МАХН-ын бүлэг Ардчилсан намын зөвлөлийг зөвшөөрөв
Өчигдөр байнгын хороодын хуралдааны дараа хоёр намаас томилогдсон тав таван гишүүнтэй албан бус ажлын хэсэг тодорхой асуудлуудаар уулзаж зөвлөлджээ. Энә ажлын хэсэгт МАХН-ын бүлгийг төлөөлж Д.Идэвхтэн, Засгийн газрыг төлөөлж Су.Батболд сайд, намын аппаратаас хэлтсийн дарга Амарсайхан, харин Ардчилсан намын зөвлөлөөс Г.Батхүү, Н.Батбаяр, С.Ламбаа, С.Баярцогт гэх мэт хүмүүс орж байгаа гэнэ. МАХН-ын бүлгийнхэн Ардчилсан намын зөвлөлийн гишүүдийн саналыг авахаар 15 төрлийн асуудал төлөвлөж сөрөг хүчнийхэндээ барьжээ. Ардчилсан намын зөвлөлтэй зөвшилцөх гээд байгаа тэр 15 зүйл дотор нь НӨАТ-ын болон Тендерийн хуульд оруулах өөрчлөлт гэх мэт энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх тодорхой асуудлуудаас гадна цаашид Засгийн газрыг ажиллуулах уу үгүй юу, үүнийхээ төлөө МАХН ямар хариуцлага хүлээх вэ гэх мэт хоёр намын хооронд хийх улс төрийн тохиролцоонууд бас бий гэдгийг аль аль тал нь нуухгүй байна. Харин энэ албан бус ажлын хэсэг ямар асуудлаар яаж зөвшилцөх гээд байгаа тухай бүлэг, зөвлөлийн бусад гишүүд одоогоор ямар нэг мэдээлэлгүй байгаа бололтой.
(Ардын эрх 97/629)
Ц.ЗАЯА