Дуучин Р.Номин-Эрдэнэ Ямар нэгэн шахалтанд орохгүйгээр хийе гэсэн үедээ шинэлэг, чанартай, гоё тоглолт хийнэ
-Холын хүнээс үг сонс гэдэг. Та Японд амьдарч байгаа монголчууддаа зориулж тоглоод ирсэн бил үү?
-Нийслэл Токио болон Чиба, Нагоя хотод ажиллаж, аж төрж буй нутаг нэгтнүүддээ уран бүтээлээсээ толилуулаад ирлээ. Тэд маань тун сайхан хүлээж авсан. Эндээс шинэ жилийн өмнөхөн яваад дөрөвдүгээр сарын сүүлчээр эргэж ирсэн гэж бодохоор чамгүй урт хугацааны аялал байгаа биз. Янз бүрийн олон жижиг жижиг арга хэмжээнд ая дуугаа өргөхөөс гадна сайхан амарлаа. Гэхдээ зүгээр нэг амраад ирсэн юм биш, япончууд хөгжмийн ямар урсгалыг сонирхож байна вэ, тэнд ямар урсгал газар авч байлдан дагуулж буйг судалсан юм. Бас Монголынхоо рок, поп урлагийг тодорхой хэмжээнд сурталчилсан гэж бодож байгаа. Намайг тэнд байх хугацаанд Камертон хамтлагийн ахлагч, дуучин Болд очиж тоглосон. Сая Номин Талст хамтлагийнхан маань тийшээ явлаа. Мөн монгол оюутнуудынхаа болон сумочдынхоо шинэ жилийн баярт хүрэлцэн очсон. Дашрамд дурдахад манай сумочид баяр ёслолоор ер нь л наргихдаа наргиад, бэлтгэл сургуулилттай үедээ бэлтгэлээ хийгээд тун сайхан хүмүүс байдаг юм билээ. Монгол орныг япончууд, сумочдоор маань илүүтэй мэддэг бол Монголын рок, поп урлагийг бага ч атугай сурталчилж таниулсандаа маш баяртай байна.
-Оролцсон арга хэмжээнүүддээ японоор л дуулаад байв уу. Нууц биш бол ямар өртгөөр дуулж байсан юм бэ?
-Уригдсан арга хэмжээнүүддээ төрөлх хэлээрээ ч, японоор ч дуулсан. Заримд нь англиар хүртэл дууллаа. Тэнд юмны үнэ өртөг харьцангуй өндөр байдаг тул тоглолтын ханш ч бага биш байдаг. Ямар нэг тоо хэлчихвэл манайхан тооныхоо машиныг гаргаж ирээд Энэ Номин бараг дөрвөн cap Японд тоглоод хэдэн төгрөг олов гээд л бодоод эхэлдэг биз дээ /инээв/ Ерөнхийдөө нэг концертын билет 40-50 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм. Харин арга хэмжээнд арай өөр л дөө. Хоорондоо ярьж тохиролцож байгаад л дуулчихна.
-Японоос өөр олон улс оронд
-АНУ, Германд ажиллаж амьдарч буй нутаг нэгтнүүддээ уран бүтээлээ сонирхуулж байсан. Мөн Английн Лондонд, БНСУ-ын Сөүлд гээд л нилээн хэдэн оронд байгаа монголчууддаа тоглож байсан юм байна шүү.
-Цаашид японоор дуулж, цомог гаргах уу. Яагаад япон дуу дуулаад байдаг юм бэ?
-Хойшид японоор дуулаад, цомог хэвлүүлнэ гэсэн төлөвлөгөө одоохондоо алга. Япон дуу дуулдгийн тухайд бол аялгуу нь үнэхээр таалагддаг юм. Ер нь би цаашдаа зөвхөн англи, япон биш солонгос, франц дуу дуулах бодолтой байгаа.
-Харь оронд олон тоглолоо. Гэтэл нутагтаа бие даасан тоглолтоо хийгээгүй л байдаг
-Анх Спайк хамтлагт орж, дуулж эхлэснээс хойш арваад жилийг ардаа орхижээ. Энэ бол бага хугацаа биш. Нэгэнт арав гаруй жил дуулаад бие даасан тоглолт хийхийг яараагүй юм чинь ямарваа нэгэн шахалтанд орж, концерт тоглохыг урьтал болгомооргүй байна. Өөрөөр хэлбэл хийө гэсэн үедээ шинэлэг, чанартай, гоё тоглолт хийнэ.
-Хамгийн сүүлд Хүсэл, Зураг нэртэй хоёр цомог гаргаснаас хойш ерөнхийдөө амарч байгаа байх аа?
-Харин тийм ээ. Хүсэл, Зураг цомгуудаа ойрхон гаргасан болохоор ядаргаанд ортлоо их ажилласнаа анзаараагүй явж. Тэгээд ч би робот биш болохоор өөртөө хүчээр амралт өгсөн. Түр зуурын пауз авсан маань ийм учиртай. Би Ганцхан чамдаа, Номико, Хүсэл, Зураг гэсэн бие даасан дөрөв, дуучин Минжинсортой хамтарч Ганцхан нийт таван CD гаргасан. Одоо нилээд хэдэн шинэ дуундаа клип хийлгэхээр төлөвлөөд байна. Удахгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орно. Үзэгч сонсогчид маань миний шинэ уран бүтээлийг цаг тухайд нь үзэж сонсвол дээр болов уу.
-Жил бүрийн 6-р сарын 25-нд Пентатоник наадмыг зохиох болсон. Энэ жилийнхэд та оролцохгүй нь ээ?
-Пентатоник-т жил болгон оролцдог. Манай рок, попынхны баяр болохоор тухайн жилдээ шинэ уран бүтээл хийсэн бол түүнээсээ дуулна. Хэрвээ амарсан бол Пентатоник-ын санал асуулгад оролцох ёстой 50 гишүүний нэг гэдэг утгаар саналаа өгдөг юм.
-Зохиолын дуучдын талаархи таны бодол
-Рок, попынхон ч, нийтийн дууныхан ч нэг л зорилготой хүмүүс. Өөрөөр хэлбэл цөмөөрөө дуучид. Нийтийн дуучдыг нэг их үгүйсгээд байдаггүй ч миний сонсох дуртай төрөл жанр биш. Зохиолын дуунууд дотор олон сайхан дуу байдгийг үгүйсгэж болохгүй. Нийтийн дуучид маань ээж, аав, эх орон гурвын тухай дууг хэт дуулж явцуу болгосон. Тэдний залхтал дуулаад байх нь таалагддаггүй. Би ч гэсэн ийм сэдэвтэй дуунуудаас барьж аваад дуулж болно шүү дээ. Гэхдээ хүний хамгийн нандин сэдэв болох аав, ээж, эх орны тухай дууг оромдож дуулахыг хүсдэггүй юм. Төрийн хошой шагналт Жанцанноров гуай, хөгжмийн зохиолч Сэр-Од гуай нарын дуунууд цаанаа л өөр, аялгуулаг байдаг. Мөн сүүлийн үед зохиолын дуучдын дунд дагалдан баясагчид олноороо гарч ирж байна. Тэд хослон дуулбал л амархан нэрд гарч, хүмүүсийн танил болно гэж боддог бололтой. Эрэгтэй нь Жавхланг, эмэгтэй нь Баясгаланг дууриагаад л. Хүн бүхэн өөрийн гэсэн өнгө аястай, жанртай байх ёстой. Аливаа урлаг байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байх ёстой шүү дээ.
-Танд хамтарч дуулъя гэсэн санал зохиолын дуучдаас ирдэг үү?
-Санал нилээн ирдэг ч надад тийм сонирхол үгүй учраас татгалздаг.
-Ингэхэд өөрөө СТА байх аа?
-Үгүй ээ, үгүй. Би ер нь шагнал урамшуулалд дургүй, хойноос нь яваад байх бүр ч дургүй. СТА ч бай, УГЖ ч бай, ямар ч шагналыг авах ёсгүй хүмүүс нь аваад нэр хүндийг нь унагаагаад л байх юм. Үнэндээ гуйж биш гуядаж авах ёстой юм шүү дээ, тэр шагналыг чинь.
-Дуучин болоход тань хэн нэгэн нөлөөлсөн үү? Урлагийн удамтай юу?
-Аав, ээж хоёр маань намайг зургаан настай байхад төгөлдөр хуур худалдан аваад бэлэглэж байсан юм. Гэхдээ бүр том, өндрийг нь гээч. Багадаа авч байсан хамгийн том бэлэг маань болох төгөлдөр хууртай болсон тэр үеийг би ердөө ч мартдаггүй. Тэр үеэс хойш өөрөө ая зохиож дуулдаг болсон. Ингээд л хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид орж суралцаад дараа нь СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн юм. Манай удамд урлагийн хүн бий.
-Тэгвэл яаж яваад Спайк-д орчихсон юм бэ?
-Анх Мөнхтуяа, Маралгуа хоёр Хамтлаг байгуулъя гээд Минжинсортой танилцчихаад байсан юм. Ингээд л надад саналаа хэлж, бид нэг хамтлаг болсон. Спайк-д байсан үе бол миний амьдралын алтан үе юм шиг санагддаг. Хамт амьдарч бүх зүйлээ хийгээд хамтдаа ёстой л сэтгэлээрээ байдаг байлаа. Сонор студи байгуулагдаж байхад бүх мөнгөө нийлүүлээд анхны дуугаа бичүүлсэн, бас анхны тоглолт, клип бүгд л дэндүү сайхан. Пентатоник-1997″-гоос шилдэг дебют хамтлагийн шагнал авч байсан гээд бид дөрвийн хамт байсан үе мартахын аргагүй дурсамжаар дүүрэн.
-Саяхан Ice top, Дижитал хамтлагийн зарим дуучин, DJ Өөжий нар хар тамхины хэрэгт холбогдож, хорих ялаар шийтгүүлсэн нь багагүй шуугиан тарилаа
-Харин тийм ээ. Миний хувьд нилээн гайхсан. Бас их харамссан. Нарийн сайн мэдэхгүй ч гэсэн тэдэнд өгсөн хорих ял арай их юм шиг санагдсан шүү. Мөн манай шүүх, прокурорынхон шударга байж чаддаг юм уу үгүй юу гэдэг эргэлзээтэй санагдсан. Өнгөц харахад баян айлын хүүхдүүд зүгээр гарчихсан юм шиг санагдаж байна билээ.
-Хамтлаг, дуучид та нарыг ч хүмүүс мөнгөтэй, баян гэж ойлгодог шүү дээ
-Баян айлын хүүхдүүд гэхээр цаанаа нь мөнгө төгрөг, дээр нь албан тушаал байгаа юм болов уу л гэж бодсон. Шүүгчдийн хувьд жаахан шударга биш байдал ажиглагдсан. Гэхдээ би нарийн сайн мэдэхгүй байна. Хорих ялынх нь хугацаа арай л их юм шиг. Тэд энэ хугацаанд ямар их зүйлийг хийж бүтээх байсан бол гэж бодохоор үнэхээр харамсалтай /санаа алдав/.
-Таныг хамартаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж ярьж бичдэг. Энэ үнэн үү?
-Биднийг сүүдэр шиг дагаж явдаг нэг зүйл хов жив. Энэ нь нэг талаараа хэцүү ч гэсэн, нөгөө талаараа байх ёстой л зүйл. Яагаад гэвэл энэ хүн амьд байна, энд явж байгаа гэж хэлж байгаа байх л даа. Харин би хамартаа мэс хүргүүлээгүй. Миний хамар байдгаараа л байгаа. Ер нь миний нүүрний ерөнхий төрх аавыгаа, нүд маань ээжийгээ дууриасан юм шүү дээ. Намайг 2-3 мянган доллараар хамартаа мэс засал хийлгээд, өөхөө соруулсан юм бичсэн байсан. Надад тэр 2-3 сая төгрөг олдвол галзуу гоё ганц дуу хийлгэх юм сан л гэж боддог.
-Ингэхэд найз залуутай юу. Түүнийг сонгоход хэр өндөр шалгуур тавив?
-Тэр маань Японд сурдаг. Бид ирэн, очин амьдарсаар удсан болохоор хүмүүс бидний чин үнэнч дурлалыг биширдэг юм шүү. Гэхдээ шалгуур энээ тэрээгийн талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Мэдээж боловсролтой, ухаантай хүн болохоор амьдралдаа ч ухаалаг хандах байх гэж боддог.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ш.Билгүүнтөр
Хань