Кондолиза Раисын Москвад хийсэн айлчлал санаагүйг сануулж өглөө
Тухайлбал, Европт пуужингийн довтолгооноос хамгаалах системийн бүрдэл хэсгүүдийг байрлуулах АНУ-ын төлөвлөгөө, Ираны цөмийн асуудал, Палестин-Израилийн мөргөлдөөн, Косовогийн байдал, Гүрж, Украины НАТО-д элсэх талаар голчлон ярьжээ. Раис Москвад ирэх замдаа өөрийг нь дагалдан яваа сэтгүүлчдэд Орос-Америкийн харилцаа амаргүй үеийг туулж байгаа ч, одоогийн түгшүүртэй байдал нь шинэ хүйтэн дайнд хүргэхгүй гэж мэдэгдэж байсан ажээ. Олон улсын байдлыг судлах төвийн эрхлэгч Алексей Арбатов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа, Орос, АНУ-ын зөрчил, сөргөлдөөн гүнзгийрсэн. АНУ Оросыг тогтоон барих бодлого баримталж байгаа хэдий ч бидэнд шинэ хүйтэн дайн-д ойртож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх боллоо. Вашингтон үүнд сэтгэл түгшиж байгаа учир Кондолиза Раис ОХУ-д айлчлах болсон гэж хэлж байлаа. Пуужингийн системээс эсэргүүцэн хамгаалах асуудлаас болж АНУ, ОХУ хоёрын харилцаа сүүлийн үед нэлээд ээдрээтэй байгаа юм. Тиймээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Раис, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон албаны бусад хүмүүстэй уулзахаар өөрийн биеэр Москвад хүрэлцэн ирсэн байна. Оросын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, дээрх асуудлаар Кондолиза Раистай хэлэлцэж учраа ололцсон бололтой. Гэхдээ Орос Америкийн зочны ятгалд автаагүй гэдгээ онцлон дурьдсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, Бид АНУ-ын түншүүддээ илэн далангүй ярилцахыг санал болгохдоо өөрийнхөө байр суурийг хүчээр тулгахгүй байхыг эрхэмлэдэг. Бидэнд хэрхэн ажиллах талаар зааварчилга өгөх хэрэггүй. Харин хамтран ажиллаж, асуудлыг шийдэх арга замыг хамтдаа хайх нь чухал гэжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Дэниел Фрайд хоёр улсын харилцааг тодорхойлохдоо, Сүүлийн үед нэлээд зөрчилтэй байгаа гэсэн байна. Хоёр улс Сербийн бүрэлдэхүүнд буй Косовог ямар статустай болгох асуудлаар санал нэгдэхгүй байгаа юм. Түүнээс гадна АНУ нь Польш, Чехийн газар нутагт пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахаар төлөвлөж байгааг Орос улс эрс эсэргүүцсээр байгаа билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Раис ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийснийхээ дараа Америк Орос хоёр орон яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх ёстой хэмээн онцлон хэлсэн байна. Түүнчлэн Кондолиза Раис АНУ болон ОХУ нь терроризмтой тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэгтүгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх талаар олон ажил хийх хэрэгтэй байна. Хоёр тал дэлхий нийтийг хамарсан сүрдүүлгийг эсэргүүцэх талаар цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаа. Гэтэл пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах асуудлаар АНУ, ОХУ-ын байр суурь бүрэн нийлэхгүй байгаа. Тиймээс хоёр тал энэхүү асуудлыг цаашид дахин авч хэлэлцэх болно гэжээ. АНУ, ОХУ-ын харилцаа ээдрээтэй байгаа ч хоёр тал хэрэв яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, харилцан ойлголцож чадвал тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэж Раис үзэж байгаагаа мөн илэрхийллээ. Харин Сергей Лавров Орос, Америк хоёр тал өөр өөрийн байр сууриа тодорхойлох нь маш чухал юм.
Талууд өөр өөрийн чиг шугамаа хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа ашиг сонирхлыг хохироохоос зайлсхийх ёстой. Америк болон Орос улс дэлхийн өрсөлдөөнд хэрхэн хандах тухай Кондолиза Раисын саналыг Оросын тал бүрэн дэмжиж байна. Гэхдээ АНУ нь цэрэгдайнаар биш, харин улстөрийн арга замаар сүрдүүлэг, заналхийллийг арилгахыг Орос улс хүсч байна гэжээ. Харин ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Ивановтай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Раис Орос, Америкийн харилцааны тухай болон олон улсын хэд хэдэн асуудлыг мөн хэлэлцсэн байна. Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Кисляк айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн яам хоёр талын харилцааны бүхий л асуудлыг хэлэлцсэн болохыг онцоллоо. Орос, АНУ-ын харилцаанд ахиц гаргах, байр сууриа хамгаалах зайлшгүй шаардлагатай олон асуудал бий. Хэлэлцэх асуудлууд эдийн засаг, улстөр, хүмүүнлэгийн гээд өргөн хүрээг хамарсан байв. ОХУ-ын хувьд пуужингаас эсэргүүцэн хамгаалах зэвсгийг Европт байрлуулахтай холбоотой асуудалд нэлээд сэтгэл түгшиж байгаа. Хэлэлцээрүүд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. Түүнчлэн Европт ердийн зэвсэгт хүчнийг хэрэглэх тухай гэрээний талаар хэлэлцээр хийжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Орос, Америкийн харилцааны тулгамдсан асуудлуудыг иймэрхүү өндөр төвшинд хэлэлцээгүй уджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалыг хоёр орны харилцааг сайжруулахад тодорхой алхам болсон хэмээн дүгнэж байна.
Г.Уянга
2007.05.17 Монголын мэдээ