Олимпийн наадмыг зохион байгуулах асуудлаар дэмжихийг хүсэв
Монгол, БНСУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн болоод бүхий л салбарт амжилттай хөгжин, ард түмэн бие биеэ сайн мэдэх болж ойртож, дотноссон гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Түүнчлэн Парламент хоорондын хамтын ажиллагаа туршлага солилцох, гишүүд харилцан айлчлал хийх, дэмжлэг үзүүлэх хэлбэрээр өргөжиж байна гэлээ.
Хоёр орны найрамдалт харилцаа хөгжиж байгаад баяртай байдгаа төлөөлөгчдийн тэргүүн хэлээд Пён Чан хотод өвлийн олимп явуулах асуудлыг Монгол Улс дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа онцолсон.
Тус улс нь 4 жилийн өмнө өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөн өвдөг шороодсон боловч энэ удаад дахин өрсөлдөхөөр Олон улсын олимпийн хороонд хүсэлт гарган, парламентад нь уг асуудлаар тусгай хороо байгуулагдан ажиллаж байгаа юм байна.
Хэрэв уг эрхийг авч ялалт байгуулбал спортын наадмаар дамжуулан Ази, Зүүн Хойд Азид энх тайвныг бэхжүүлэх, Азид өвлийн спортыг хөгжүүлэх зэрэгт энэ нь томоохон хувь нэмэр болох тухай төлөөлөгчид ярьж байлаа.
Олимпийн эрхийн төлөө бусад ойр дотно харилцаатай улс орнууд өрсөлдөж байгаа учир дэмжлэг үзүүлэх асуудлаар монголын тал шийдвэр гаргахад төвөгтэй байх бөгөөд холбогдох хүмүүстэй санал солилцон уг асуудлыг нарийн судалж үзэхээ УИХ-ын дарга хэлээд солонгосын талд амжилт хүсэв.
/Оллоо.МН/