Манай бөхчүүдийн авьяас

Нэг. Тогтдог Товуу

Хоорондоо 7, 8 хоногийн зайтай Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн хоёр залуу Бөх сонины ажилтан биднийг зориуд ажил болгон уулзаж аймаг, улсын цолтой бөх, спортын мастер аав, ах нарынхаа тухай дэлгэрэнгүй үгүүлсэн юм. Үүнийг бидний хувьд сонин маань хүрээ тэлж, уншигчдын эгнээ өргөжиж байна гэж олзуурхав. Нөгөөтэйгүүр тэдний хэлснээр Бөх сонин сумын начин, залуу бөхөөс улсын дархан аварга цолтон хүртэл ялгаварлахгүй сурталчлан бичиж буйд талархсан явдал. Энэ нь МҮБХ-ны бодлого. Холбооныхоо бодлого зорилгыг олон уншигч, бөх сонирхогчиддоо түргэн шуурхай үнэн зөв хүргэх нь сэтгүүлч бидний үүрэг. Малчин залуу Товуугийн Балдорж мянгаад км-ийн зам туулж, ах дүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул Сайхан сумын нутагт суурьшаад хэдэн жил өнгөрөв. Тал хээрийн мал хангай газрын өвсөнддасахгүй, бас нэрмээс болж зуданд өртөөд, бүтэн баг бүрдүүлж асан хуучин нутгийнхан Говьсүмбэр аймаг уруу ахин нүүдэллэжээ. Балдоржийн ах нар, ганц нэг малчин шинэ газартаа үлдлээ. Нүүсэн суусан хэн хэн нь хожсон гэж болно. Алтан гахай жилийн босгонд Говьсүмбэр аймгаас улсын сайн малчин анх төрсөн нь мөнөөх нүүдэлчдийн нэг, малчин Очирбат байлаа. Очирбат албан хариуцлагатнаас малчин болсон цөөн жилдээ мал сүргээ 2000-д хүргэн өсгөсөн байна. Тэрээр гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Цогтгэрэлийн төрсөн эцэг юм. Энэ тухай түр завсарлан үндсэн бичлэгтээ оръё. 1957 оны 8-р сарын налгар өдөр. Завхан аймгийн Дөрвөлжин сумын төв Таван толгойд туг, далбаа намирч зүг зүгийн наадамчдын хөл хөдөлгөөн, хэнз ногоог хэсэгчин, хөрстийн тоосыг тэнгэрт босгон байлаа. Энэ нь дөрвөн аймаг, хорь гаруй сумдын залуусын урлаг, спортын уулзалт, өндөр ургацын баяр наадам болох гурван өдрийн эхлэл. Хээ угалзаар хошмог тавин гангарсан хүрэн, хөх дээлтэй засуулууд тэр аймаг сумын заан зодоглоорой гэж бүдүүн нарийн өөр өөрийн өвөрмөц хоолойгоор нэн уянгалаг дуудах юутай сонин, сайхан. Ургамалын Гогор /Дорлиг/ заан ирж амжаагүйгаас манай гарьд ожоо Цэрэндорж зүүнд, баруунд Аюушжав дагавар магнайд Мижид Увсын Жаргал заанууд гарах гэнэ. 128 шигшмэл бөхчүүдээс ам давах ай бас амаргүй нээ. Тэгээд ч нэгийн даваанаас нэг нэгийгээ огт танихгүй, хэрхэн ямар мэхтэйгээ мэдэхгүй залуус учирна. Мөн ч гоё наадам болох нээ гэж хуучин танилууд гаанс хөөрөг зөрүүлэх хоромд сэтгэл хангалуун хуучилна. Нэгийн давааны сүүл үрүү сумын начин цолтнууд хоорондоо таарч хүч сорив. Ховд аймгийн Мянгад сумын начин Очир гэдэг махлаг шар залуу хэд дахин дуудуулсны ард жороо хээр мориныхоо явдлаар галгиулан ирж, хурд саарангуут буун харайн морио сул орхиод зүүн асар өөд гүйлээ. Суманд бүү хэл, аймагт ховор үзэгдэх эрээн алаг сорочик цамц, ногоон торгон дээл, угалзтай монгол гутал, бажгар дурдан бүс, саарал шлепээр гангарсан энэ залуу дээр олны харц унах илт ээ. Очирын учраа Загд гэж хөрслөг бор залуу түүнтэй цаг шахам ноцолдоод хаялцсангүй. Засуулууд төв асрын хажуугийн майханд бөхөө дагуулан орж, айргаар амыг зайлуулахдаа За та хоёр одоо түргэн барилд. Хэн хэн нь мэхээ хий. Наадамчид та хоёрыг харж ханаад, одоо уйдах тийшээ болох нь байна шүү гэж зэрэг зэрэг зөвлөнө. Гурван наадамд дараалан түрүүлж, арав хоногийн өмнө болсон зэргэлдээ Ургамал сумын наадамд а/з Тогнооныг хаячихаадХайн хайн гэж шийдэхээр Би нэг наадамд унагасан бөхтэйгээ дахиж барилддаггүй гэж зөрүүдэлсэн с/з Товууг шууд хасч унасанд тооцжээ. Эмнэг сургах, хадлан бэлтгэх ажилд аваргалан хошой аваргын шагнал гардахаар дарга нарын суудал чиглэн алхах Товуу Очир начингийн хажуугаар өнгөрөхдөө хэрхэн барилдахыг зөвлөв бололтой. Чухам ямар мэх заасан нь сонсогдсонгүй. Очир халз дэгээ хутгаж хөөсөөр давав. Бэртсэн яс эвлүүлэхдээ гойд, бариа засал хийдэг гэж хэдэн сум дамжин алдаршсан Очир гуай далан хэдэн насанд дарагдалгүй төрөлх нутагтаа мал сүргээ өсгөсөөр яваа билээ. Товуу 2-ын даваанд яргай бор махтай залууд суйлах, этих, тонгорох мэхээ угсруулан байж давахад Очир начин Өнөө жил Увс аймгийн наадамд 4 давсан залуу. Товуу тулдаа давлаа. Мөн ч хатуу оноож байна шүү. Зан зангаа мэдэхгүй, зүс хараагүй залуусын хэн нь сайн мууг яаж мэдэх вэ гэж толгой сэгсэрч суулаа. С/н Буур, с/з Сэрээтэр нартай удаан барилдаж цуцсан Увсын заан Жаргалыг Товуу ганцхан зайлаад сөхрүүлчихэв.

Тавиад оны сүүлч бол Завхан аймгийн залуу арслангууд улсын цолтонгуудаа залган тодорч байсан үе. Ёндон Ананд нар ирсэн бол наадам улам сайхан болж Товуугийнхаа хэр хэмжээг бүр илүү мэдрэх байсан гэж ахмадууд ярилцана. Ховд аймгийн 1945 оны үзүүр бөх Д.Пагважав зааны хүү Товуу 1959 онд МЗОАФ-д сум сумаас шалгарсан 26 бөхийн тойрогт 3-р байр эзлэн а/з цол хүртээд, а/а, багш мэргэжилтэй Мягмаржавт Таныг бол би тушаатай байсан ч дийлэхгүй юм байна. Улсын цол аваагүй үед чинь Улиастайн төвд барилдаад хэрэггүй нээ гэж хэлсэндээ хүрч, ойр хавийн хэдэн суманд зодоглосоор цолоо ахиулж амжсангүй. Завхан аймгийнхаа 60 жилийн ойгоор хурдан хүлгээ сойж уралдуулан хязаалан, соёолон нь түрүүлж, их насны шарга морь нь айрагджээ. Угалз ширээлсэн гөлөм гардсан Товуугийн уран гараат начин Г.Баттогтохтой татуулсан патиар нэг хүүгийнд нь байдаг гэнэ лээ. П.Товуу эмнэг сургалтын спортын мастер цол хүртсэн сум, аймгийн хөдөлмөрийн аварга байв. Сум, аймгийн их бага наадмаас морьдоороо 50 шахам түрүү, айраг, өөрөө сум, бригадын өдөрлөгөөс 30 гаруй түрүү авсан сайн бөх явсаан. Бөх, морины байнд даага, бүдүүн морь цөөнгүй гардсан хүн. Хүүгийн нь өгсөн зургийг тайлбарлая. Ховд аймгийн Чандмань сум-нэгдлийн 20 жилийн ойгоор а/а Амар нь олгой өвдсөнөөс түрүү үзүүрт тэгтлээ хүч гарган барилдаж амжаагүй аж. Хоёр жилийн дараа сумынхаа Хоёрдугаар таван жил нэгдлийн ойгоор аймгийн арслан заан хоёр үлдээд байх үед сонирхогч зурагчин энэ зургийг даржээ. Сайн ажигла. Цэрэг ахуйдаа Дархан хотын (1963) наадамд 7 давж түрүүлэхдээ долоон удаа солгой гар ачиж давсан гэгдэх Амар арслан холхиндог гуталтай байгаа биз дээ. Сум-нэгдлийн дарга нь аймгийн цолтой 2 бөхөө тусгай байрлуулан амраажээ. Арслангийнхаа өмсдөг размераар монгол гутал захиалан оёулсныг ойн өмнөх өдөр шагналын бараа ачиж авчирсан жолооч даргадаа хүлээлгэн өгчээ. Дарга баярын хурлын өмнө а/а Амарт өмсгөтөл оймстой бүү хэл нүцгэн хөлийн хуруу тулаад болсонгүй. Гэвч Амар даргынхаа өглөгч сэтгэлийг бодож, хөлийн хурууг хавчтал нухаж байсан ч холхиндог шургуулан барилдсаар түрүүлсэн түүхтэй. Үзүүр Товуу зааны шуудгийг хар. Яг ийм шуудгийг гучаад оны сүүлчээр Дорнодын бөхчүүл у/а У.Дамчаа, Х.Өлзийсайхан нар өмсөж байсныг зурагнаас хараа байлгүй. 1956 онд 20 настай Товуу Завхан аймгийн заан, бага Баярхүү гэдэг бөхөөс 25 төгрөгөөр худалдан авч барилдаад тэр жилээ сумандаа түрүүлж заан цол хүртжээ. Дээр үеийн дотор газрын чисчүү ус бороонд норлоо ч агшиж татдаггүй, урж тасчих тухай огт ярилтгүй бөх эд гэнэ лээ. Ийм шуудаг монгол орны зүүн баруун хязгааргүй түгсэн гэхээр нэгэн үе цөөнгүй бөх хэрэглэдэг байсан байх. Завханы бага сохор хэмээх а/з Баярхүү цэргийн албыг 5 жил хаахдаа сонсонд 30-40 эргэж, модон морины цаад талд сэлэм зоон дээр нь цэргийн есөн малгай давхарлан тавиад хийгүй дүүлэн гардаг нэгэн байжээ. Хальт дарвал амь эрсдэх хатуу л тоглоом байж. Чадалтай нэгэнд бол хялбар үзүүлбэр байсан буй заа. Товуугийн хувьд бугуйл хүрэх газар ямар ч ороо догшныг тогтоон сул мордоод номхруулж орхидог онцгой чадавхиараа олонд шагшигдсан Тогтдог Товоо нэртэй нэгэн байсан даа.

Хоёр. Улсын рекорд начин

Хоёрдахь туурвилын зургийг харсан бүгд ховор зураг. Мөн ч залуу байж дээ гэлцэв. Бөх судлаач, залуу Б.Цогтбаатар Миний цомогт ийм зураг байхгүй гэж хэллээ. Энэ зураг чухам хэдэн оных болохыг таахаас шууд хэлэх хүн таарсангүйд нэг таамаг дэвшүүллээ. Одоогийн дархан аварга Х.Баянмөнхийн гутал, зодог, шуудгийг харахад 1962 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах барилдааных бололтой. Энэ барилдаанд у/н Цэдэвсүрэн Хоршоолол а/н Х.Баянмөнх Соёл нийгэмлэгээс шалгарч барилдан оюутан Баянмөнх улсын цолтой 6 бөхийн дараа орж анхны шагнал гардсан үеийнх байх аа. Аваргаас асуувал шууд хэлэх мэдээж учир дараа баталбал шимтэй санагдана. Ховд хотын 200 жилийн ойг 1962 оны 9-р сард тэмдэглэхэд тэр үеийн багшийн сургуулийн орлогч захирал Д.Нацагдорж 2-р дамжааны оюутан Баянмөнхөд шинэ зодог шуудаг, замын зардал олгон том аймгийн ойгоос цол авахыг үүрэгджээ. Залуу бөх багшийн даалгаврыг хөсөрдүүлэлгүй 256 бөхөөс 5 давж, у/н Баттогтоход унаснаар анхны цолоо Ховд аймгаас авсан билээ. Начин цол авахдаа Ховдын Эрдэнэпүрэв, Увсын Намдаг зэрэг шилдэг бөхчүүдийг орхисон гэдэг. Ирснийхээ дараахны бямба гаригт Хөдөлмөр-т болсон 32 бөхөөс у/з Л.Сосорбарам (у/а) Баянмөнхийг амлаж барилдахад Баянмөнх толгой уургалан солгой дэгээ ороон хөмөрч давахад оймсны хараа нь өргөдсөн бололтой далбагнаж байсныг санаж байна. СТО-нд болсон барилдаанд Цэрэн аварга Гүрбадам зааныг Чойжоо арслан у/н Цэдэвсүрэнг амлаж, Цэдэвсүрэн эхний үед ихэд зориглон бярдах маягтай ч арслангийн хавираанд тогтоогүй билээ. Чойжоо, Дамдиндорж хоёрын хавираа, өмсөөг дархан гэхгүй бол өөр хэний ямар мэхийг дархан гэх вэ гэлцэж байсаан. Цэдэвсүрэн 1960 онд аймагтаа түрүүлж а/а цол авчээ. 1961 оны МБАТ-ний анхдугаар спартакиадад аймгаасаа шалгарч оролцоод хотод суурьшсан байх. Байнга биш ч хааяа нэг барилдахдаа Хоршоолол-ын гэгдэж байсныг гадарлана. 1963 оны МБАТ-ний 2-р спартакиадад Хоршоолол нийгэмлэгээс шалгарч оролцон 21 даваагаар улам нэмэх чимэг авах үедээ хүндийг өргөлтөөр хичээллэдэг байжээ. Жиндээ улсын рекорт тогтоосон баримт бий. 1962 оноос чөлөөт бөхөөр хичээллэн хүнд жинд мөнгө хүрэл медаль, сүүл үрүүгээ самбод шилжин мөн л мөнгө хүрэл медаль авч байсан төдийгүй самбо барилдааны 1971, 1972 оны +100 кг-ийн улсын аварга. Энэ нь юм юманд авхаалж самбаатай байсны тодорхой баримт. Улсад 6 удаа 4 даваад у/а Чойжилсүрэн, Л.Сосорбарам (2 удааО, Ж.Хайдав у/н дүүгүүр Д.Гомбосүрэн нарт унаж байжээ. Нярвын ажлаас тээврийн тэрэгний жолооч, хэсгийн дарга зэрэг алба хашиж явсан, төрдөө үнэнч, түмэн олондоо нэр нүүртэй нэгэн. Гэр бүл С.Мэгзэм нь оёдлын үйлдвэрт ажилласаар тэтгэвэрт гарчээ. Гурван хүүгийн том хоёр Болоож, Болдбаяр нар цэрэг, аймгийн начин. Начны төрсөн дүү нар С.Цэнд-Очир а/з, бас нэг дүү Баярсайхан цэргийн заан цолтой, чөлөөтийн спортын дэд мастер, чөлөөт бөхийн цөөнгүй медальтан. Цэдэвсүрэн начны ам бүл, ахан дүүсийг начин, зааны өнөр гэр бүл гэж энэ бүхнээс дугнэж болно. Цэдэвсүрээн чи 200 кг төмрийг түүртэлгүй өргөдөг юм чинь, түүн шигээ баглаж атгаад наад хэдийгээ шидчихэж болохгүй нь уу гэж Лүгдэв засуулчийг хэлэхэд Араатай төмөр өргөх амьд хүнтэй барилдахаас өөр юм байна. Энэ хэд маань биеийн жингээр зуу хурэхгүй ч барилдах үедээ бяр нь нэмэгдээд гурван зуу элбэг хүрдзт байх аа гэж хэлж байсан гэлцдэг. Мөн 1963 оны спартакиадад Жамъяндорж арсланг тун дөхүүлээд биен дээрээ татчихаж, Дашдаваа начин Та тэмээ өргөдгийг тэнд энд тэнтэр тунтар гишгүүлэн тэвдүүлж байгаад өөрөө дор нь яагаад орчихов гэж асуухад Халтираад гэж нэрэлхээд яахав. Хариугүй муу Цэ ахын нь бяр дутсанаас болчихов оо гэж хариулжээ. Энэ бүхнээс дүгнэхэд хөгжөөнч, наргианч нэгэн байсан тодорхой. Самбо бөхийн улсын шигшээ багийн гишүүн байх үедээ 1977 онд Рига хотод болсон Европын нээлттэй аваргын тэмцээнд шагналт 4-р байранд шалгарч багийн дүнд зохих хувь нэмрээ оруулсныг нэг багийнхан одоо ч дурсан ярих юм билээ. Дүү Баярсайхан нь төрөлх Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумандаа биеийн тамирын багшаар ажиллаж байна.

Ш.Мягмар

Бөх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button