Утгын чимэг өгүүллэг

Хүний амьдралын ээдрээ зөрчил, баяр гуниг, сэтгэлийн өнгийг уран дүрээр илэрхийлэх бичиг номын ажилд шамдан яваа Н.Энхцэцэгийн Совин өгүүллэгийг Утгын чимэг буландаа заллаа. Тэрээр одоо Вант улс хэмээх нийтлэл, уран сайхны романаа уншигч олондоо хүргэхээр зэхэж сууна. Эл роман нь манай уран зохиолд нэн ховор, шинэлэг төрөл болж буй тул уншигчдын сонирхлыг татна гэдэгт итгэж байна. Залуу уран бүтээлчийн зам өргөн, авьяас арвин байхын ерөөл өргөе.

Дуучин залуугийн чамин машиныг буйдхан хотынхон шохоорхоно. Этгээд сонин дүр төрхтэй, гангамсуу тэрээр Одмаагийн орцноос гарч ирээд хээв нэг алхлахад орцны үүдэнд хов яригч бүсгүйчүүд хачирхсан шинжтэй нудралцах аж Одмаа дуучин залуутай алин цагийн дотно андууд шиг баяр баясгалантай алхана. Энэ орчлонгийн хамаг л муу, сайныг мэддэг болов уу гэлтэй үргэлж чалчин, тас тас хөхөрч суудаг бүдүүн бор хүүхний нүд нь урьд урьдахаас ч сүртэй гялалзан Би эс хэллүү. Энэ дуучин шөнө Одмаагийнд ирсэн. Туж л найрлаж, цэнгэсэн байх даа хэмээн даналзана. Өнөөх дуучин залуу Одмаатай сүрхий дотно алхалж байснаа гэв гэнэт хамаг хурдаараа гүйгээд машиндаа суумагцаа огцом түргэн асаагаад давхин одлоо. Хасар аа, чи хаачих нь вэ, Хасар аа …Одмаа хоолой мэдэн бахирсан ч гэнэт буун дуунаар үргэсэн амьтан шиг зугтан одсон түүний машин ч бараа сураггүй. Одмаа ийнхүү улайм цайм олны нүднээ хэн нэгэн залууд хаягдахыг харсан орцны үүд сахигчид эг маггүй хөхрөлдөхөд нэгнийх нь улаан нялзрай хүүхэд часхийтэл орилов.

Юун уйлаан бэ. Ангаахай бяцхан үр нь тэнхээ мэдэн бахирангаа хөхнийх нь толгойг эрэн тэмтчихэд Одмаа гүн нойроос сэрэн, мөн саяхны зүүднээсээ ичингүйрэн улайх шиг болов. Дөнгөж хоёрхон сартай хүүгийнхээ өхөөрдөм бяцхан гар нь нүдэнд үзэгдэхүйд, ивэлсэн сүүгээ амтархан залгилж, чинэрсэн хөхийг нь шуналтай угзчихыг хараад хүүхэн хонгор мэлмэртэл уйллаа. Хүүгийнх нь аав яг энэ мөчид хаа яваа нь тодорхойгүй тул түүнийг ийнхүү гашуун нулимс хар аяндаа дуслуулахад нь нөлөөлсөн байх. Бас тэр нэг хачин жигтэй зүүдэнд хөндлөнгийн дуучин орж ирсэн нь сонин санагдана.

Одмаа, танай нөхөр чинь 13-р байрны нэлээд явдалтай хүүхэнтэй яваад байгаа шүү. Хэд хэдэн удаа хамт явахыг нь хүмүүс харсан байна. Хагархай Тамираа гэдэг хүүхэн ундууцсан байртай, хүүхдээ хайнга тэвэрчихээд их л чухалчлан бахирах шахам хэлэх нь бүхэн сонсоосой гэх шиг. Ийм бодол түүний сэтгэлийг хэдэн өдөр тамлан зовоосон билээ. Хий дэмий л сүүний үнэр шингэсэн үс толгой тэргүүтнээ гилжийлгэн, бодолд дарагдахад, дотор сэтгэл нь урагдах шиг санагдана. Энэ их амьдралын урсгалд хат суух, бүхнийг тэвчин өнгөрүүлэхийг өөртөө ятгах хором бүхэн эмэгтэй хүний зүрхэн дэх ариун цагаан бодлын хэлбэр дүрсийг эвддэгийг энэхэн биеэрээ олж мэдэрч буй нь гачлантай санагдана. Зөвхөн нялх хонгор үр нь түүний амьдралын учир утга юм шиг. Бодол сэтгэлд нь урилга, заллагагүй айлчлан ирж буй орцны хүүхнүүдийн хачирхсан харц, тэдэнд зориулан эсгэж асан хэнэггүй дүр төрхөө бодох тусам өөрийгөө энхрийлэн хайрлана. Тэрээр орцны үүдэнд бусад шиг хүүхдээ тэврэн суух хувь дутсан мэт санагдахын сацуу телевизийн суваг солих нь хавьгүй жаргалтай болсон билээ. Сүүлийн үед бүхний анхаарлын төвд орших болсон дуучин залуугийн аз жаргал хүссэн, ариун цагаан үгтэй дуунд уярсан тэрээр уг дууг ахин ахин сонсох дуртай. Түүний бардам яриа хөөрөө, сэтгүүлчийн асуултанд омогших догь хариултуудад нэг мэдэхэд анхаарал нь чиглэжээ. Үнэгчлэн нойрсох үрийнхээ зөөлөн сэвлэгийг үлээнгээ тэрээр телевизийн дэлгэц рүү шимтэн ширтэнэ. Энд тэндхийн сувгыг чичирхийлсэн гараар эргүүлэхдээ хэн нэгнийг эрэлхийлээд байгаагаа бүүр түүрхэн мэдрэв.

Амьдралын үнэн худлыг ойлгож цөхөн дэнсэлж, далавчаа буудуулсан шувуу шиг бэдрэн тэмтэчсэн энэ л өдрүүдэд үл таних дуучны хөнгөн гэгэлзүүр дуу хоолой түүний дотор сэтгэлтэй жигтэйхэн ханьсаж, итгэл, сэтгэлийг нь хөглөн, ирээдүй гэгч сайн сайхан руу даллан дуудах шиг санагдана.

Чингэсээр сүүлдээ аз жаргалын дууч Одмаагийн зүүдэнд зочилдог болсон билээ.

Одмаагийн хүү Энхлэн сургуульд орсон. Хүүгээ өсөж, торниход хангалттай цагаа зарцуулсан тэрээр өдгөө Ямбатан сонины сэтгүүлч болсон билээ. Монголд хэдийнэ нэрд гарсан дуучин залуу Итали удаан хугацаагаар яваад ирсэн учраас ярилцлага ав гэсэн даалгавар редакциас Одмаад өглөө. Түүн рүү утас цохиход Найз нь гэртээ амарч байна аа. Хүрч ирээд ярилцлагаа авбал болж л байна. Уучлаарай гэх уриалгахан өнгө аястай хариулт өгөв. Одмаа түүний гэрийг төвөггүйхэн олж очлоо. Харин хонх жингэнэх дуунаар нүдэнд төдийлөн өртөхөөр биш царайтай 18, 19 орчим насны охин үүд нээхэд нь бага зэрэг гайхсан боловч тун удахгүй учрыг нь тайлав. Тэр охин гэрийнх нь үйлчлэгч аж. Дуучин залуугийн унтдаг орны дэргэдэх морин хийлэн дээр Одмаагийн нүд байн байн тусна. Дуучин залуу нойрмог нүдээ нухлан босч ирээд түүнийг буйданд суухыг урихад үйлчлэгч кофе аягалчихсан инээмсэглэн зогсоно. Түүнийг цай уух зуур угаалгын өрөөнд хэсэг саатсан залуу гарч ирээд дэргэд нь тухлахад дараагийн ажилдаа яарсан тэрээр дуу хураагуураа асаагаад ярилцлагаа даруйхан эхлэв. Дуучин залууг асууж, шалгаах явцад өнөөхийн гар утас хангинахад Уучлаарай, утсаа унтраагаагүй байснаа мартчихаж . Гэвч чухал хүн ярьж байна. Түр хүлээнэ үү хэмээн санаа нь зовнисон байдалтай зангаад хэн нэгэнтэй хэдэн үг солив. Сонинд ярилцлага өгч байна аа. Тийм, тийм эцэст нь тэр ингэж өгүүлээд утсаа салгалаа.

Үйлчлэгч бүсгүй дуучин залууд нохойгоо салхилуулна гэдгээ саад болохгүй гэсэн шиг дохиогоор мэдэгдээд гарч одов. Гэнэт хонх жингэнэтэл дуугаргахад гэрийн эзэн гайхсан байртай хараад, хаалгаа нээж өгөхөд дуучин Хасар зогсож байна. Хүүе Хасар аа, сайн байна уу. Одмаа юун чанга дуу алдчихваа гэж бодохын сацуу нүүр нь минчийтэл улайчихлаа. Одмаа дуучин залуутай яриагаа үргэлжлүүлж эхэлсэн хэдий ч сүүлийн хэдэн асуулт хааш, яйш эмх замбараагүй болоход бүр ч сандарч орхив. Хасар тэдний эсрэг талын буйданд хөлөө ачлан тухлаад Одмаагийн ярилцагчдаа зориулж авчирсан сонинг гарчиглах аж. Буйдан дээр товшлох нарийн цагаан хуруунуудыг хэзээ нэгэн цагт телевизийн ярилцлагад ороход нь ажиглаж суусан билээ. Ярилцлагаа дууссан гэдгийг Одмаа ярилцагчдаа мэдэгдээд диктафоноо сурамгай унтраахад, дуучин залуу баярласнаа илэрхийлээд, Хасарт хандан Чи юун хурдан пянздаад ирэв гэж тохуурхаад тэднийг үг солилцох хооронд үүд рүү ухасхийсэн Одмааг гаргаж өгөхөөр хойноос нь алхахад Хасар сайхь хоёрын хөдөлгөөнийг анхааралтай ажина.

-Ажил ихтэй юм уу даа. Одоо бас ярицлагатай юу?

-Оргил рашаан сувилал дээр ярилцлагатай. Ашгүй цаг нь амжих л юм байна. Тэнд нэг бүжиг дэглээч нөхөрт асуудал тулгарсан юм даг уу даа.

-Өө, та нарын ажил ч сонирхолтой шүү. Гадаа хүйтэн байна уу гэхдээ дуучин залуу үүдний тавиур дээр хайш яйш шидэлсэн Одмаагийн малгайг авч өгөнгөө инээмсэглэв. Дараагийн ярилцлагадаа яарсан Одмаа шатаар пижигнэтэл гүйн гадагш гараад амсхийн санаа алдлаа. Орцны үүдэнд Хасарын үнэтэй, содон чамин машин дүнхийнэ. Өвлийн жихүүн салхинаас таатай сонин мэдрэмж авсан Одмаа хамраа шонтойлгон жуумалзаж, машиныг хэсэг ажиглахын ялдамд тэртээд одсон он жилүүдэд зүүд нойрыг эзэгнэсэн сонин үйл явдал сэтгэлд нь зурсхийхэд түргэхэн эргэв.

Түүний хүү зургадугаар ангид орлоо. Одмаа хаврын синдромд орчихлоо гэж өөрсдийгөө оношилсон найз бүсгүйчүүдтэйгээ Бриллиант диско клубт нэгэн оройг бүжиглэн өнгөрөөхөөр шийджээ. Энэ клубт голчлон хангинадаг транс, дэнс аянд бие сэтгэлээ хөвсөлзүүлэх гэж хөгшин, залуугүй гүйлддэг болоод хэсэг хугацаа өнгөрсөн билээ. Бриллиант-д бас ч хүү чинээлэг давхаргынхан болох олны танилууд хөлхөлддөг газар. Гэсэн хэр нь энэ хотын алдарт шоучингууд ч орой болгон цагаа бүртгүүлнэ. Ажлын ачааллаасаа болоод дэлгүүр ч хэсч чаддаггүй Одмаа хааяадаа бүсгүй шунаг сэтгэхүйгээ ханатал shoping хийх шөнийн цагаар үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа явуулдаг барааны дэлгүүр ч байдаггүйд бухимддаг агаад залуу насныхаа гэгээн сайхан дурсамжыг Бриллиант–д уусгаж буй нийгмийн төлөөллийг хараад аргагүй дээ гэж бодно. Нийслэлийн шөнийн үхмэл амьдралыг чимэглэсэн нарийн гэрлэн зурвас нааш ир, нааш ир гэх шиг Бриллиантын хавь орчмоор гэрэлтэхэд нь түүний сониуч зан нь хөдөлдөг билээ.

Бүсгүйчүүд хүний нэжгээд шар айраг уугаад, бүжиглэнэ гэдгийг ч ёстой нэг үзүүлж өглөө. Сэтгүүлч голдуу баг-ийнхан нэг оройг орчлонгийн хамаг зүйлийг умартан өнгөрөөх бодолтойгоо зэгсэн сайн эвлэрсэн нь илт.

-Одмаа, хараач дуучин Хасар хүртэл явж байна шүү дээ. Нэг алхам сонины бандгар цагаан хүүхэн асар том нээлт хийж, ялсан баатрын дүртэй ориллоо. Энэ хэдэн жилийн хугацаанд Одмаа, Хасартай ажил төрлийн хамтрагчид болж амжсан билээ. Ажлын шаардлагаар түүнтэй уулзахаас урьтаж Одмаа Өдрийн мэнд, Ямбатан сониноос ярьж байна аа гээд л ажлын саналаа танилцуулна. Яг үнэнийг хэлэхэд Одмаа түүнд яагаад ч юм бэ нэрээ ч хэлдэггүй. Өнөөх нь ч Одмаагийн өөртөө итгэлтэй, ажил хэрэгч чанарт нь уусан, нэг үгээр хэлбэл олон таван үггүй ойлголцож сурсан билээ. Аливаа ажил хэргийн уулзалтууд цөөн хоромд болоод л өнгөрнө. Харин хааяа бие бие рүүгээ утас цохиж, санаа оноогоо хэлэлцдэг ажээ.

Бүсгүйчүүд шар айраг гурав, гурвыг цөлсөн байна. Адтай зарим нь Хасар дээр гүйж очоод ганц нэг ярилцлага авсан давуу талаа, бас бага зэрэг халамцсандаа зориг орсон уу, ямар ч байсан ширээндээ урьж дөнгөжээ. Олон бүсгүйн шахалтанд бага зэрэг сандарсан Хасарыг ширээнд суухад Одмаа тоомжиргүй царайлна.

-Одмаа, ажил нь тавлаг уу. Сонин тохиолдол байна шүү гэхдээ тэрээр дүрсгүй шинжтэй.

-Харин тийм. Содон тохиолдол байна гэх ёж хариултыг сонсохдоо Хасарын царайд хачирхсан өнгө аяс илт тодров. Чингэсээр бараг дөрвөн цаг болж байхад мань сэтгүүлчид бүжиглэж ханасан бололтой гэнэт гэр гэр рүүгээ яарцгаалаа. Бүсгүйчүүдтэй нэг оройг өнгөрөөсөн Хасарт бүгдийг нь очих газар нь хүргэж өгөх үүрэг ногдов. Халамцсан хүүхнүүдийг орилж бахиран Хасарын бандгар том жийпний хаалгаар чихцэлдэж байх хооронд Одмаа урд талд нь үсрэн суугаадМанайх хамгийн ойр нь шүү гэж бага зэрэг аальгүйтсэн маягтай хэлэхэд өнөөх нь Одмаа, хамгийн сүүлд хүргүүлчих ээ, ярих юм байна хэмээн шийдэмгий дуугарахад нь балмагдсан Одмаа хариулт өгч чадсангүй.

Зайсан толгойн оройд сэвэлзүүр салхи үлээгээд, үүр дөнгөж хаяарч байна. Тэд хоорондоо нэг их юм ярьсангүй. Урьдын уулзалтууд шиг сониуч байдлаар есөн шидийн зүйл шалгаахгүй байгаа нь Хасарт харин ч тааламжтай юм шиг. Одмааг нарийн янжуур уугиулан их хотын дээрээс гудайн бодлогошрохыг тэрээр анхааралтай ажин зогсоно.

-Одмаа, маргааш бүтэн сайн өдөр. Чи амарна биз дээ. Уучлаарай маргааш ч гэж дээ. Өнөөдөр гээд тас тас хөхрөх нь үүрийн нам гүмийг сэрээх шиг.

-Маргааш харин өөртөө ажил өгөх үү, яах вэ. Одмаа зүүрмэг нүдтэй үүрийн гөрөөс шиг сонин царайлна.

-Та нар чинь тааваараа л ажиллана шүү дээ. Тийм ээ?

-Миний мэргэжлийн ажлыг чи хийгээд байгаа юм уу. Сайхь хоёр хөхрөлдлөө.

-Надад сонин зүйл тохиолдсон өдөр чи таарах юм гээд Хасар санаа алдав. Одмаа түүний бодсончлон юу тохиолдсоон гэж асуусангүй. Татаж дууссан тамхиныхаа ишийг барьчихсан үүнийг л хааш нь хийх нь илүү чухал байна гэсэн шиг тэнэмэл харцаар орчныг ажиглаж байснаа эгц доош нь чулуудчихаад Хасар өөд харж мөрөө хавчив.

-Одмаа, хоёулаа ойрхон амралт руу явах уу?

-Тэгье гэж Одмаа ямар ч эргэлзээгүй цоглог дуугарахад өнөөх нь хэсэг тээнэгэлзсэн байдалтай

хараад машин руугаа ухасхийж Одмаад хаалгаа нээн өгөхдөө тохойноос нь өргөж халамжиллаа.

Өглөөний наран тэнгэрийн хаяанаас уучлалт гуйж бэргэсэн аястай дөнгөж цухуйхад тэд Хандгайтад байдаг Их тамир нэртэй амралтанд ирэв. Эгнүүлэн зассан гэрүүд, орчин тойрон нь эндхийн чамбай байдлыг илтгэнэ. Зохион байгуулагч, шөнийн ээлжтэй хүүхэн эвшээлгэн хүрч ирээд олны танил од, эгчмэд бүсгүйтэй үүрээр зугаалж яваад нүдэндээ итгээгүй бололтой хачирхан харснаа

-Хүүхдүүд хаана орох вэ, гэрт үү, буудалд уу гэж цангинасан хоолойгоор нойр нь илт сэргэсэн байдалтай асуухад Одмаа

-Буудалд орьё оо хэмээхдээ Хасарыг аварч, өөрөө санаачлагыг гартаа авч яваа дүр эсгэв.

-Уулын цас хайлж, доош урсч ирээд бид өдөржингөө ус шавхаж өнжлөө. Гэхдээ гайгүй ээ. Нэг их тохь алдахгүй л болов уу гэсэн хэр нь санаа нь зовнисон өнгө аястай өгүүлэв. Үер маягийн зүйлд нэг хэсэг газар пөмбийн паркетан шал нь гарч ирсэн хэсгийг Одмааг долоовор хуруугаараа заан жуумалзахад өнөөх нь тэсгэлгүй писхийтэл хөхөрч орхилоо.

-Нар мандахад хөшиг хаадаг хүмүүс байдаг л юм байхдаа гэж Хасар хөгжилтэй чанга хашгираад хэзээ нэгэн цагт түүний сонсох дуртай байсан аз жаргалын тухай өгүүлдэг дууг аялан, хөшигний завсраар толгойгоо хавчуулж дүрсгүйтэв.

Ойрд хэн нэгнийг хүргээгүй бие эрхтнийг нь эр хүний гар энхрийлэн, хааяа өдөөсөн маягтай хүчтэй базлахад Цэлмэг нялхамсаж эхлэв. Өөртөө зориуд ховорхон тохиолдлоор бий болгодог энэхүү сонин үйлдлийн эрхэнд тэр автжээ. Одмаа 10-аад жилийн дараа уйллаа.

(Хийморь 12/094)

Н.Энгүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button