Хурдан морины төгс шинж оршвой судраас

Үүнээс довтлох аваас морины тамир бараад гүйдэл саарна, анх шавартай хөлс ав. Үүний сүүлд нэмнэж хоосон хөлс авна. Хөлс авсан өдрөө үсэргэж болохгүй. Харин үүний дараа тосон хөлс авна. Гурав өнжөөд хөл сунгаж үсэргэ. Үүнээс хүчний хүнд хөнгөний хэргийг үзэж уя. Сайтар хичээ, аргаар зас. Нүд нь жартайх үс нь хярвайх бөгөөд харших магадгүй хичнээн ажиглан мэд. Соёолон морийг шөнө дунд тавьж идүүл. Үүр цайсан хойно нь уя.

Хязаалан морийг арван таван хоног уя. Нэг өнжөөд хоёр үсэргэ, олон бүү гуяд. Хашгирч үл болно, ойр үсэргэ. Амьсгал нэмж гүйдэл олох хэрэгтэй буй за. Хоёр өнжөөд нэмнэж хөлс ав. Хатирч хөлс ав, илүү бүү довтол, нэг өнжөөд үсэргэ. Үүнээс хойно хоёр өнжөөд хоосон хөлс ав. Хөлсөлсөн өдрөө бүү үсэргэ. Дараа нь сунгаж үсэргэ, аргаар зас. Шүдний өнгө атираад няцарч хагарвал сайнгүйх. Наадмын шөнө тавьж идүүлж, үүр цайхаас хойно барьж уя.

Шүдлэн, даага хоёр насны морийг ес хоног уя. Өдөр бүр үсэргэ, амьсгал олж сурах хэрэгтэй. Аргаар хөлс ав. Нэг, хоёр хөлс ав, аргаар зас. Шүдний өнгөн дээр хээнгэ гарвал сайн шүд нь эмт эмт унавал сайнгүйн шинж. Наадмын их, багын хэрээр үзэж идүүлж уралдах буй за.

Харгай нөлөг, яртай хөлөг, ууц хөлөг, бор туруу. Хувь таяг, хатан хараа, уян хажи, тэмээн тэлмэн, үнэгэн зоо, зүр нөлөг, хээгүй сайхан морь эдгээр арван гурван морины тус бүрийн шинжийг энд өгүүлсэн байна.

Харгайн хүлгийн шинж нь Хөхөл, дэл тачир, үс халцгай, дөрвөн хөл нь шударга, сүүлний уг бүдүүн, нүд бүлтгэр, чихээ хайчилж явах хоншоор шударга сайн буй.

Гэгчийн шинж нь Дэл хоёр тийш, магнай бүлтгэр, хөхөл өчүүхэн, дэл шингэн, ам нь зөөлөн хөдлөхөд урт хожид явна. Утвал өнгөө морин дээр толгойгоо тавьж хэсэг хэсэг гүйн гүйх, хэзээд хазаар дарах, хоншоор хотгор.

Яргай хүлгийн шинж нь Махгүй жижиг толгойтой, харийн сэртэн чихтэй, хүзүү нь урт. Хажуу хавирга матаастай, сүүл тэгш буй.

Ууц гэгч морь Нүд улаан, чих дэлдгэр, борив нь ботгоны борви мэт, унавал сайвар сайхан зантай буй. Бор туругийн шинж шүд нь иртэй цагаан бөгөөд тэрмэтэй, хөндлөн хугархай хотгох чих нь бяцхан үнэгэн чихтэй буй.

Хувь таяг гэгч Морины шинж нь зэгзэрхэн биетэй хонхор ташаатай, дээд бие нь агуу доод бие хомс омрууны үс сэвсгэр хүзүү нь гүдгэр шөрмөс бүдүүн.

Хатан хараа шинж Ам, хамар их дэл сүүл шингэн бүхий биедээ эргүүлэгтэй нарийн сэвсгэр чихтэй, үүрсэн дуу нь харжигнах нүд нь хонины нүд адил буй.

Уран хажи морины шинж Чихний үзүүр шовх нарийн урт толгойтой дөрвөн туурай хөмрүү, сүүл шингэн санаа нь өчүүхэн.

Уран ширээ гэгч морины шинж шүд ахар бөгөөд өнгө нь зохистой даагандаа сулхан, шүдлэн насандаа гишгэгдэлтэй буй.

Тэмээн тэлмэн гэгч морины шинж Хойноос нь харвал хоёр хүн барилдсан мэт. Өмнөөс нь харахад муу хүн гуйвсан мэт. Уралдах цагт энэ эрхэм сайн муу.

Үнэгэн зоо гэгч морины шинж толгой бага, шувуу хошуутай, хүзүү нь урт үүрсэх дуу нь их, бие нь нарийн, хавирга нь матаастай үнэгэн чихтэй, нүд бүлтгэр, олон морьтой хамт үл явах, ганцаараа явах, улам хол гүйх. Хазгай амтай, дөрвөн хөл нь олдошгүй бэх, үргэлж явахад шогшиж явах, бяцхан гишгэлттэй, хүзүү дээгүүр нахиас, сагс өчүүхэн, үргэлж явахад толгойгоороо тоглож, бөхийн явахад бүгд төгссөн алтан хаалга хэмээн шүд буй. Шүдний үзүүр зэрэг дөрвөлжин нарийн судалтай, дунд хоёр шүд богино буй.

Зүр хүлгийн шинж нь унаган цагт барьсан хойно гурван хоног болтол үл хэвтэнэ. Бяцхан толгойтой, шувуун хошуутай, хөл дэл сүүл шинж энэ морь сайн хүлэг.

Хээгүй сайн морь гэгч хавтгай өргөн болоод хоёр хацрын мах ялгавартай, гэдэс их, хавирга матаастай. Адаг сүвээний хавирга урт ийм морийг бол анхаарч үзэх хэрэгтэй.

(Хийморь 12/094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button