Д.Наранчимэг Буруу хүнс хүний генд нөлөөлдөг
Гаднаас тээвэрлэгдэж орж ирж буй хүнсийг нуулгүй хэлэхэд хэр баталгаатай гэдгийг нь олон улсын стандартын яагуу холбогдох байгууллагууд сайн тодорхолж чаддаггүй гэвэл хилсдэхгүй. Тэр битгийн хэл эх орондоо үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүнд олигтой хяналт тавьдаггүй. Хоол, хүнс хүний эрүүл мэндэд хор учруулахгүй байх гол судсыг баригч нь технологч байх учиртай. Тэр хүний мэргэжлийн өндөр чадавхи, шударга хөдөлмөрөөс бүх зүйл хамаарна. Монголын томоохон болоод нэр хүндтэй хүнсний үйлдвэрүүдийн нэг Хатансүйх импэкс компанийн технологич Л.Наранчимэгийг энэ буландаа урилаа.
-Та мэргэжлийнхээ тухай, ажиллаж буй үйлдвэрийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Хүнсний салбарын мэргэжилтэн гэдэг бол маш сайхан, гэгээлэг ажил. Хүнс хоол хүний гол энергийн эх үүсвэр бөгөөд хэн бүхэн хоол хүнсийг хүсэж, баяр баясгалантайгаар иддэг, үүнээсээ сэтгэлийн таашаал авдаг. Хүнд баяр баясгалан өгнө гэдэг бол маш сайхан зүйл гэж эзэмшсэн мэргэжлээрээ би бахархаж явдаг. Тэр дундаа технологич байна гэдэг бол хоол хүнсний бүтээгдэхүүн боловсруулах төдийгүй зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн бий болгох, хүн амыг хүнсээр хангаад зогсохгүй хоол хүнс нь эм байх зарчмыг баримтлах, хүн ардын өмнө үндэстнийхээ удмын санд хор учруулахгүй, хойч үедээ ч ул мөрөө үлдээх хүнс үйлдвэрлэх далд тангараг өргөсөн хүмүүс байдаг. Сургууль төгсмөгц технологич болчихно гэж байдаггүй. Амьдралын явцад хамт ажиллах хувь тохиосон олон олон ахмад мэргэжилтэнгүүд, хамт олноосоо үлгэр дууриал авч их зүйлсийг сурч, дадлагажиж байж л жинхэнэ мэргэжилтэн болно. Одоо ч надад сурах зүйл их бий. Хатансүйх импэкс компани нь 1993 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлэж байсан анхны хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэг. Одоо Хатансүйх импэкс компани хиам, махан бүтээгдэхүүн, лаазалсан болон ууталсан махан нөөшнүүдийг үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна. Бид Монголын бэлчээрийн малын экологийн цэвэр махыг боловсруулж дэлхийн зах зээлд Монголынхоо нэрийг гаргах болсондоо маш их баяртай байдаг. Манай бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт болон химийн гаралтай хадгалалтын консервантгүй, цэвэр махан бүтээгдэхүүн тул олны сонирхлыг их татаж байгаа. 2003 оноос Япон улсад муур, нохойн хоолны зориулалттай адууны махан нөөш, 2004 оноос Өмнөд Солонгос улсад үхрийн хавиргатай шөл, үхрийн махтай шөл, 2006 оноос ОХУ-д үхрийн жигнэсэн мах зэрэг консервыг экспортлож байгаа.
-Танай үйлдвэрийн хиамыг хүн бүр мэддэг. Ямар онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлээд ийнхүү олны хүртээл болсныг сонирхож болох уу?
-Хиам бол маш нарийн технологитой махан бүтээгдэхүүн. Хамгийн гол нь технологийн бодлого нь ямар гэдгээс л шалтгаалах зүйл. Хиамны үндсэн түүхий эд болох мах хүртэл маш нарийн ангилгаатай байх жишээтэй. Нарийн ангилагдсан махаар хийсэн хиам нь хүртэл өөр өөр зэрэглэлийнх байдаг. Мамай компанийн хиам нь дээд зэрэглэл, I зэрэглэл, утлагат хиам, зайдас, махан бүтээгдэхүүн гэсэн хэсгээс бүрддэг. Чанарын шаардлагыг бүрэн хангасан үйлдвэрлэлийн орчинд сайн түүхий эдээр хийж, хэрэглэгчдэд нийлүүлдэг учир манай бүтээгдэхүүн чанарын баталгаатай, тус бүр өөрийн гэсэн өвөрмөц амттай байдаг.
-Хүн амын хүнсний хэрэглээ их өсөн нэмэгдэж байна. Амт чанар, сав баглаа боодлын өргөн сонголттой бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Хэрэглэгч яаж сонголт хийх вэ?
-Хүн хоол хүнсээ зөв сонгож иднэ гэдэг бол өөрийнхөө эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт учир чанартай, зөв хольцтой бүтээгдэхүүнийг л сонгох хэрэгтэй. Чанар бол сав баглаа боодлын өнгө зүсэнд байдаггүй шүү дээ. Ялангуяа, хиамны чанар бол хэрэглэсэн түүхий эдийн чанар, хийж буй тоног төхөөрөмж, үйлдвэрлэж буй технологийн арга барил болон эрүүл ахуйн нөхцөл гээд тоочихын аргагүй олон зүйлээс хамаардаг. Тэр байтугай хийж буй ажилчны эрүүл мэндээс хүртэл шалтгаална. Хүн бүр л чанартай сайн юм иднэ гэх. Харин хийж буй сонголт нь арай л өөр байх шиг байдаг. Хүн сонгохгүй байна гээд үйлдвэрлэгч нар өөрсдийн баримтладаг чиг шугамаас хазайхгүй л дээ. Сайхан хиам байж л байдаг, сайхан дээлтэй хиам ч л байдаг. Харин буруу хадгалагдсан хиамыг харахаар сэтгэл их зовдог. Зарим дэлгүүрт бүүр хөлдөөсөн ч бий. Энэ бол буруу хадгалалт л даа. Харин утлагат хиамыг хооронд нь наалдуулахгүйгээр өлгөж байх нь зөв боловч, худалдааныханд хорогдол их гардаг гээд тэгж хадгалдаггүй юм шиг байна лээ. Сайхан түүхий эд, олон хүний хөдөлмөрөөр бүтэж хэрэглэгчдийн гар дээр очдог бүтээгдэхүүн шинээрээ, сайн чанартай байж байвал сэтгэл хангалуун байдаг.
-Бараг хүн бүр хуучин Max комбинатын 7,20-ийн хиамыг санан дурсаж, одоо тийм хиам байхаа больжээ гэж харамсангуй ярьдаг. Та энэ талаар юу хэлэхсэн бол?
-Нээрээ тийм шүү. Энэ нь дараахь шалтгаантай гэж би боддог. Бидний 7.20-ийн хиам идэж байсан үед манай хүмүүсийн амтны мэдрэмж харьцангуй хязгаарлагдмал байжээ. Тэр үед гэрийн боорцог ч бас л амттай байсан даа. Гэтэл одоо хорвоо дэлхийн маш олон амттан шимтнийг бид идэж үзэж, олон амтыг таньдаг болсон. Өөрөөр хэлбэл, бидний амт таних рецепторууд маш ихээр хөгжсөн тул яг тэр амтыг хадгалж үлдсэн сэтгэгдэл л байгаа болохоос, амт үлдээгүй л гэсэн үг. Одоо тэр амтыг гаргаад ирвэл тийм сэтгэгдэл төрхүйц амттай санагдахгүй байх шүү. Яагаад гэвэл өөр арай чанга амтуудыг мэдэрч , хэрэглэдэг болсонтой холбоотой. Энэ хиамны жор одоо ч хэрэглэгддэг газраа хэрэглэгдэж л байгаа. Гэхдээ дахиад жаахан нэмэлттэйгээр. Яагаад гэвэл яг тэр жороор хийвэл арай л сул амт гараад байдаг. Сул амттай байна гээд нөгөө алдарт жортой хиамыг маань хэрэглэгч нэг удаа аваад л дахин авахгүй болчихно. Алдарт 7.20-ийн хиам маань бас өнгө зүсээ соличихсоон. Та зүсээр нь хайгаад олохгүй.Энэ хиам маань хагас утлагат хиам юм л даа. Улаан хүрэндүү өнгөтэй, стандартад тохирсон чийгийн хэмжээнээс шалтгаалаад үрчгэрдүү, гадна талаасаа утааны аятайхан үнэртэй байх ёстой байдаг. Ийм хиамаа хийгээд тавьчихаар хэрэглэгч маань үрчгэр, бараан өнгөтэй байнаа гээд авахаа больчихсон. Худалдагч маань ч дургүй, чийгээ алдаад үрчийгээд байна гэх. Гэтэл одоогийн хагас утлагат хиам гэдэг маань үхэр, гахайн гэдсэнд л савласан болохоос биш зөөлөн гөлгөр гадаргуутай , чийглэг өндөртэй чанамал хиамны л нэг төрөл. Ийм л хиамыг та өөрөө дэлгүүрт ороод сонгоод авна. Ингээд нөгөө жинхэнэ 7.20 хиам маань гологдоод төрөл арилжсан. Гэвч бас үгүйлэгдээд л байдаг.
-Ард түмний амьдрал муу байна. Бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулж, хямд бүтээгдэхүүн гаргавал тухайн компанид яаж тусах бол?
-Өнөөдөр махны үнэ ямар байгаа билээ дээ. Махаар хийдэг хиам маань махнаасаа хямд байхаар махаар хийсэн үү, үгүй юу, эсвэл ямар хямд мах хаанаас гарч ирээд байна гэж бодогдмоор. Хүмүүс гадаад яваад ирэхдээ мах нь яг л резин шиг гэж дуу алддаг. Гэтэл бидний иддэг мах жинхэнэ экологийн цэвэр, бэлчээрийн малын мах шүү дээ. Ийм махаар сайн чанарын хиам болно. Гэтэл энэ төрлийн үйлдвэрлэлд гажуудах хандлага ажиглагдаж байгаад отгэл нэлээд зовдог. Сүүлийн үед манайд хүнсний нэмэлтүүд маш ихээр орж ирж байгаа. Эдгээр хүнсний нэмэлтүүд дотор хэмжээнд нь хэрэглэвэл эм, хэтрүүлж хэрэглэвэл хор болох зүйл ч их бий. Max, өөх орлуулагч ч гэж байна. Ийм нэмэлт, орлуулагчуудыг махандаа холиод ёстой нөгөө резинэн хиамнууд гарна. Өртгийг бууруулна гээд бүтээгдэхүүний чанарыг орхигдуулж болохгүй. Бүтээгдэхүүний өртгийг бууруулах гэж төрөл бүрийн уураг, хүнсний нэмэлтүүдийг хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Европын Холбооны улс зарим төрлийн уургийг хиаманд холихыг хориглосон байдаг. Энэ нь хүний удмын генд нөлөөлдөг нь шинжилгээгээр тогтоогдсон юм билээ.
-Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ ирээдүйн талаар саналаа хэлэхгүй юу ?
-Нийгмийн харилцаанд өөрчлөн байгуулалт явагддаг шиг хүнс тэжээлийн хувьд ч мөн өөрчлөн байгуулалт явагдаж байна. Энд алдаа завхрал гардаг шиг хоол хүнсний гажуудал гэж бас байна. Саяхан Хятадын бэлэн хоол идсэн охидууд хордож үхлээ гэсэн мэдээлэл цацагдаж, монголчууд бид өөрийн эрхгүй хирдхийсэн. Хоол хүнс буруудвал тэр чигээрээ бактериологийн зэвсэг шүү дээ. Удаан хугацааны хэрэглээнээс хорт бодисууд хуримтлагдсанаас хордох, генд өөрчлөлт орох ч асуудал бий. Би олон зүйлийг эргүүлж бодож явдаг. Махны салбар Монгол Улсад үүсэж хөгжөөд 60 гаруй жил болжээ. Энэ хугацаагаа дагаад салбарын үйлдвэрүүд хөгжсөөр явна. Тэнд үйлдвэрлэгдэж байгаа бэлчээрийн малын махаар хийсэн бүтээгдэхүүнүүд дотооддоо төдийгүй гадаадад ч нэр хүндтэй байгаасай гэж боддог. Хоёр сая гаруйхан, Чингисийн удамтай монголчуудад хүнс тэжээлээр дамжин удмын генд өөрчлөлт орохоор хиймэл, химийн хольц ихтэй хоол хүнс бүү тархаасай гэж боддог. Хойч үе маань бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл чийрэг байгаасай. Бидний үе, хоол хүнсний шилжилтийн энэ үед зөв бодлого баримтлавал хойч үедээ нүгэл үйлдэхгүй дээ гэж байнга бодож явдаг.
-Та технологич хүн. Таны амтны мэдрэмж ямар байдаг вэ?
-Мэргэжил учир амтны мэдрэмж сайн шүү. Оюутан байхад лабораторийн хичээл заадаг багш намайг амтлах авъяастай гэж дигустатор бол гэж зөвлөдөг байсан. Үүнээс урам ороод ч тэр үү, эзэмшсэн мэргэжил болоод ч тэр үү, амтлагч, өвс ургамлыг их сонирхож цуглуулдаг. Түүнийхээ дагуу эрүүл мэндэд хэрэгтэй талаас нь хоорондоо амт үнэрийн хувьд болон хүний биед шингэх, ходоодонд боловсорч шимэгдэх талаас нь бодолцож бүтээгдэхүүндээ амтлагчуудыг сонгож хэрэглэдэг. Жишээ нь, амтлагчийн хувьд зөвхөн задьтай хиам ч байдаг. Ходоодны галыг сэргээх зорилготой зөвхөн улаан перецтэй хиам ч бий. Амтлагч, халуун ногоог зөв зохицуулж хэрэглэвэл эм болдог, монгол эмийн жоронд ч ордог л ургамлын гаралтай түүхий эд. Хүнсний бүтээгдэхүүнүүд хоорондоо зохицох тал дээр бас нэлээд бодолцдог. Манайхан бяслагтай хиаманд их дуртай. Би ч бас дуртай, хааяа идэхэд амттай сайхан л байдаг. Гэвч сүүний болон махны уураг хамт байхаараа хоол боловсруулалтанд яаж нөлөөлөх билээ гэж бодохоор нэг л тийм санагддаг. Энэ саналаа ч хамт ажиллагсаддаа хэлдэг. Дашрамд хэлэхэд манай хамт олон маш эвсэг, ажилсаг хамт олон. Нарийн технологи мөрдөх, ямар ч тохиолдолд ухаалаг шийдвэр гаргах, хийсэн ажлынхаа ард хүн ардынхаа өмнө хариуцлага хүлээж байдаг хүнсчид учир хийж чадах, оюунлаг, ажилсаг, тэвчээртэй хүмүүс л шигшигдэн ажилдаа үлддэг болохоор энэ шалгууруудыг давсан сэтгэл нэгтэй чадварлаг хамт олон дунд ажилладагтаа бахархаж явдаг.
Б.Сүрэн
2007.05.17 Бизнес таймс