Оюу толгойг Хоосон толгой болгочих вий!

Хачирхалтай нь өнгөрөгч сарын дундуур Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч ноён Ч.Хүрэлбаатарын Монголын эдийн засагт эргэлт гаргана хэмээн сүржигнэн мэдэгдсэн гэрээний учир начрыг баялгийн жинхэнэ эзэн гэх монголчууд бидний хэн нь мэдэхгүй байна. Гэрээний төсөл хэрхэн хийгдсэнийг олж мэдэх боломж даан ч үгүй, эрх мэдэлтнүүдийн төмөр авдарт хав дараастай байна. Цаг нь болохоор гэнэт гарч ирээд ногоон гэрлээр саадгүй батлагдахаар зам нь засагдаж байгаа нь лавтай.

Нэгэнт албан ёсны хувилбарыг олж харахгүй хувьгүй ч хэвлэл мэдээлэлд буй баримтуудаас гэрээний энэхүү Монголд ашиггүй нь харваас илт. Тоо баримтуудыг дахин авч үзээд энгийн тооцоо хийж үзэхэд манайд ашиггүй байгаа нь эдийн засгийн суурь мэдлэгтэй хэнд ч болов ойлгомжтой байна. Оюу толгойд 1000 тн алтны нөөц, цэвэр зэсэнд шилжүүлснээр 32 сая тонн зэсийн нөөцтэй нь тогтоогдоод байгаа гэнэ. Хууль дүрмээрээ бол эхлээд орд газрын нөөцийг нь тогтоогоод, хөндлөнгийн бие даасан экспертүүдээр баталгаажуулж дараа нь улсын Эрдэс баялгийн комисст танилцуулж батлуулсны эцэст орд газрыг ашиглах гэрээ байгуулах эрхтэй болдог гэнэ. Гэтэл манай эрдэмтэдийн хэлээд байгаагаар хуулийн энэ заалт зөрчигдөж байгаа бөгөөд бид хэдий хэмжээний баялгаа хүнд ашиглуулах гэж байгаагаа төдийлөн сайн мэдэхгүй атлаа хувь ноогдол хуваах тухай гэрээ байгуулах гээд сууж байна гэсэн үг. Цаасан дээр хууль баталчихаад тэрийгээ энэ мэт зөрчөөд байвал яах болж байна.

Гэрээний гол мөн чанар нь Монголын талд үнэгүй бэлэглэж байгаа 34 хувийн хариуд 1. эхний таван жилд буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулах хүртэл үнийн гэнэтийн өсөлтийн 68 хувийн татвараас, 2. гэрээний туршид алтны үнийн гэнэтийн өсөлтийн татвараас, 3. аж ахуйн нэгжийн албан татварыг 15 хувь хөнгөлөх, 4. гадаадын хөрөнгө оруулалттай компани ашгаа гадаадын банкинд шилжүүлэхэд төлдөг таван хувийн суутгалын татвараас, 5. зэсийн үйлдвэр ашиглалтанд орох хүртэл барилга болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гаалийн татвараас тус тус чөлөөлөн хуулиа үл сахих гэнэ.

Дээрх тоо баримтуудыг ашиглан бүдүүвчилсэн тооцоо хийж үзэхэд бидэнд зэс алтны үнэ хэрэгтэй. Алтны үнийн өөрчлөлтийн өнгөрсөн хугацааны түүхийг авч үзэхэд өсөлт тогтвортой байдгаас илүү урт хугацааны прогноз хийх боломжтой байдаг бол зэсийн үнийг прогнозлох оролдлого төдийлөн амжилттай байдаггүй байна. The worldnews network вэб сайтад алтны үнэ 2011 он гэхэд 1 унц нь 764 болох бөгөөд, харин зэсийн үнэ 2008 он гэхэд одоогийн төвшнөөс бага зэрэг буурах төлөвтэй гэнэ.

Дээрх нөөцийг 100 хувь ашиглана гэж үзээд зэсийн үнийг одоогийнхоос бууруулж харин алтыг одоогийн үнээр тооцоолж үзэхэд үнийн гэнэтийн өсөлтийн татварт зэснээс 95, 7 тэрбум ам.доллар, алтнаас 3,4 тэрбум ам доллар олохоор байна. Алтны үнэ цаашид өсөх тул орлогын хэмжээ ч өснө. Аж ахуйн нэгжийн орлогын татварын хөнгөлөлт, суутгалын татвар болон гаалийн татварыг авдагаараа авбал орлогын хэмжээ улам нэмэгдэнэ. Ингээд бодоход 100 гаруй тэрбум ам.доллар татвар хураамжийн хэлбэрээр орж ирэх боломж байна. Эдгээр болон нөөц ашигласны татвар, бусад хураамжууд нийлээд Оюу толгойгоос монголчуудад ноогдох жинхэнэ бодитой орлого мөн.

Харин Оюу толгойн 34 хувийн үнэгүй эзэмшиж ноогдол ашгийн хувь хүртэнэ гэдэг монголчуудын хувьд үл биелэх мөрөөдөл болж хоцрох вий. Олборлолт эхэлмэгц бодитоор орох орлогоо хэзээ, хэдийг, хэрхэн авах нь үл мэдэгдэх 34 хувь хэмээх хоосон тоогоор наймаалцана гэдэг санаанд багтамгүй зүйл. Өмнө дурдсан татваруудыг нөөцийн хэмжээ, металын үнэ ханш, татвар тооцоох хувь хэмжээгээр барагцаалан бүдүүн тоймоор тооцоолж болоод байгаа бол төслийн 34 хувийг эзэмшсэний ноогдол ашигт хэдий хэмжээний мөнгө ноогдохыг бид өнөөдөр мэдэх арга огт үгүй. Монголын тал ноогдол ашиг хүртэх үгүй нь төслийн дийлэнх хувийг эзэмшигчдийн мэдэж шийдэх асуудал бөгөөд олсон ашигаа эхлээд компаниа бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлд болон бусад төслүүддээ хөрөнгө оруулалт хийсний дараа үлдэх хэсгээс ашиг хуваарилах асуудал яригддаг. Ер нь уул уурхайн компаниуд ноогдол ашиг хуваарилаад байсан түүх бараг байдаггүй гэнэ. Учир нь уул уурхайн компаниудын хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг хүртэхийн тулд биш харин хувьцааны үнэ хямд үед нь авч хадгалаад өсөхөд нь арилжин ашиг унагах зорилгоор худалдан авдаг тогтсон практик байдаг гэнэ. Эх орныхоо газар шороон дахь баялгийн талаас ч бага хэсгийг зүгээр авах эрх Монголчуудад байдагггүй юм бол авах ёстой татвараа төлөөсөө хатуу чанга хууль хяналтын дор хурааж авах юм биш үү эрх баригчид минь. Хамаг байдгаа хүнд өгчихөөд дээрээс нь хууртаж хулхидуулж байх албатай улс юм уу монголчууд.

Эрх баригчид хууль баталчихаад хэрэгжүүлэх явцад нь ийнхүү ялгавартай хандаад байх юм бол манай хуулийг хэн баримтлах болж байна. Цаашид манай улсад үйл ажиллагаа явуулах бусад хөрөнгө оруулагчид ч энэ жишгээр татвараас чөлөөлөгдөхийг хүсэх нь лавтай. Одоогоор манай улсын эдийн засаг зэс олборлолт, зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн татвараас хэт хамааралтай болчихоод байхад төсвийн гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг ганцаарчилж номхон тэмээ шиг хэдий болтол ноолох болж байна.

Гэрээ ёсоор хөрөнгө оруулагчид таван жилийн дотор зэс хайлуулах үйлдвэр байгуулах бөгөөд үйлдвэр заасан хугацаанд ашиглалтанд орохгүй бол өмнөх таван жилд хөнгөлөлт үзүүлсэн татварыг нөхөн хурааж авах гэнэ. Ер нь зэсийн үйлдвэр байгууллаа гээд гэнэтийн ашгийн татварын хэмжээний мөнгө улсын төсөвт бэлэн орж ирнэ гэдэг эргэлзээтэй л хэрэг. Олборлолт эхэлсэн өдрөөс татвар болгон авах ёстой мөнгөний үнэ цэнэ таван жилийн дараах мөнгөний үнэ цэнээс хавигүй илүү гэдгийг эдийн засгийн дээгүүр боловсролтой гээд байгаа яамны түшмэдүүд мэдэх л ёстой.

Манайхны мэхлүүлж хашраагүй өөр нэгэн зүйл гэвэл Айвенхоу Майнз компаниас 2005 оны 10-р сард өдөр тутмын сонинд хэвлүүлсэн Оюу толгойн орд ашиглах цогцолбор төлөвлөгөөний танилцуулагад Үйлдвэрлэл эхлээд 10 жилийн хугацаанд ил болон далд уурхайн тогтоогдсон өндөр магадлалт нөөцийн 85-аас илүү хувийг тээрэмдэнэ гэсэн байна. Тэгвэл олборлогч тал үнийн гэнэтийн өсөлтийн татвараас чөлөөлөгдөх эхний таван жилд нөөцийн дийлэнх хэсгийг ухаж авахыг эрмэлзэх нь ойлгомжтой. Тэгвэл дээрх татвараас орох орлого багасах бөгөөд хайлуулах зэсийн нөөц ч багасана гэсэн үг. Энэ нь Бороо Гоулд компани хэрхэн тогтвортой байдлын гэрээнд алтны ордыг 12 жилд олборлоно гэчихээд татваргүй эхний жилүүдэд багтаан олборлож эрх баригчдад молиго үмхүүлсэн түүхийг санагдуулж байна. Зэсийн нөөцийн дийлэнх хэсгийг үйлдвэр ашиглалтанд оруулахаас өмнө олборлох юм бол хайлуулах үйлдвэр барих хэрэг юу байна. Хайлуулах үйлдвэр хэр удаан хугацаагаар монголчуудад үр ашгаа өгөх вэ гэдгийг ч бодож үзэх л асуудал. Зэсийн нөөц дууссан цагт үйлдвэр ч зогсоно. Түүний оронд авдаг татвараа аваад монгол улсад урт удаан хугацаанд ашиг өгөх үйлдвэрийг барьж байгуулах нь зүйтэй болов уу. Жишээ нь монголчууд биднийг харалган хүн шиг тэмтчиж явахад манай ноолуурын зах зээлийг бүрэн хяналтандаа авахаар зэхэн хятадуудын барьж эхлээд буй шиг томхон ноолуурын үйлдвэр барьсан ч болно. Тэгвэл бидний үр хойч үеийн үед идэх хоолтой л үлдэнэ.

Зууны мэдээ сонин 2007 оны 4 сарын 87 дугаарт нийтлэгдсэнчлэн Гэрээний төсөлд уурхай болон үйлдвэртэй холбоотой бүх барилга байгууламжийг Айвенхоу Майнзийн хөрөнгөөр босгох бөгөөд Монголын талд ноогдож байгаа хувиас бага багаар суутгах замаар 6-10 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөж авна гэх заалт орсон нь үнэн бол Монголын талд 34 хувийг үнэгүй бэлэглэж байгаа нь ор үндэсгүй худал болох нь.

Иймэрхүү дан ганц хөрөнгө оруулагчдад ашигтай зальжин заалтууд бүхий гэрээг УИХ-аар батлах юм бол асар баялагтай Оюу толгойгоо гадныханд зүгээр шахуу алдах болно. Улс орон, эгэл жирийн ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг огоорогч эрх мэдэлтнүүд, төрийн нэр баригчдын алдаатай буруу шийдвэрийг эсэргүүцэн яг одоо л эс тэмцвэл бид оройтоно. Жирийн иргэд, засгийн эрх баригчид монгол хүн бүр дуугарвал үг нэг, дугтарвал хүч нэг байх асуудал Оюу толгой мөнөөс мөн. Монголчуудаа нэгдэцгээе, эрдэнэс баялгаасаа хувь хүртэх эрхээ хамгаалан тэмцэцгээе!

Б.Монголмаа

Монголын мэдээ сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button