Байгалийн ургамлыг ашиглах төлбөрийн хэмжээг өөрчилнө
Хуулийн төсөлд нэн ховор, ховор, элбэг тохиолдох ургамлыг түүж ашигласны төлбөрийн доод, дээд хязгаарыг өөрчлөхөөр тусгасан байна. Одоо мөрдөгдөж байгаа төлбөрийн доод, дээд хязгаар нь 1 кг нэн ховор ургамалд 300, 1000, ховор ургамалд 150, 500, элбэг ургамалд 50, 300 төгрөг байгааг өөрчлөн нэн ховор ургамлынхыг 1100, 1300, ховор ургамлынхыг 800, 1000, элбэг ургамлынхыг 500, 700 төгрөг болгохоор заажээ.
Манай орны байгалийн ургамлын үнэ ханш гадаад орныхоос нэн бага байгаа бөгөөд нөгөө талаар хэт ихээр түүж ашиглаж байгаа нь унаган ургамал устах, газар нутаг цөлжих шалтгаан болж байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Тухайлбал урал чихэр өвс нь өмөн үү, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, амьсгалын замын болон ходоод, гэдэс, элэг, цөс, бөөрний өвчнийг анагаахад хэрэглэгддэг. Мөн пертуссин, чигатуссин зэрэг чухал эмийн түүхий эд юм. Гэтэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар 1 кг урал чихэр өвсний түүж бэлтгэх төлбөр 150-500 төгрөг байхад дэлхийн зах зээлд 1 кг-ыг худалдан авах үнийн санал нь 35-50 ам.доллар байгаа ажээ.
/Оллоо.МН/