Солонгосыг зүүдэлсэн хүмүүс Төв цэнгэлдэхийн үүдэнд зодолдож, хөзөр тоглож, наймаа үсэргэж гурав дахь шөнөө өнгөрүүллээ

Манай сонин өмнөх дугаартаа солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэлээс болж Төв цэнгэлдэхэд хүмүүс хонон өнжин дугаарлаж байгаа талаар сурвалжлага нийтэлсэн. Уг нь Солонгосын Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа солонгос хэлний шалгалтын бүртгэл албан ёсоор өнөөдөр эхлэх ёстой юм. Гэтэл 15000 хүн бүртгэх мэдээлэл хүмүүсийг ийнхүү Төв цэнгэлдэхийг сайн дураараа сахихад хүргэжээ.

Өчигдөр 16 цагийн үед Төв цэнгэлдэх рүү очлоо. Улсын баяр наадмаар ч хүмүүс ингэж цугладаггүй байх. Төв цэнгэлдэх хүрээлэнг олсоор ороожээ Олсны дотор талаар хөнжил, бүтээлэг толгой дээгүүрээ нөмөрсөн хүмүүс нэг нэгнийгээ түшин, суух нь сууж, зарим нь бүр тэрийн хэвтэж харагдав. Өнгөрсөн даваа гарагийн өглөөнөөс хойш энд амьдарч байгаа болохоор арга ч үгүй биз. Дугаарлаж байгаа хэсэг хүмүүстэй очиж уулзлаа.

-Энэ олсыг та нар өөрсдөө татсан уу?

-Тийм ээ, хүн бүрээс 200 төгрөг хурааж аваад, олс худалдаж авсан юм.

-Эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа дугаарлаж байгаа юм байна шүү дээ?

-Тийм ээ. 4000 эмэгтэй, 11000 эрэгтэйг бүртгэнэ гэсэн биз дээ. Өнөө өглөөний 6 цагт зөвхөн эмэгтэй нь л гэхэд 1000 хүрсэн байсан.

-Та нарын дотроос хэн нэг нь сайн дураар бүртгэж дугаар тарааж байгаа гэл үү?

-Нэр бичиж аваад байсан. Нэрсийн бичигдсэн дарааллаар дугаарлаж байна. Гэхдээ өнөөдөр 50 төгрөг хурааж, дугаар тараасан хүмүүсийг цагдаа нар баривчлаад явсан.

-Та нарын ийм зохион байгуулалтыг Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна уу?

-Аль хаалганаас эхэлж бүртгэхийг бид даанч мэдэхгүй байна. Маргааш/ өнөөдөр/ хэн хүчтэй нь заасан хаалга руу л уралдацгаах байх.

-Хэдэн хаалгатай билээ?

-18 хаалгатай. УИХ-ын гишүүд ард түмнээ ямар амьдардгийгэндээс хараасай. Солонгосчууд монголчуудыг үнэхээр доромжилж байна. Ядаж байхад долларын ханш хүртэл нэмэгдчихлээ.

-Хэд болсон гэж?

-1250 болсон байна билээ. Энэ үеэр бяцхан зодоон дэгдээд авав. 20 хүрч яваа болов уу гэмээр залуу дугаараа алдчихжээ. Оруулна, оруулахгүй гэсэн маргаанаас болоод энэхүү зодоон болсон юм байх. Эхэр татан уйлах тэр залууг хараад арай ахмад нэг нь өрөвдөж оруулчихаач дээ гэж орилолдов. Хүмүүсийн хэлж байгаагаар бүртгэлийн хугацаа ойртох тусам дугаарлагсад бие засах ч эрхгүй болж байгаа аж. Хэрэв хоол цай уух, бие засахаар явахдаа хажуу хүндээ сайтар захихгүй л бол энэ зэргийн маргаан юу ч биш гэнэ. Төв цэнгэлдэхэд байдал иймэрхүү байв. Хүмүүс ингэж хонон өнжин дугаарлаж байгаа ч маргааш хэн хүчтэй, чадалтай нь дайран хаалгаар түрүүлж орох байх даа хэмээн итгэлгүйхэн ярьж байлаа.

Г.Мандуул

2007.05.17 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button