Перпект эмнэлгийн мэс засалч их эмч М.Алимаа өөхний эсийн тоог багасгаж байна гэсэн үг
мэс засал, гоо сайхны косметик мэс засал гээд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Манайд хандагсад ч гадаад үзэмжиндээ анхаарахаас гадна янз янзын өвчин зовлонтой хүмүүс байдаг. Тэр болгонд нь бид үнэ төлбөртөй үйлчлээд байдаггүй. Заримдаа үнэ төлбөргүй мэс засал ч хийх үе гардаг. Сүүлийн үед хүмүүсийн сонирхоод байгаа косметик мэс заслын хагалгаа дотроос нүүр хүзүүн дээрх мэс заслыг түлхүү хийж байна. Үлдсэн хэсгүүд нь биеийн галбир засах хагалгаа юм. Хүмүүс нүүр хүзүүнийхээ арьсаа татуулна гээд байдаг ч үнэндээ арьс татах биш, нүүр өргөх хагалгаа юм. Манайхыг зорьдог хүмүүсийн ихэнх нь зовхины, давхраа оёулах, хамар өндөрсгөх, биеийн хэлбэр засах, өөх соруулах, хөх, өгзөг томруулах хагалгаанууд хийлгэдэг. Ер нь Ази хүмүүс хамар өндөрсгөх, давхраа оёулах хагалгааг түлхүү хийлгэдэг юм. Манайх хагалгаанд орохын өмнө биеийнх нь байдлыг хянаж, шинжилгээ өгч байж л хагалгаанд оруулна. Цус багадалттай ч юмуу, өөр ямар нэгэн үрэвсэлтэй байвал хагалгаа хийдэггүй.
-Хүмүүс ихэвчлэн аль улиралд үйлчлүүлдэг вэ. Хавар, зуны улиралд гоё болох гэсэн хүмүүсийн цуваа танайхыг нэлээд зорьдог болов уу?
-Ер нь улирал харгалздаггүй л дээ. Хүмүүс хэзээ ч хамаагүй ирдэг. Тухайн хүн л хагалгаанд ороход харшлах зүйл байхгүй, өөрөө хүсэж байвал хагалгаа хийдэг. Хаврын улиралд охид бүсгүйчүүд гоо сайхны салонуудад очиж, арьс хуурайшлаас хамгаалах янз бүрийн бэлдмэл, тос хэрэглэдэг. Харин манайх ирсэн үйлчлүүлэгчдэдээ мэдэх мэдэхгүй тос бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг юм.
-Сүүлийн үед таргалалт ихэссэнтэй холбоотой өөх соруулах мэс заслыг хүмүүс их хийлгэдэг болсон байна. Танайхаар хэр их хүн энэ хагалгааг хийлгэдэг вэ?
-Ер нь сүүлийн үед өөхөө соруулах сонирхолтой хүмүүс их болсон. Манайд ирэх хүмүүсийн багагүй хэсэг нь өөх соруулах хагалгаа хийлгэхээр ирдэг бөгөөд долоо хоногт 2-3 өөх соруулах хагалгаатай байдаг. Мэдээж хэрэг тодорхой хэмжээний үнэ төлбөртөй.
Гэхдээ өөх соруулснаар турахгүй, зөвхөн биеийнх нь галбир засагддаг. Хүний өөхний үндсэн үүрэг нь биенд энергийн эх үүсвэр бий болгож өгч байх ёстой. Таргалалттай холбоотойгоор өөхний хуримтлал үүсдэг бөгөөд хэвийн хэмжээнээс их таргалбал бүр эмгэгийн түвшинд хүрдэг.
-Тэгвэл зөвхөн гоо сайхан болох гэдэгтээ биш эрүүл мэнд талаас нь өөх соруулах хагалгааг хийдэг байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Өөхний давхаргыг арьсан доорх өөх, гүний өөх гэж ангилдаг. Үүнээс өөх сорох хагалгааг хүний биеийн гүн дэх өөхөнд хийдэг юм. Түүнээс биш дөнгөж арьсан доор байгаа өөхийг сордоггүй. Биеийн хэвлийн эргэн тойрон, хэвлийн урд хойно, хоёр гуяны гадна тал, бугалганы хэсгийн өөхийг л соруулдаг. Жишээ нь, зарим хүмүүс хичнээн дасгал хийсэн ч гэсэн хэвлийн урд талын бондгор өөх, ташаан толгойн дээрх харвин, гуяны өөхнүүд ерөөсөө арилахгүй байна гэж ярьдаг. Эсвэл цээж, нүүрний хэсгээр туранхай хэрнээ доогуураа тарган хүмүүс байдаг шүү дээ. Ийм учраас турахгүй байгаа хэсгийн өөхийг л сордог. Түүнээс биш бүх биеийн өөхийг сорно гэж байхгүй л дээ.
-Энэ хагалгааны дараа ямар дэглэм барих ёстой вэ?
-Мэдээж хэрэг ийм хүнд хагалгаанд орсон хүн ямар ч тамир тэнхээгүй болчихдог. Тийм болохоор хамгийн түрүүн эм тариагаа сайн хийж, амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлдэг. Тэрнээс гадна хоёр долоо хоног цус төлжүүлэх бэлдмэл хэрэглэнэ. Сорсон өөхний хэмжээ, талбайгаас хамаараад хүн болгонд өөр өөр заавар өгч, өөр өөр эм уулгадаг. Их хэмжээний өөх сорсон тохиолдолд нэмэлт бүтээгдэхүүнүүд, төмрийн бэлдмэл, царийн бэлдмэл, уураглаг зүйл хэрэглэх ёстой.
-Мэс заслын дараа ямар хүндрэл гардаг вэ?
-Өвдөлт, хаван зэрэг бага зэргийн хүндрэл бий. Ингэхдээ эрт гарах хүндрэл, хожуу гарах хүндрэл гэж байна. Эрт гарах хүндрэл нь байх л ёстой хүндрэл. Харин хожуу хүндрэл гэдэг нь хагалгаа хийлгээд 2-3 сарын дараа гарах хүндрэлийг хэлдэг бөгөөд энэ нь тухайн хүнийхээ эрүүл мэндийн байдлыг эмч сайн тооцоолоогүйгээс гардаг.
-Өөхөө соруулсны дараа эргээд таргалах уу?
-Тухайн өөх соруулсан хэсгээрээ таргалахгүй. Бэлгийн бойжилт гүйцэх хүртэл өөхний эсийн тоо нь нэмэгдэж байдаг. Бэлгийн бойжилт дууссанаас хойш өөхний эсийн тоо нэмэгдэхгүй ч хэмжээ нь томорч байдаг. Өөх сорох хагалгаа гэдэг маань тухайн хэсэгт хуримтлагдсан өөхний эсийн тоог багасгаж байна гэсэн үг. Тэгэхээр буцаад тэр хэсэг таргалахгүй. Харин мэс засал хийгээгүй хэсэг таргалж болно. Ер нь идсэн хоол хүнснээсээ авсан энергиэ хөдөлж зарцуулалгүй суугаад байвал таргалдаг.
-Гадуур янз бүрийн хөх томруулах янз бүрийн мэс засал, аппарат, бэлдмэл байдаг. Эдгээрээс танайх юугаараа өөр вэ?
-Манайх орчин үед хэрэглэж байгаа инфлант буюу силикон хийдэг. Хөх томруулах олон төрлийн арга байдаг ч шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн хүнд тохирсон нь инфлант байдаг. Хүмүүс Хятад руу явж хөх рүүгээ тариа хийлгэдэг. Тэр тариа нь насан туршид нь биеэр нь эргэж шимэгдэн эд эрхтэнд нь тардаг аюултай.
-Инфлант хийнэ гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Хүний биенд ямар нэгэн сөрөг нөлөөгүй юу?
-Инфлант гэдэг нь тухайн хүнийхээ хэмжээнд тохирсон янз бүрийн размертай силикон хийхийг л хэлж байгаа юм. Өндөр нам, тарган туранхай гээд биеийн пропорцыг нь харж байж тухайн хүнд тохирсон хэмжээгээр хийнэ. Инфлант нь дотроо гадуураа бүрхүүлтэй, гель, физиологийн уусмал агуулсан гээд төрлүүдтэй байдаг. Бас гадарга нь гөлгөр, барзгар гээд хоёр төрөлтэй. Инфлантыг хөхөнд булчингийн наана бас цаана тавьж болдог. Хэрвээ тухайн хүн хөгшрөөд шаардлагагүй гэж үзвэл буцаагаад авчих боломжтой. Түүнээс биш хүний биед ямар нэгэн хортой зүйл байхгүй.
-Төрөлхийн болон олдмол эмгэгүүдийг засдаг гэж сонссон. Төрөлхийн чихгүй хүмүүст ямар мэс засал хийдэг вэ?
-Гоо сайхны мэс заслаас гадна манайх төрөлхийн болон олдмол гажиг согогуудыг засдаг. Уруул тагнай нь сэтэрхий, түүшин сэтэрхий төрөлхийн эмгэгтэй хүүхэд болон насанд хүрэгчид ирдэг. Эмгэгтэй хүмүүст наснаас нь хамаараад хагалгаа хийх үгүйгээ шийднэ. Хамгийн их тохиолддог төрөлхийн эмгэг нь нүүрний сэтэрхий, хажуугийн сэтэрхий, тэр бүү хэл чихгүй хүн төрөх нь бий. Харин олдмол гажигт гэмтлийн гаралтай янз бүрийн ясны гэмтэл, зөөлөн эдийн гэмтэл, ясны деформаци деффект нь янз бүрийн сорвинуудыг үүсгэдэг. Тэрнээс гадна янз бүрийн шалтгаантай хортой, хоргүй хавдруудын дараа деффектүүд байдаг. Гэхдээ төрөлхийн чихгүй хүүхэд их ховор төрдөг л дөө. Тийм тохиолдолд бид ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөж байж насанд хүрснийх нь дараа өвчүүнийх нь мөгөөрснөөс шилжүүлж суулгах, нөхөх сэргээх хагалгаа хийдэг.
(Хийморь 12/094)