Дэлхийн хүүхдийн зохиол

Энэ номонд Г.Андерсен, А.Барто, Л.Толстой, С.Маршак, С.Михайлков, Л.Түдэв, ах дүү Гримм, А.С.Пушкин зэрэг дэлхий дахинаа нэрд гарсан хорь гаруй зохиолчийн товч намтар, хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийнх нь дээжээс, тусгай тайлбар, уран уншлагатай оруулсан бөгөөд эл номыг уншсанаар хүүхдийн шилдэг зохиолууд монгол хэлнээ ямар нэртэй, хэзээ хэвлэгдсэнийг төвөггүй мэдэж болно. Гайхамшгийн оронд аялсан Алиса, Алтан залаат азарган тахиа, Шаалуу хүү Маугли, Дээвэр дээр суудаг Карлсон зэрэг баатруудтайгаа дахин дэлгэрэнгүй танилцах боломжийг энэ ном олгож байна.
МЗЭ-ийн шагналт, хошин шогийн нэрт зохиолч Заяатын Ядмаагийн шинэ буланг нээж байна. Зохиолчид инээлдсэн он жилүүд хэмээх гэгээн шогийн хоёр дахь номоо саяхан хэвлүүлсэн түүний шог хошин бүтээлүүд нь өнгөрсөн ба өнөө цагийн аль алин руу хандсан байдгаас гадна даалууны гуншин, оньсого, дашийн шог зэрэг аман зохиолын хэлбэрээр, нөхөрсөг шогийн байдлаар гэх мэт олон өнгө аястай, инээд наргианы гэгээ дүүрэн байдгаараа ялгарч байна. Тогоотой сүүний өрмийг, толгой махны хэлийг тамшаалж өссөн айлын тэжээвэр хүү Ядмаа эдүгээ дээдсийг ч зажилдаг, доодсыг ч ёжилдог, томоос ч айдаггүй, тоймчоос ч нуудаггүй, дэггүй бөгөөд таггүй шоолж чаддаг сайн шүлэгч болсныг энэ булангаас мэдэж болно. Инээд баяслаар орчлонг ариусгах шиг эрхэм үйлс ховорхон буй заа.
Цэндийн Чимиддоржид
Чимиддорж өөрийгөө
Чингисийн тасархай гэж хашгирна
Чимээ чагнасан хэмнэлтэй шүлгийн хураар асгарна
Шигшмэл хурдан хүлгүүдийг шүлгэнд сойж хэлхэнэ
Ширдэг дүүрэн шагайг морь буулгаж булхана
Оросын их найрагчтай хундага тулгаж арсалдана
Олон монгол хүүхнийг Пушкинаас харамлаж барьцалдана
Ор зассан бүсгүйг минийх гэж хандарна
Ойртох санаатай бүсгүйг хүнийх гэхгүй хандарна
Малчин удмаа өмөөрөхөөрөө
Марксизмыг хүртэл зандарна
Санжийн Пүрэвт
Уншууртай өгүүллэгээр
Уншигчдаа дайлна
Уулын намар-аар
Өөрийгөө зайлна
Уушны зүйлээр
Нөхдөө байлна
Утаатай тамхиар
Уушгаа гайлна
Хүн чанараар
Хүмүүсийг цайлна
Хүүхэн Лхагвасүрэнг
Хүслээрээ таална
Ялгадас сайд
Хөдөө аж ахуйн яамны нэгэн албат Б.Ринчин гуайгаас малын баасыг арай боловсронгуйгаар ялгадас гэж нэрлэвэл ямар вэ гэж асуусанд Б.Ринчин гуай
-Тэгвэл танай яамны Бааст сайдыг Ялгадас сайд гэх болж байна уу гэж мадалжээ.
(Хийморь 12/094)
