Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үүдэнд суулт зарлалаа
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үүдэнд өнгөрсөн хоёр өдрийн турш 20 орчим хүн суулт зарлаж,
эсэргүүцлээ илэрхийлээд буй. Энэ талаар авто зам, арчлалтын Номгон хайрхан компанийн захирал
Т. Чинбатаас тодрууллаа.
-Энд сууж байгаа хүмүүсийг таныг дагуулж ирсэн гэж яриад байх юм. Ямар учиртай юм бэ?
-Манай компани Баянхонгор аймгийн нутгийг дайран өнгөрдөг улсын чиглэлийн 600 км замыг хариуцаж ажилладаг компани. Гэтэл Сангийн яам болон Зам, тээвэр, аялал жуулчлалын яам манай комланитай гурвалсан гэрээ байгуулсан. Манайх ч тэр гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа зуун хувь гүйцэтгэн, ажлын комисст хүлээлгэж өгсөн боловч өнгөрсөн 2006 оны нийт санхуүжилтийн тавин хувийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Бид ийм шалтгаанаар л энд хоёр хоног суулт зарлаад байгаа юм аа.
-Ажлын хөлсийг маань олгоогүй гэдгээ тайлбарлахгүй юу?
-Манай комлани өнгөрсөн онд нийт 340 сая төгрөгийн зам арчилгааны ажил хийж гүйцэтгэсэн. Гэтэл энэ мөнгөний 150 сая орчим төгрөгийг нь өнөөдрийг хүртэл аваагүй. Үүнийг Сангийн яамнаас бид салбар хариуцсан яаманд танай мөнгийг шилжүүлсэн гээд байхад Зам, тээвэр, аялал жуулчлалын яам бидэнд олгоогүй байгаа. Иймд манай компанийн 60 гаруй ажилч¬ныг төлөөлж 22 ажилчин Улаан-баатар хотод ирж, яамны үүдэнд суулт зарлахаас өөр аргагүй болоод байна.
-Зам, тээвэр, аялал жуулчлалын яам ямар тайлбар өгсөн бэ?
-Яамны зүгээс Санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны газрын хариуцсан мэргэжилтэн будилж, ийм байдалд хүрчээ гэдгээс өөр дорвитой, шийдвэртэй тайлбар өгөөгүй. Хэдийгээр манай компанийнхан ажлын найман цагаар яамны үүдэнд суулт хийж байгаа ч нэг хүний маань бие өчигдрөөс нэлээд муудаж эхэлсэнд дэмий л сандраад сууж байна даа.
-Тэгээд шийдэлд хүрэх горьдлого байна уу?
-Яамны удирдлагууд хуралдаад л байх юм байна. Өчигдрийн байдлаар бидний авах ёстой мөнгөний тавин хувийг олгох шийдвэр гарсан ч үлдсэн тавин хувь нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хариуцах эзэн нь тодорхой бус болчихлоо. Үүнээс болоод манай компанид шатахуун түгээх Жаст, Магнай трейд болон тоног төхөөрөмжийн Вагнер Ази компани төдийгүй Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалд өр үүссэнээс шүүхийн шийдвэрийн дагуу 70 гаруй сая төгрөгийн алданги төлөх ёстой болчихоод байгаа. Иймд ойрын хугацаанд бидний хохирлыг барагдуулах арга хэмжээг яамны зүгээс авахгүй бол нөхцөл байдал хэцүүхэн болох гээд байна аа.
(Ардын эрх 98/630)
Г.ЖАРГАЛ