүүс надад санал тавьдаг. Би ч хүлээж авдаг. Ихэвчлэн санаа нийлсэн 2-3 хүн бооцоо тавиад уралддаг. Ямар ч байсан жилдээ нэгээс хоёр удаа бооцоотой уралдчихаад л байдаг юм. Энэ жил л гэхэд хоёр ч бооцоотой уралдчихлаа. Одоо бас улсууд уралдъя гээд л байна.

-Арваад жил адуу цуглууллаа. Ер нь аль зүгийн адуу зонхилдог вэ?

-Монголоос Хэнтий, Сүхбаатар, Жаргалант, Тэсийн голын адуунууд нэлээд бий. Дээр нь Барга, Араб адуу ч бий. Ер нь аль л хурдтай гэсэн газар болгоноос адуу авсан даа. Гайгүй сайхан давхиж байгаа, хурд нь танигдсан адуу голдуу авдаг. Энд тэндээс цуглуулсаар байгаад 150 гаруй адуутай болчихож. Ихэнх нь хурдны чиглэлийнх гэхээр өнгөрсөн хугацаанд адууныхаа цусыг сэлбэх талаар нэлээд ажил амжуулсан байгаа биз.Өөрийн гэсэн угшилтай болчих гээд л хичээж явна. Азарга нэлээд цуглуулсан. Одоо гүүнд их анхаарал хандуулж байгаа. Өнгөрсөн жилийн цасан шуурганаас болоод төл авч чадаагүй. Энэ жил л хүлээж харж байя.

-Тэгээд унаган адуу хурдалж байна уу?

-Түрүү хэлсэн цагаан соёолон байна. Өнгөрсөн жилийн Хэнтийн даншигт дөрвөөр,Эрдэнэтийн наадамд гурваар, Архангайд долоогоор давхисан Тэс угшилтай ногоон үрээ байна. Мөн хүрэн азарганы маань төлүүд байна. Тэгэхээр унаган хурд төрж байгаа биз. Уяач хүний хувьд өөрийнхөө унаган адуугаар уралдах шиг сайхан юм хаа байхав.

-Араб, Барга адуу авсан гэсэн. Цус сэлбэх зорилгоор уу?

-Тийм дээ, тийм. Түрүү жил би Араб хязаалан үрээ худалдаж авлаа. Энэ жил соёолон.

Гурван ч Барга азарга бий. Цэвэр цусны уралдаанд уралдуулангаа адууныхаа цусыг сэлбэх бодолтой байгаа.

-Ингэхэд хамгийн дээд тал нь хэдээр хурдан адуу авч байв?

-Бор азарга маань юм шив дээ. Өмнө нь таван саяар авахаар ярьчихсан байсан ч, шүдлэндээ улсад түрүүлчихээр нь 8 сая 500.000-аар нэг супер 69 авч өгөөд авсан даа. Бор азарга урмыг маань хугалаагүй. Энэ жил долоотой азарга байна. Улсад нэг түрүүлж, нэг айрагдсан. Цаашид ч олон баярлуулах байх. Үр төл нь ч гэсэн сайхан хурдалж байна.

-Тэгвэл морьдын түрүүлж, айрагдаад авсан хамгийн том шагнал нь юу вэ?

-Хүрэн азарга маань тойруулгын нээлтэнд түрүүлж УАЗ-469 машинаар шагнуулсан л байх даа.

-Хурдан морины уралдаан хэр ивээн тэтгэдэг вэ?

-Ивээн тэтгэнэ шүү. Нэлээд хэдэн уралдаануудыг ивээн тэтгэж байсан. Хоёр дахь жилдээ төрсөн нутаг Дархандаа Бурхантын хурд нэртэй уралдааныг зохион байгуулах гэж байна. Манай нутагт Бурхантын хөндий гэж сайхан хөндий байдаг. Энэ жил 5-р сарын аравдын дотор зохион байгуулах байх. Түрүү жил мотоциклийн байтай их насны морины уралдуулсан. Их сайхан зохион байгуулалт сайтай болсон. Ер нь яваандаа хойд чиглэлийн адуунуудыг хамруулсан бүсийн чанартай уралдаан болгон уламжлал болгох бодолтой байгаа. Таван сар гэдэг өвөлжин тэжээгдсэн адууг онгойлгох үе л дээ.

-100 гаруй хурдан угшлын адууг маллана гэдэг нэлээдгүй ажил болдог байх. Мөн зарлага ч их гарна биз?

– Уяач, туслах, адуучин, унаач хүүхэд гээд таван хүнийг цалинжуулдаг. Өлзийт хороололд жилдээ 30-40-өөд адуу тэжээдэг гээд бодохоор дор хаяж арваад сая төгрөгний зардал гарна шүү. Мэдээж гол зарлага нь өвс, овъёос, хивэг гэх мэт тэжээл байдаг.

-Бооцоо хэд орчим байхав. Хамгийн дээд тал нь ?

-Дээд тал нь 15.000 доллар тавьж байгаад уралдсан. Бооцоогоо авсан.

-Хэнтэй гэдэг нь сонин байна?

-Цандэлэгтэй. Энэ жил 15.000 долларын бооцоо тавьж, их морь уралдуулаад Оодон хээр маань түрүүлсэн. Мөн Эрдэнэтийн Чимэгбат гэдэг залуутай уралдаад бооцоогоо авсан.

-Ноднин таван саяын бооцоо тавиад мөн авч байсан байхаа ?

-Шөвгөр Өлзийтэй би чинь үндсэндээ гурван удаа уралдсан л даа. Таван мянган доллараар хоёр ч удаа тавьсан. Сая төгрөгөөр нэг уралдсан. Эрдэнэтийн Чука, Шөвгөр Өлзий бид гурав тав таван мянган доллар тавьж соёолон уралдуулаад миний соёолон түрүүлж байсан гээд яриад байвал олон жишээ бий. Ерөнхийдөө гайгүй, бооцоогоо авчихаад байдаг шүү. Гэхдээ ингэж хэлээд яахав.

-Мянган долларын бооцоотой дааганы уралдаанд оролцож байгаа юу?

-Олигтой хурдан даага байдаггүй. Энд тэндээс олигтойхон давхичих даага олдвол уралдъя гэсэн бодолтой байгаа. Өнгөрсөн жил Иточу-гийн Энхбат нарын хүмүүс зохион байгуулахад 7-8 даага

бүртгүүлсэн байсан. Би ч гэсэн бүртгүүлсэн. Энэ жил 40 гаруй даага бүртгүүлсэн байна лээ. Тэгэхээр хүрээгээ тэлж байгаа биз. Яваандаа уламжлал болчихвол уг нь их зүгээр л дээ.

-Бооцоот уралдааныг арай боловсронгуй болгох талаар та бүхэн ярилцдаг уу?

– Макс-ын Ганбаа ганц хоёр жилийн дараа их гоё морин тойруулга барихаар зэхэж байгаа. Түүнд л бооцоотой уралдаанууд зохиогддог болох байх. Зориулалтын морин тойруулга байхгүй болохоор ганц нэгээрээ ярилцаад уралддаг. Энэний өмнөх жил долоон их насны морь сая сая төгрөгний бооцоо тавиад уралдсан нь хамгийн олон морь уралдсан бооцоот уралдаан байсан байх. Миний морь түрүүлж байсан.

Цагаан шонхорын Ч.Энхтайван найзыгаа моринд уруу татаж, хурдан даага авч өгсөн

-Та бизнес эрхэлдэг учраас морь бол хобби чинь гэж ойлгож болох уу? Хоббиноосоо болоод үндсэн ажил цалгардах үе хэр олон гардаг вэ?

-Наадам дөхөхөөр ажилдаа үзэгдсэн болоод бусад үед адуун дээрээ л байна шүү дээ. Уяачдаасаа нэг их дутаад байхгүй, мориндоо оролцоно. Ялангуяа томоохон уралдааны үед бол өдөртөө 1-2, орой харанхуй шөнө болсон байсан ч хамаагүй ирнэ. Зуны улиралд болж өгвөл уяан дээрээ байхыг боддог. Хотын дуу чимээнээс залхаад болж л өгвөл адуу руугаа явчих гээд сэтгэл тогтохоо больчихдог юм. Гэхдээ морь гээд ажлаа орхигдуулж болохгүй л дээ. Улс, бүсийн наадмаас бусад үед ажилдаа анхаарал хандуулалгүй яахав.

-Ярилцлага эхлэхэд найздаа уруу татагдаж моринд орж ирсэн гэж байсан. Тэгвэл өөрөө хэн нэгнийг моринд уруу татсан уу?

-Татсаан. Ах нар маань бүгд морь уядаг. Нэг ах маань надаас өмнө морь уядаг байсан. Дотны найзуудаас маань нэлээд хэд нь моринд орсон. Морьд нь сайн давхиж байна. Жишээлбэл та бүхний сайн мэдэх Цагаан шонхор-ын Энхтайван байна. Зориуд моринд дуртай болгох гэж Хэнтийд явж байгаад нэг даага авч өгсөн. Тэр нь их хурдан угшилтай, энэ жил хязаалан үрээ болж байгаа. Эрдэнчулуун Тод манлайгаар уяулж байгаа гэсэн. Эрдэнэчулуун Тод манлайн шаргуудтай нэг цустай адуу л даа.

-Морьтой амьдралаа холбосноос хойш таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан уу?

-Гарсаан. Жишээлбэл би ан агнахаа больсон. 1993,1994 оноос эхлээд ан хийж, жилдээ ганц хоёр чоно алаад хийморио сэргээчихдэг байсан бол сүүлийн үед морь хурдалж байхад заавал амьтан алж хийморио сэргээгээд яахав гэж бодогддог болсон. Ер нь морь уяад ирэхээр их сүсэгтэй болдог юм ш дээ. Морь хурдан байгаа жил цаанаасаа л ажил үйлс бүтэмжтэй нэг л өөр байдаг. Товчхондоо хүссэн хүсээгүй өвгөдийнхөө ёс заншилд суралцах хэрэгтэй болдог. Морь унаж байгаа хүн дээлээ өмсөх болно. Дээлээ өмсөхөөр бүс, малгайнаас эхлээд үндэсний хувцсаа өмсөх хэрэгтэй болно. Тэгээд цаашилбал сайхан эдлэл хэрэглэлээр гангарна. 1999 билүү 2000 онд би нэг эмээл, хазаар, ташууртай нь иж бүрнээр нь авсан. Хааяа наадмаар нэг тохдог юм. Энэ мэтчилэн биднийг зан заншилд сургадаг. Дээр нь хамгийн чухал нь монгол эрчүүдийн сайхан нөхөрлөл байна. Эр хүн сайхан нөхөрлөх шиг сайхан юм бас л ховор шүү.

Илэн далангүй яриа, сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны болон Монгол түмний хийморь ямагт өөдөө байг.

(Хийморь 12/094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button