АН-ын дарга Ц.Элбэгдорж Зөв юм хийж байж, алийн болгон бусдаас ичиж суух юм бэ?
Хонины хөгшин хашнаас эхлээд, алийгаа ч мэдэхгүй нусан журнууд хөгөө дэлгэх сунгууль хошин шогийнхны шоунаас ч илүү элэг татаам болно гэдэгтэй одооноос мөрийцөхөд ч бэлэн байна. Уралдах газар хол, хугацаа урт тул тэдэнд замын хүнс базаах жаал жуул мөнгө хэрэгтэй. Үүнийг улс төрийн хэлээр сонгуульд зориулан хандив цуглуулах гэж нэрийддэг. АН-ынхан жаал жуул юмаа цуглуулах шинэ арга сэдсэн тухайгаа бизнесменүүдтэй хуваалцахаар энэ сарын 23-нд Чингис-т урилаа.
Хандив , төлбөр шаардахгүй хэмээн жич дурдсан урилгатай хүлээн авалтанд тус намын УИХ-ын болон ҮЗХ-ны гишүүд, бизнесменүүд сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байсан. Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Баабар, Ц.Элбэгдорж нарын нөхдүүд Х.Баатарын араас орчихолгүй сонгуульд хэрхэн өнгөтэй мөнгөтэй оролцож болох талаар үзэл бодлоо хуваалцана билээ. Ц.Элбэгдоржийн хэлснээр бол энэ удаа бизнесменүүдээс бус ард түмнээс хандив авах гэнэ. Зуу зуудахгүй, 1000 мянгадахгүй олны хүч оломгүй далай хэмээн тэрээр яриагаа эхэлсэн бөгөөд сонгуулийн шинэ хуулиар нэг нэр дэвшигчийн тойрогт гурван аймаг багтана. Нэг аймаг 16 мянган сонгогчтой гэж үзвэл нийт 48000 сонгогчийн саналыг авах ёстой болно. Үүнээс тавин хувиас нь буюу 24.000 сонгогчоос 100 төгрөгийн хандив авахад л 2.4 сая төгрөг, 1000 төгрөг авахад 24 сая төгрөг болох гэнэ. Ард түмнээсээ хандив цуглуулах энэ аргыг дэлхийн олон улс хэрэгжүүлдэг бөгөөд уруудаж муудсан нь үгүй гэнэ. Намын даргын нарийн тооцоотой энэ санал олон давуу талтай. Хамгийн чухал нь мөнгөө өгсөн сонгогчид улс төрийн идэвхтэй болж, сонгууль шударга явагддаг. Энэ бол улс орны цаашдын хувь заяанд ихээхэн нөлөөтэй . Харин улс төрчдийн хувьд ашигтай тал нь гэвэл ямар нэг том компанийн захирлаас мөнгө гуйж түүнийхээ хариуд дөрвөн жил дарамтлуулах шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл улс төрчид хэн нэгнээс хараат бус байж, хуулиа дээдлэн, төр ариун байна. Энэхүү шилмэл аргын өөр нэг давуу тал нь улс төрийн намуудын санхүү ил болсноор ард түмний тэдэнд итгэх итгэл нэмэгдэн улс төр аажмаар эрүүлжигдэх гэнэ. Энэ мэт олон талын ашиг тустай шинэ санаагаа одооноос туршиж зарим гишүүдийнхээ нэр дээр банкинд данс нээхээр зэхэж байгаагаа ч нуусангүй. Түүгээр ч зогсохгүй энэхүү санааг нь нэр дэвшигчдийн санхүүжилтийн хууль болгож өөрчилбөл төрд итгэх хүмүүсийн итгэл асар их нэмэгдэх болно хэмээн тэмдэглэсэн. Эцэст нь тэрээр бүгдээрээ улс төрөө эрүүл зөв болгоё. Зөв явж байгаа мөртлөө алийн болгон бусдаас ичиж суух юм бэ хэмээн уриалаад авсан.
(Хийморь 12/094)