Од болох боломж Онцгой байдлын сайдын сэнтий гэж үү
Улс төрийн хувьд өлгөөд авчих үзэл бодолгүй, улстөрчийнхөө хувьд төрийн бодлого тодорхойлох хэмжээнд оролцоод байдаггүй Онцгой байдлын асуудал эрхэлеэн сайд С.Отгонбаярыг богино хугацаанд нэрд гарах боломжийг олж харж амжаа юу даа гэмээр. Хэн хүнд ийм бодол төрүүлэх түүний зурагтай мэдээлэл, гамшигт үзэгдлээс илүүтэй телевизийн цагийг эзэмших түүнийг өдгөө хүүхэд хөгшидгүй таньдаг болсон гэхэд хэтрүүлсэн болохгуй. Учир нь, тэрээр сүүлийн үед онцгой үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж, бодит мэдээллийг хургэж буй сэтгүүлчийн дүр бүтээх болжээ. Уурхайн осол, гал түймэр, гоц халдварт өвчин, химийн бодисын тархалт…Онцгой байдлын газрын эрх үүргийг эрхэм сайд өөрийнхөө үнэ төлбөргүй сурталчилгаа, PR болгон ашиглаж буй гэхэд хэтрүүлсэн болохгүй нь. Байгалийн гамшгийг ханын цаас болгон ашиглаж, гарц хайсан хүний уг өгүүлбэрийг зөөж ядан хэлэх түүний дүр төрх Монголыг байгалийн гамшгаас авардаг бол бас ч гэж яах вэ. Дээр нь, байгалийн гамшигтай зэрэгцээд С.Отгонбаяр сайдыг бөөцийлж, хотоос очсон түшмэдүүдийн тав тухыг хангах онцгой үүрэгт гамшигт өртсөн иргэд, орон нутгийнх нь удирдлага тэвдэж сандардаггүй бол бас ч гэж яахав.
Гэтэл арван литр усыг уулын орой руу зөөж, гоц халдварт өвчний хорио цээртэй бүсэд амь насаараа дэнчиж тавьж буй эрхэм тэмцэгчид түүнээс бага цалин авч, эх орны төлөө гэх хачирхалтай үүргийг биелүүлэх хатуу даалгавар авч буй гээд та бодоод үз дээ. Энэ үнэхээр байх ёстой бодит байдал, эрх мэдэлд хүрээгүй жирийн Монгол иргэний туулах ёстой хэцүү даваа юм гэж үү.
Харин Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь улсын мөн-гийг өөрийнхөө сурталчилгаанд ашиглаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зай талбайг үнэ төлбөргүй өөрийнхөөрөө ашиглаж болж байгаа юм уу. Бодит бэрхшээлээс тасарсан цэмцгэр дүр бүтээж ажиглагчийн үүрэг гүйцэтгэж зогсохоор ядаж чуулгандаа идэвхтэй суувал яасан юм бэ. Улс төр халтай хүндээ халтай, харин давруулах нэгнийгээ хэт давруулдаг бололтой. Тиймээс ч саарал ордонд Онцгой байдлын сайд болж од болдог юм билүү гэх явган яриа гарсан байна билээ.
(Ардын эрх 98/630)
Г.ЖАРГАЛ