Д.Мөнхбаатар Газрын наймаа, газар булаалдах асуудлыг шинэ хуулиар хаана

-Газрын тухай хууль батлагдаад бас ч хэдэн жил боллоо. Юуг нь өөрчлөх шаардлагатай болсон юм бэ?

-Газрын тухай хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нар гарын үсэг зурж баталсан юм. Уг үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан яам дундын ажлын хэсэг Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Монгол Улсын төрөөс явуулж байгаа газрын шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн ялгаа, заагийг бодитой болгох, тэдгээрийн хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, газрын харилцааг төр, иргэнд харилцан ашигтайгаар зохицуулах эрхзүйн орчин бий болгох зорилготой юм. Газрын тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдоод Монгол Улсын нэлээд хэдэн хуульд өөрчлөлт орно.

-Гол ямар өөрчлөлтүүд орж байгаа бол?

-Монгол Улсын иргэн, хуулийн этгээд төдийгүй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг газар эзэмших эрхтэй байхаар төсөлд тусгасан. Гэхдээ Монгол Улсын иргэний газар өмчлөх эрхээс ялгагдах зарим зохицуулалтыг хийж өгсөн. Мөн газар эзэмших эрхийг барьцаалахдаа эрх бүхий Засаг даргын зөвшөөрөл авдаг байсныг өөрчлөн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлснээр бусдад барьцаалдаг байхаар төсөлд тусгасан.

-Газар эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж бөөн явдал болдог?

-Тийм ээ. Газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэлийг шууд тодорхой болгох замаар газар өмчлөх эрхээс тусад нь зааж өглөө. Харин гадаадын иргэн, хуулийн этгээд газар ашиглах эрхтэй байхаар зохицуулсны зэрэгцээ Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хязгаарлагдмал нөхцөлөөр газар ашиглах эрхтэй байхаар төсөлд тусгалаа. Газар ашиглалтын хэлбэрээс хамааруулан газар эзэмших үндсэн таван зориулалт байхаар хуульчилж өгөх юм. Үүнд, гэр бүлийн хамтын хэрэгцээний, аж ахуйн үйл ажиллагааны, төрийн байгууллага, албан газрын хэрэгцээний, нийтийн зориулалттай орон сууцны байшин, хотхон, хороолол барих, бэлчээрийн гэсэн зориулалтууд байх юм.

-Эдгээр зориулалтын газрыг хаанаас ямар зөвшөөрлөөр олгох юм бэ?

-Гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төрийн байгууллага, албан газрын хэрэгцээний зориулалтаар тухайн этгээдийн өргөдөл болон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн Засаг дарга шийдвэрлэнэ. Нийтийн зориулалттай орон сууц барих газрыг уралдаант шалгаруулалтаар, бусад аж ахуйн зориулалттай газрын асуудлыг зөвхөн дуудлага худалдаагаар шийдвэрлэх юм.

-Газрын харилцаанд байгаа нэг ноцтой асуудал нь газар чөлөөлөх. Үнэ тохирохгүй байна гээд хэдэн cap, жилээр чөлөөлж өгөхгүй суучихаж байна шүү дээ. Энэ талаар хуульд өөрчлөлт орох болов уу?

-Одоогийн мөрдөж байгаа Газрын тухай хуулийн, газрыг захиргааны журмаар албадан чөлөөлж байгаа зохицуулалтыг өөрчилсөн. Албадан чөлөөлөх асуудлыг зөвхөн шүүхийн журмаар шийдвэрлэдэг болохоор төсөлд тусгаж байгаа юм. Энэ нь иргэдийн хувийн өмчийн халдашгүй байдлыг хангахын зэрэгцээ, шаардлагатай тохиолдолд хэрэглэх төрийн албадлага үндэслэлтэй байж хэрэгжилтэд сайнаар нөлөөлнө гэж үзсэн. Тухайлбал, Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн болон Их сургуулийн гудамжийг 32-ын тойрогтой холбох замын ажил хуулийн цоорхойгоор яаж удааширлаа даа. Одоогийн төслөөр бол энэ асуудлыг амархаан шийдчихнэ.

-Газрын наймаа гэж айхтар юм бий шүү дээ. Хот, дүүргийн Засаг дарга нар давхардуулаад олгочихдог, шарилын газрыг хүртэл хуваагаад худалдчихдаг болж байгаа. Энэ бүхэнд хориг хаалт тавьсан юм бий юу?

-Байлгүй яахав. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр газрын наймаа гэсэн үг мартагдах болов уу. Энэ төсөлд тусгасан нэг гол зүйл бол газрын мэдээллийн сангийн асуудал юм. Газрын сангийн удирдлага нэгдсэн байгаагүйгээс эрх мэдэл бүхий хүмүүс газрыг дур дураараа давхардуулж олгодог асар их будлиан байсан. Үүнийг болиулах зорилгоор аймаг, нийслэлийн Засагдарга л газрын мэдээллийн сангаа удирдаж, шийдвэр гаргаж байхаар төсөлд тусгасан.

-Хөдөөний иргэд газраа булаалдаад бие биеэ егүүтгэх боллоо. Энэ талаар хуулийн төсөлд тусгасан зүйл бий юу?

-Бэлчээр нутгаа булаацалдах болсон нь үнэн. Энэ талаар хуулийн шинэчилсэн төсөлд нэлээд тодорхой тусгаж өглөө. Бэлчээрийг иргэд болон тэдгээрийн хамтын нөхөрлөл, хоршоонд эзэмшүүлж ашиглуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгосноор байгалийн бэлчээр, хадланг хуваарьтай, зохистой ашиглах, хамгаалах, хөрөнгө оруулалт хийж сайжруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Хуулийн шинэ заалтууд нь эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн хөгжилд таатай нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.

-Таны ярьж байгаа болон яриагүй олон өөрчлөлт орсноор бусад хуулиудад яаж нөлөөлөх бол?

-Монгол Улсын 20 гаруй хуульд өөрчлөлт орох байх.

-Хэрэв энэ төслөөр Газрын тухай хууль өөрчлөгдчихвөл гэрээ, гэрчилгээ солихоос эхлээд бөөн чирэгдэл болох биш үү?

-Өмнө олгогдсон гэрчилгээг солих ажлыг зохион байгуулахгүйгээр зөвхөн бүртгэх, баталгаажуулах асуудлыг уг хуулиар зохицуулах юм.

-Монгол Улсад газрын шинэтгэлийг эрчимжүүлье сэдэвт сарын ажил, шинэ хууль төрөхтэй холбогдон зохиогдож байх шиг байна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

-Улсын хэмжээнд олон газар онол, практикийн хурал болж, эрдэмтэн, мэргэд үгээ хэлж байна. Газар ашиглалт, өмчлөлтийн талаар өргөн олон нийтийн санал бодлыг сонсч, бичгээр авч хуулийн шинэчилсэн төсөлдөө тусгаж байгаа. Газар өмчлөлийн байдлын талаар олон нийтийн өдөрлөг, уулзалт, ярилцлага зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч сурталчилж байгаа. Энэ бүхний үрээр бид Газрын тухай сайн хуультай болно гэж найдаж байгаа.

Г.Жамьян

2007.05.17 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button