Тусгаар тогтнол чамайг тунхаглахын учир
Гэхдээ энэ бол энд хөндөх биш жичид нь авч үзэх асуудал. Харин үүнийг дурдсаны учир гэвэл үндэсний бичиг үсгээ хэрэглэж байгаа ард түмэн л тусгаар тогтнолоо хамгаалж байдаг юм бол ямартай ч өнгөн дээрээ дээрх бичгийг хэрэглэдэг Өвөр монголчууд тусгаар тогтносон орон болж кирилл бичигтэн болсон бид тусгаар тогтноогүй болж таарч байгаа гэнэ. Гэтэл бодит байдлаараа бол өвөр монголчууд 1634 оноос хойш хятадын мэдэлд байсаар байна. Харин Монголчууд бид 1911 онд Манж хятадын дарлалаас салж, өнөөдөртөө ямар ч гэсэн тэр л байдлаа хадгалж байна. Энэ ч дээрхийг бас л давхар баталж байна.
Ийнхүү үзэхүл тусгаар тогтнол гэгчийг НҮБ-ийн гишүүн болсноор ч юм уу, эх хэл, үндэсний гэх бичиг үсэгтэй байгаа эсэхээр хэмжиж тэдгээрийг шалгуур үзүүлэлт болгоод байх нь нэгэн зүйл хэтийдэл болдог бололтой. Өнөөдрийн даяаршлийн хөлд дайгдсан Монголд тусгаар тогтнолын асуудал их л бүрхэг, тодорхойгүй асуудлын нэг болоод байх мэт.
Бид хувь заяаны эрхээр цөөнгүй жил хутгалдан байсан Манж үндэстний мөхсөн түүхийг аваад үзье. Зүрчидийн Алтан улсын үеэс эхтэй Манж нар XҮII зууны үеэс хүчирхэгжиж зарим нь баатар хэмээн цоллодог Нурхачийн үеэс Монгол ба Хятадыг эрхшээлдээ оруулан Манж дайчин улсын алдар түгэж эхэлсэн билээ. Тэд 2000 гаруй жил Монголыг ч Хятадыг ч эрхшээлдээ байлгахдаа өөрсдийгөө мөхөөх нүхийг өөрсдөө ухаж өнөөдөр манж хүн байдаг ч манж үндэстэн нэгэнт мөхжээ.
Манж нар өөрсдөө мөхсөн ч Монгол үндэстэн хятадад уусалгүй үлдэхэд Манж нарын бодлого тэр 200 жилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг өнөөдөр Монголчууд сайнаар дурсан санах ёстойг далимд дурдсугай. Манж нар хятадууд Монголд нэвтрэхийг хатуу хянаж худалдаачдад нь тодорхой хугацаагаар зөвшөөрөл өгч түүнийгээ хатуу баримталдаг байсан нь цөөхөн монгол үндэстэн шоргоолж шиг олон хятадад уусахаас 200 жилийн турш хамгаалсан юм. Гагцхүү XX зууны эхэн үеэр манж нар хүчин сулар-сан үедээ Шинэ засгийн бодлого гэдгийг гаргаж эхэлснээс хойш л хятадууд монголд үй олноороо нэвтэрч эхэлсэн бөгөөд арав гаруйхан жилийн дотор Монголыг бараг устгах шахсан билээ. Манай түүхчид, улстөрчид энэ асуудлыг өнөөдөр хүртэл бүрхэгдүүлэн хаядаг нь гайхалтай.
Манж дайчин улсын үед манж хүн бүр улсаас тусгай менгэн пүнлүү авдаг байсан бөгөөд тэр мөнгийг манж хүн л бол ямар ч ажил хийхгүй байсан авдаг байлаа. Чухам энэ нь л манж нарын мөхлийн үндэс болсон юм. Тийнхүү сүүлдээ хятад тусгаар тогтносны дараа эрчүүд нь хүн-тэрэг-ний морь болж эмэгтэйчүүд нь дууч эмсийн хүрээлэнд янхан оолж амь зуухаас өөр аргагүй болж мөхсөн юм.
Өнөөдрийн монголчууд бид ч гүзээтэй тос дотроосоо өтдөгийн замаар замнаж байгаа нь харамсалтай. Өнөөдөр зүв зүгээр сууж байгаад ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж авдаггүй гэр бүл Монголд лав байхгүй дэг. Яагаад гэвэл хүүхэдгүй айл гэж үгүй. Тэтгэвэрийн хүнгүй юм уу хөгжлийн бэрхшээлгүй хүнтэй айл гэж бас л үгүй. Бас бус хэчнээн ч төрлийн хөнгөлөлт, тэтгэвэр тэтгэмж байдаг юм. Бүү мэд. Одоо дээр нь нэмээд байгалийн баялгийн хишгээсээ ард түмэндээ бүгдэд нь хүргэе гээд л сүйд майд. Энэ бүхэн чинь манж хүн бүрийд зүв зүгээр амаа ангайгаад сууж байхад нь олгодог байсан тэр л пүнлүүний орчин үеийн хувилбар шүү дээ.
Иймээс төрөлх хэл, бичиг үсэг, НҮБ Монголын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг хэмээн гүрээний судсаа гүрийлгэн орилохоосоо урьд амаа ангайн хэвтэж байгаад идэх гэдэг сэтгэлгээнээсээ салах нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан үлдэж монгол үндэстэн мөхөхгүй байхын гол баталгаа болно гэдгийг хаа хаанаа бодвол яана. Популист уриа дэвшүүлдэг улстөрчид, эрх баригчид нь манжийн хаадыг дуурайлгүй, ангайж хэвтээд идэх дуртай ард түмэн нь ч хүн тэрэг, янхан болж дуусахгүйн тулд манж нарын замыг замналгүй нөгөөх алдартай монгол ухаан гээч юм нь үнэхээр байдаг юм бол тэр монгол ухаанаа гарган амьдарвал бид тусгаар тогтнолоо хадгалан үлдэх боломж өчүүхөн атугай ч байх мэт. Түүнээс биш өнөөдрийн байдлаараа яваад байвал Гумилёв бидэнд олгосон 500 жилийн нас ч 450 жилээр алдсан болж таарах нь байна шүү.
Өнөөдөр Монгол орны эдийн засаг бүрнээрээ гадаадынхны хяналтад орлоо. Хүнсний аюулгүй байдал алдагдлаа. Аборт оргилдоо хүрлээ. Янхан болоогүй юм уу, ямар нэгэн байдлаар биеэ үнэлээгүй эмэгтэй хүүхэд, хүүхэн, авгайг олно гэдэг өдрийн од шиг ховор боллоо. ДОХ-оор донтогсод тоогоо алдлаа. Түрүүний бөөс толгойд гарлаа. Төрийн хар хайрцагны бодлого алдагдлаа. Хүүхдийн тоглоом ч хор цацруулагч боллоо. Гудамжны самуун дэгдээгчид харийнхны мөнгөөр ханхалздаг боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг дөрөв дэх биш нэгдэх засаглал болж дуртай хүнээ алж сонинууд ялаа алах үүргээ гээлээ. Жинхэнэ хулгайчууд хулгайчийг бариад аваарай гэж хамгийн чангаар хашгирдаг боллоо. Орос загас толгойноосоо ялзардаг бол монгол загас толгой сүүлнээсээ зэрэг ялзардаг боллоо. Унхиагүй ноёнд урагшгүй албат гэдэг энэ байхдаа. Шар жанч, шартах өвчин хоёр нь ч дийлдэхээ болилоо. Энэ бүхний бурууг бид даяар-шил гэгчид тохчихоод өөрс-дөө өндөг шиг өөгүй амьтны дүр эсгээд суугаад байх уу. Энэ бухэн монголчуудын сүйрэл хүчээ аван хурдалж байгааг харуулж байгаа юм биш гэж үү. Ийм байхад юун үндэсний хэл, бичиг үсэг, НҮБ, тусгаар тогтнол мөхөх үү, мөхөхгүй юу гэдэг дээрээ тулчихаад байгаа юм биш үү. Даяарших явцыг бид зогсоож чадахгүй ч дангааршил нь биднийг эцсийн эцэст мухар гудамжинд хүргэнэ гэдгийг бодож үзээд хоцрогдлоороо түрий барьж монголын өнгөрсөн үеийн бүх юм сайхан, хорвоо дээр түүнээс унэтэй нандин юм байхгүй хэмээн сүржигнэдэг ямаан омгоосоо салж дэлхийн хөгжлийн гольдролд орж хэрэггүйгээ гээж, нэгэнт гээсэнтэйгээ зууралдахгүй нийтийн жишгийг дагаж амьдрахыг хичээвэл бид 500 наслахгүй ч 50 жилийн дараа манж нарын замаар орчихолгүй, магадгүй нэг хоёр зуун жил оршин тогтнох боломж олдож мэдэхийг бодож үзвэл яасан юм. Тусгаар тогтнол чамайг тунхаглахад тунхаг лоозон төдий л хэрэг болдоггүй бололтой.
С.ЛОЧИН
МУ-ын Соёлын гавяат зүтгэлтэн, доктор, проф