Ч.Баатар Ашигт малтмалын татвар, хураамжийн системийг хоёр шатлалд шилжүүлж болно

Ашигт малтмал, эрдэс баялгийг ашиглах тухай сэдэв амин чухал асуудлын нэг болоод бапна. Гадаад орнуудаас манай улсад айлчилж буй өндөр хэмжээний зочид, төлөөлөгчид ч Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарыг сонирхох зорилгоор ирдэг болжээ. Энэ чиглэлд төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж бапгаа нь нууц биш. Монгол Улсаас НҮБ-д суугаа байнаын төлөөлөгч Ч.Баатартай Монголын эрдэс баялгийг ашиглахад төрөөс ямар бодлого баримталбал зүйтэй талаар интернэтээр ярилцлаа.

-Монголын уул уурхайн салбарыг гадаадын хөрөнгө оруу-лагчид ихээхэн сонирхдог ч дотооддоо энэ талаар нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байна. Нэг хэсэг нь үүнийг Монголын хөгжлийн гарц гэж үзэж байхад нөгөө нь хамаг баялгаа гадаадынханд алдаад өөрсдөө гуйлгачин болохын тэмдэг гэж адалдаг. Та гадаад ертөнцөд ойр байгаагийн хувьд энэ талаар санал бодлоо хуваалцана уу?

-Эрдэс түүхий эдийн ашиглалтын чиглэлд аварга загас болсон том компани манай тодорхой орд уурхайд хөрөнгө оруулах ихээхэн сонирхолтой, эсвэл оруулаад эхэлсэн бол уг орд дэлхийд тэргүүн зэрэглэлд баттай орсныг харуулах бодит үзүүлэлт юм. Тиим аварга компани Монголд орж ирэх нь нэн чухал. Бодлогын хувьд тийм компанийг гартаа лавхан оруулж авах нь манайд тун хэрэгтэй. Оюу толгойд орж ирж байгаа Рио-Тинто п гэхэд төмрийн орд, зэс, хөнгөн цагаан, титан зэрэг эрдэс металл төдийгүй дэлхийн байгалийн алмаазын бараг 30 хуаийг олборлодог толгой компаниудын нэг. Тэдний хувьцааны үнэ 2002 онд 50 гаруй ам.доллар байсан бол 2006 онд 200 гаруй ам.доллар болтлоо өссөн. Ердөө дөрвөн жил гаруйхны хугацаанд бараг 400 хувь өссөн нь ямар их ашиг орлого олдгийн тод үзүүлэлт. Ийм асуудлыг шийдэхдээ барууныхны ярьдаг зарчмаар бол win/win буюу хоёулаа хожигч байх тохиролцоонд хүрэх нь чухал. Аль ч тал сэтгэл хангалуун байх харьцангуй шударга тохиролцоо хийх ёстой юм. Ийм компаниудын хувьд цаг хугацааны хүчин зүйл хөрөнгөөөс илүү амин чухал байдаг тул яриа хэлэлцээг хэт удаашруулж болохгүйг анхаарах учиртай.

-Гадаадын зарим хөрөнгө оруулагч гомдол гаргах нь бий. Таны бодлоор тэдний сэтгэлд чухам юу нийцдэггүй юм бол?

-Монголын эрх зүйн орчин тогтворгүй, шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл өмнөхөөсөө дордсон, стратегийн эрдэс түүхий эд гэсэн шинэ зүйл гаргаж ирсэн, ашигт малтмалд оруулсан хөрөнгөөс олох орлогын 60 гаруй хувьтай тэнцэх хэсгийг элдэв янзын татвар, хураамжаар авдаг боловч дээр нь гэнэтийн ашгийн татвар 68 хувиар авах шинэ хууль гаргасан нь хамтарч ажиллахад хүндрэлтэй, ашиггүй болсон гэдгийг гаднынхан онцолж байх шиг байдаг.

Сүүлийн үед болсон хөрөнгө оруулагчдын уулзалт, бусад баримт материалаас харахад гадаадын хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын шинэчилсэн хуулийг ерөнхийд нь хүлээн авахад бэлэн харагддаг. Харин Гэнэтийн ашгийн татварын тухай хууль болон стратегийн ордын талаарх шийдвэрийг цуцлуулах сонирхол байгаа нь анзаарагддаг юм. Оюу толгойн ордод байгуулах тогтвортой байдлын гэрээнд анхаарч, хойшид байгуулах бусад гэрээний эх загвар болно гэж хүлээдэг байдал ч харагдаж байгаа. Тиймээс энэ гэрээг тун сайн тунгаан бодож, олон талаас нь шүүн харж, хэзээ, ямар эрх зүйн үндсэн дээр байгуулахаа шийдэх шаардлага гарч байна гэсэн үг.

-Оюу толгойн тогтвортой байдлын гэрээ нь манайд ашиг багатай, гадна талд асар их ашигтай гэж иргэний хөдөлгөөнийхөн ярьдаг. Энэ үнэхээр тийм үү?

-Оюу толгойн хөрөнгийн 34 хувийг Монголын тал авах гэж байгаа мэт ойлгогдож буй ч энэ нь орлого, ашиг хуваарилахад ямар хамааралтай болох нь харагдахгүй байна. Нийт орлого, ашгийн 55 хувийг манайх авахаар тохиролцож байгаа нь үнэн бол дээрх 34 хувь нь орлогын хуваарилалтад огт хамаарахгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм. Хэрэв орлого, ашгийн хуваарилтад хамаарахгүй, хөрөнгө оруулалт, зардалд манай талын оролцоо байхгүй бол энэ 34 хувь нь зөвхөн бэлгэдлийн төдий шинжтэй, цаанаа бодит агуулга, ач холбогдолгүй тоо мэт ойлгогдохоор байна. Нөгөө талаар хөрөнгө оруулагчид албан татвар, хураамж, төлбөр зэрэгт нийт орлогынхоо 60 гаруй хувийг өгчихдөг. Дээр нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарч ирсэнд асар их гомдол мэдүүлэх болсон.

Оюу толгойн ордын нөөцийг 32 сая.тонн цэвэр зэс, 1000 тонн алттай гэж одоогоор тогтоожээ. Түүнээс 30-40 жилийн хугацаанд олох орлого, ашгийг нийт дүнгээр нь 28-29 тэрбум ам.доллар гээд, түүний 15.5 тэрбумыг манайх, 12.9 тэрбумыг нөгөө талууд авна гэж тохиролцсон бололтой байдаг. Үүнийг зэс, алтны дэлхийн зах зээлийн одоогийн болон хэтийн үнийн төлөвтэй харьцуулж үзвэл хэтэрхий үнэгүйдүүлсэн тохиролцоо мэт сэтгэгдэл төрж байна. Алт олборлохтой холбогдсон зардлыг дэлхийн дунджаар бодож алтны үнийг энгийн /унц нь 1000 ам. доллар/ болон өөдрөг /унц нь 3000 ам.доллар/ гэсэн хоёр хувилбараар авч үзвэл зөвхөн 1000 тонн алтны үнэ л гэхэд 24 тэрбумаас 88 тэрбум ам долларын хооронд байх төлөвтэй. Зэсийн хувьд тонн зэсийн үнэ ихээхэн багаар буюу тонныг нь 2000 ам доллараар бодоход 64 тэрбум ам доллар, сүүлийн дөрвөн жилийн дундаж үнээр бодвол 160 тэрбум ам долларт эргэлдэх шинжтэй байгаа.

Эдгээрийг баримжаа болговол манай тохиролцоо нь алтны энгийн үнээс олох орлогыг нөгөө талтай хуваагаад зэсээс олох асар их орлогоо гадаадынханд тэр чигээр нь зүгээр бэлэглээд өгчихөж байгаа мэт болж байна. Уурхайг ашиглах, үйлдвэр барих зардлыг нэлээд хэдэн тэрбум ам.доллар болно гэж бодсон ч цаана нь асар их хөрөнгө нөгөө талд алдсан хэт ашиггүй тохиролцоо болох мэт сэтгэгдэл төрж байгаа юм.

Өөр нэг нэн сонирхолтой тохиролцоо нь Айвенхоу Майнз болон Рио Тинто-гийн баг алтаа Монголбанкинд зарах, түүнийх нь төлөө гэнэтийн ашгийн татвараас тэднийг бүрэн чөлөөлөхөөр тохирч буй бололтой. Хэрвээ ингэж шийдвэл уг тохиролцоо нь хэд хэдэн нэн таагүй нөхцөлийг үүсгэх талтай. Тухайлбал нэгэнт баталж мөрдөөд, Цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг нь тогтоочихсон Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг үл хэрэгсэн тохиролцсоноороо энэ гэрээ өөрөө хууль ноцтой зөрчсөн, энэ утгаараа шууд хууль бус шинжтэй болж байна гэж үзэж болно. Өөр нэг зүйл гэвэл Монголбанк бол нэг төрлийн бизнесийн байгууллага, алг мән нэг төрлийн онцлог бүтээгдэхүүн юм. Бизнесийн байгууллага өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг хямд авч үнэ хүргэн зарж ашиг олдог хуулиар л ажиллах ёстой. Гэтэл алтыг заавал Монголбанк худалдаж авна гэсэн үүргийг манайх гэрээгээр хүлээсэн болохоор алтны үнэ хадаж, унц нь магадгүй 5000-6000 эм дрлларт хүрч, хийрхэл дээд цэгтээ гаарчихсан үед их хэмжээний алтыг Монголбанкинд өгөхөөр тулгавал яах вэ гэдэг асуудал гарч байна. Хэрэв банк хамаг мөнгөө шавхаж тиим их алт аваад байтал хэд хоногийн дараа алтны үнэ хэтэрхий доош унавал банкинд дампуурлын аюул нүүрлэж Монгол Улсад ихээхэн хохирол учрах бодит аюултай юм.

-Тэгвэл аюулгүй, харилцан ашигтай байх талаар юу хийх хэрэгтэй вэ?

-Хөрөнгө оруулагчид хэдийгээр манай эрх зүйн орчныг хатуу шүүмжилж буй боловч хаяад гараад явчихгүй байгаа нь алт, зэсийн зах зээл, үнийн өсөлтийн ирээдүй, хандлага төлөвийг тэд сайн мэдэж байгаатай холбоотой. Ирээдүйн их ашгаа баталгаажуулж авахын тулд юуны өмнө гэнэтийн ашгийн татварыг байхгүй болгохыг илт зорьж байгаа нь харагддаг. Түүнчлэн стратегийн ордын талаарх шийдвэрийг өөрчлүүлэхийг эрмэлзэх төлөвтэй. Хөрөнгө оруулагчдын энэ хатуу бодлого, байр суурийг манай тал өөрийн сонирхолд хэрхэн нийцүүлэх вэ гэдгээ сайтар бодох, олон хувилбар гаргаж үзэх нь чухал байна. Энэ нь хоёр талын ашиг сонирхлыг зөв тэнцвэржүүлсэн цэгийг олох асуудал юм. Дараах хоёр зүйлийг төрийн бодлого, ашигт малтмалын шинэчлэн гаргах хуульд суулгаж өгөх хэрэгтэй мэт санагддаг.

Нэгдүгээрт, стратегийн том орд уурхай болон манай улсын хөгжилд нэн нөлөөтэй үнэт болон ховор эрдэс түүхий эдийг гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ашиглаж хөгжүүлэх тохиолдолд Монгол Улс түүний 51 хувиас доошгүйг нь өмчилж байх зарчмыг төрийн бодлого болгон хуульчлах. Үүнийг манай талаас оролцох төрийн болон хувийн өмчлөлийн нийлбэр дүн гэж ойлгох учиртай. Өмчлөлийг хэрэгжүүлэх хуулийн этгээд нь улсын болон хувийн компани, эсвэл тэдгээрийн холимог хэлбэр байвал зохистой. НҮБ-аас эрдэс баялаг тухайн улс, ард түмний өмчлөл, эрх мэдэлд байх ёс-тойг эртнээс тунхаглан тогтоосон. Хоёрдугаарт, манай тал гэнэтийн ашгийн татвараа цаашид хадгалах бодлого барина гэвэл ашигт малтмалын татвар, хураамжийн системийг хоёр шатлалд шилжүулж болно. Хэвийн болон гэнэтийн ашгийн гэсэн хоёр үндсэн төвшинд хувааж, тухайн эрдэс гэнэтийн ашгийн төвшинд гарсан үед 68 хувийн татвараа авч, хэвийн ашгийн үед авдаг үндсэн татвар хураамжийг 50 хуртэл хувиар бууруулдаг, тухайн эрдсийн үнэ эргээд унаж гэнэтийн ашгийн төвшнөөс доош орвол хэвийн төвшний татвар хураамж үйлчилдэг байдлаар зохицуулах хувилбар байж болох талтай. Ингэвэл хөрөнгө оруулагчдын зүгээс гарах гомдол эсэргүүцэл бага, тэдний хувьд хүлээж авч болохуйц хувилбар болох талтай юм. Эхлээд төрийн бодлогоо тодорхойлоод, дараа нь түүндээ нийцүүлэн ашигт малтмалын хуулиа шинэчлэхээр шийдвэл Оюу толгойн ордын талаар байгуулах гэрээг тэдгээрийг гартал хойшлуулах, яриа хэлэлцээг эрх зүйн шинэ тулгуур баримт бичгийн үндсэн дээр тохиролцох нь зөв мэт. Гэрээг наана нь байгуулчихаад дараа нь шинэчлэнэ гэвэл байдал нэн төвөгтэй болох юм.

Мөн Монголбанкин дахь валютын нөөцийг евро болон бусад ашигтай валютад шилжүүлэх, алт болгон хувиргах, ам.доллараар байх нөөцийн хувь хэмжээг харьцангуй бага төвшинд тогтоож мөрдүүлэх нь зүйтэй гэж би хувьдаа боддог.

(Ардын эрх 98/630)

Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button