Яруу найрагч Р.Чойном Нэг олдох нэр бол хамаг насны хань

Эртдэж төрүүлсэн хорвоотой эрэгчин эмэгчнээ үзэлцсэн Рэнчиний Чойномын Сүмтэй бударын чулуу-г дахин нэг уншиж суутал түүний сургаалын шүлгүүд нь Ноён хутагтын Цаасан шувуу, Сэтгэлийг амраагч, Хавар цагийн зугаа, Аяа уул олон боловч зэрэг сургаалын сонгодог найргуудаас дутуугүй санагдсаны учир найрагч маань тэдгээр шүлэгтээ амьдарч асан цаг үеэ өөрийн үзэл бодлоор хэрхэн илэрхийлсэн нь онцгой содон байлаа. Ингээд Монгол улсын төрийн шагналт Р.Чойномын зөвхөн сургаалын шүлгүүдийнх нь тухай цөөн зүйлийг бичмээр санагдав. Өнөө үед сургаалын шүлэг дэндүү ховордсон, мөн ахмад хүмүүс, ээж аавынхаа сургаал сэлтийг анхааран сонсож, амьдралдаа мөрдөх явдал тун ч хомсхон болсныг зориуд хэлье. Чойном Бяцхан сургаал нэртэй нэлээд шүлэг бичжээ. Амьдралын жирийн хэрэг явдлаас аваад албан тушаал, амин зуулгын нарийн ширийнийг заримдаа хошин аястай, эсвэл их л гашуун егөөтэй, бас гүн ухааны үндэстэй яруу тод шүлэглэсэн байна.

Өнөө үдэш голсон хоол

Өглөө босоход эрдэнэ болдог

Өсөхийн цагт хайхраагүй янаг

Өтлөхийн үед бурхан гэгддэг

Аргалийн эвэр тэмээнд хэрэггүй

Адууны сүүл ямаанд хэрэггүй

Оронд тэврэхэд бүсгүй хүн тааламжтай ч

Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ

Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ

Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ

Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл ямар вэ

Хөрсний анжсаар дээл эсгэвэл ямар вэ гэх зэргээс нь ажвал таарч тохироогүй бүхэн шившиг, чухам л шалдан бүсгүй мэт байдгийг голдуухан зүйрлэлийн аргаар шогложээ. Зарим сургаал нь маш гүн утга, сургамжтай байна

Буруу биш, зөв сэтгэлтэй явбал чинь

Бурхан бус, хүн чамайг аварна

Булзаж мэхэлж, хорон санаатай явбал чинь

Буг биш, хүн чамайг ална!

Хөрөнгө зөөр, нэр алдар, албан тушаал

Хөгшдийн буян, залуугийн тэнхээ, найз нөхөд

Аль нь ч гэсэн өнөө байвч маргааш хоосон

Алга дарамхан улаан нүүр л хэзээ ч хэвээр!

Өнөө үед зөв сэтгэл, хүн чанарын тухай маш их ярьж, үр садандаа сургамжлан шингээж өгөх нь ирээдүйгээ, улс үндсээ бодсон эрдэмлэг бөгөөд оюунлиг санаа билээ. Бид үүн дээр их л алдаж байх мэт. Хувь хүн санаж сэрж, мөрдөж сахиж явууштай олон бадаг сургаалаас нь ишилье.

Наргих ёстой газраа наргисан шиг нарги

Найман настай балчир шиг бодох юмгүй жарга

Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур

Амьтан бүхний түрүүнд унахын эрдмийг бүү сур

Эхнэрт хэрэв дуртай бол

Энхрийлэхийн эрдмийг сур

Эрэгчин адгуустай адилхан

Зайдагнахаа бүү яар

Нэг олдох нэр бол хамаг насны хань

Нэр үлдэж, бие үхдэгийг бүү март!

Эдгээрийг тайлбарлах нь илүүц юм. Амьдралын их ухаарал, алс хожмын бодол эндээс нэвт гэрэлтэж буйг эрхэм та болгоох буй заа. Чойномыг архичин, авгайчин гэж цаг үе нь, дээдсүүд маш их ад үзсэн дээ. Гэтэл Чойном хэзээ ч одоогийн өвгөнтийнхөн шиг, зоогийн газар тансаглагч, авирлагч ихэмсгүүд шиг ууж байгаагүй юм шүү. Тэгээд ч архины тухайд өөрийн үгээ хэлж бичиж явсан.

Шимэн шимэн уухад

Шимийн идээний дээж

Шилэн шилэн уухад

Ширүүн хар архи

Шилэн лонхонд бөглөөстэй

Шингэн биетэй чөтгөр

Аядуухан хэлэх юм бол

Гучин найман нас

Ахиухан хэлэх юм бол

Гучин найман үхэл! гэж архины мөн чанарыг Өнчин хүүгийн шашдир-т гардгаас нэг их дутуугүй хэлсэн нь бий.

Архины лонх хагарахад

Архи уйлна

Архийг асгарахад

Архичин уйлна

Архичныг үхэхэд

Хэн ч уйлахгүй гэсэн нь амьдралын нэн гашуун үнэн юм. Энэ үнэнийг эрт мэдэрсэн тэрээр улс орны уруудал, доройтол, дарга нарын хуйвалдаан, булагнал, олон түмний уналт зовнил зэргийг ухаарч ажаад

Хөгшин залуугүй уугаад л

Хөдөө гадаагүй суугаад л

Ажлын бүтээл багадаад л

Арын хаалгууд ихдээд л гэж бичсэн нь бий. Өөрөө ч их хавчигдан адлагдаж, номоо хэвлүүлэх эрх чөлөөгүй, товлосон ажил олдохгүй явснаас хааяа балгадаг байж. Тийм болохоор бухимдал зовлонгоо архиар даруулдаг үе байсан биз.

Хамаг бүхэн хаалттай

Хатуу чанд заалттай

Солгой хөгжим шиг энэ үед

Согтуурах шиг жаргал алга гэсэн бадаг найрагчийн уйтгар бухимдлаас гарсан нь мэдээж. Чойном бол цаг үеийг онцгой мэдрээд зогсоогүй, урьдчилан харж, ардчиллын үүрийн туяаг дуудан даллаж явсан хүн. Шинжлэх ухааны өчнөөн их нээлтийн үед шинэ костюмтай хуучин хүмүүс олон байна гэсэн гашуухан егөө нэг шүлэгт нь бий. Орчлонд ганцхан хувь онгон талын энэ яруу найрагчийн шүлгүүд олон өнгө аяс, ур хийцтэйг нь зуун зуунаар бишрэн дээдэлж, судлан сурталчлах учиртай юм. Түүний нэгэн сургамжит бадгаар энэ бичлэгийг өндөрлөх тийшээ хандъя.

Хүчтэй ганган явахын цагт

Хүн байтугай, нохой хүртэл инээнэ

Ноорч ядуурахын цагт

Нохой байтугай, хүн хүртэл урах гэнэ Яг л ийм үед Чойном бол,

Гарын бэлгүй тэнэж

Гашуун үнэнээр хооллож

Өнтэй жилийн чоно шиг

Өлсөж ядарч явсаан. Өөд нь татаж авах засаг төр нь буруу харж, булуу шиг мэрж, харин дотно хэдэн нөхөд нь, шавь нар нь ачилж дэмжиж явсныг мэдэх юм. Өнөө цагийн өндөрлөгөөс эргэн бодоход энэ их билгүүн авьяастнаас улс төрчид ч тэр, уран бүтээлчид ч тэр суралцах юм мөн их байна даа.

Цусгүй цаазын зарлиг шиг хүнд суртлын лантуун доор

Цувдайны ч үнэгүй өнгөрсөн ховорхон найрагч Р.Чойном танаа мэхийнэм.

(Хийморь 12/094)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button