Буур Н.Жамъян аварга завсаргүй 3 жил түрүүлээгүй

Энэ олзоо бөх шимтэн сонирхогч, уншигч тантай бас хуваалцъя гэж бодсон юм. Б.Ерэнтэй, Ш.Адьшаа нарын Улсын баяр наадам хэмээх бэсрэгхэн номонд 1928 оны улсын баяр наадмын бөхийн барилдааны гурав, дөрөв, тавын давааны дүйзийг гаргажээ. Үүнээс хамгийн сонирхолтой тавын давааны дүйзийг сонирхуулъя. 1928 оны наадам 7-р сарын 30-нд эхэлж, 8-р сарын 5-нд дуусчээ.

Эдгээрээс мөн номонд бичсэнээр 9-ийг давж түрүүлсэн Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань-Өзийтийн хошууны бөх буур хэмээх Жамъян, 8-ыг давсан бөх Аюур, 7-г давсан бөх Шагж, Банзрагч/Банзар/ нар болмой гэсэн байх тул үлдэх 12 бөхөөс хэн нь зургаа, хэн нь тав давсныг цаашид тодруулах шаардлагатай болж байна.

Түүнчлэн бидний урьд өмнө сонсоогүй Дампил заан, Аръяала начин, Булганы Дэндэв заан, Мөнххааны Наваанпунцаг зэрэг бөхчүүдийн нэрс гарч байх тул магадлан тодруулууштай.

Хэвлэл номд бичсэн эх сурвалжаас үзвэл Ш.Дамбуу заан Н.Дэндэвийг зургаагийн даваанд хаясан гэдэг бол Д.Содов, Наваанпунцаг нар Н.Дэндэвийн адил начин цол шинээр хүртсэн, С.Осор, Ш.Бяруузана нар хойшид начин цолтой барилдсан байх тул тэднийг тав давсанд тооцох үндэслэлтэй. Иймд Ц.Банди, Ж.Хорлоо, Д.Гомбо, С.Жамъян, Г.Дэндэв, Дампил нараас гурав нь Ш.Дамбуугийн хамт дунд шөвөгт үлдсэн байж таарна. Тиймээс 1928 оны наадамд О.Аюур түрүүлж, С.Шагж үзүүрлэн, Д.Гарамбазар, Д.Гомбодагва нар их шөвөгт, Н.Жамъян, Г.Дэндэв, М.Яринпил нар дунд шөвөгт үлдсэн гэдэг нь ташаарал болж байна. Гэвч судлаач Ц.Бат-Очир гуайн бичсэн 1927 оны наадмын их шөвгийн бөхчүүд дээрх баримттай таарч байгаа тул хоёр оны наадмыг хольж хутган эндүүрчээ гэж үзэж болохоор байна. Эндээс Н.Жамъян аварга 1926, 1928 онд завсартайгаар түрүүлж/1927 онд барилдаагүй бололтой/ харин О.Аюур арслан 1927 онд түрүүлж, 1928 онд үзүүрлэсэн бол С.Шагж 1927, 1929 онд үзүүрлэж, 1928 онд их шөвөгт үлдсэн/энэ бөх 1930 онд арслан цолтой барилдаж түрүүлсэн болохоор арслан уу, аварга уу гэдэг эргэлзээтэй/ болох нь харагдаж байна. Хамгийн урт насыг зооглосон бөх Д.Гомбодагва гуай ч амьд сэрүүндээ 1927 онд давж улсын заан болоод Аюурт унасан ба дараагийн даваанд нь Аюур Гарамбазар нарын барилдаан будилаантай болж, Аюур даваад Шагжтай үзүүр түрүү булаацалдсан тухай ярьж байсан нь үнэний хувьтай болж байна.

Уг номонд бичсэнээр 1928 онд шөвгөрсөн гэгддэг бөхчүүдээс долоо нь таарч байгаа бөгөөд Хотын хэмээх Яринпил нь Уурын тэрэгний хэмээн гарч барилдаад гурвын даваанд унасан, Д.Доржготовын нэр 2 давсан бөхчүүдийн дотор байхгүй тул энэ онд тэд улсын заан болсон гэдэг нь бас л ташаарал юм.

Манай бөх сонирхогч, судлаач, бичигчид шинэ юмыг соргогоор хүлээн авахдаа тааруу юм шиг санагддагаа нуугаад яахав. Тухайлбал цагаан сарын барилдаанд Х.Баянмөнх 8 удаа, Ж.Мөнхбат 6 удаа түрүүлсэн тухай баримтаар өгүүлсээр атал

адил 7 түрүүлсэн хэмээн хуучнаа хуулбарласаар суух юм. Алдарт Лу гүний Г.Вандан аварга 1922, 1923 оны цэргийн наадамд дараалан түрүүлсэн тухай бичсээр байхад Д.Далантай арсланг 1923 онд түрүүлсэн хэмээн эндүүрсээр л байх юм. Энэ мэт жишээ олныг дурдаж болох юм. Бөхийн сэдэвт ном борооны дараах мөөг олширсоор байгаа ч хуулбарлаагүй, шинэ соргог мэдээллийг бөх сонирхогч, уншигчдад өгөхүйц ном ховорхон гарч байна. Харин миний иш татсан энэхүү бэсрэг ном эрхгүй анхаарал татаж байгааг дахин

дурдаж, зохиогчдод талархал илэрхийлье. Энэ мэт ном олноор гарч, бөх судлал, бөхийн түүх үнэн бодит баримтаар баяжигдаж байх болтугай.

Б.Цогтбаатар

(Хийморь 12/094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button