Т.Цолмон дарга аа, худлаа ярихаасаа санаа зовохгүй байна уу

Хоёр жил гаруй олборлолт хийсний дараа Алтан Дорнод ХХК-д зөвшөөрлөө шилжүүлэн өгсөнөөс хойш найман жил үйл ажиллагаагаа явуулж байна. 2001 оноос эхлэн Монгол газар ХХК Шийрт, Харгуйт, Гүүт, Бодонт, Улаанчулуут, Өлтийн голын дагуу алт олборлож, урсч байсан голуудынх нь гольдирлыг өөрчилж алтаа угаасан. Дээр нэр дурдсан голуудын эхэнд урсгал усыг нь боож алт олборлож дууссан. Yүний уршгаар Орхон голыг тэжээдэг 29 гол, горхи, булаг, шанд устгаж үгүй болгосон. Монгол газар ХХК-ийн алт олборлох явцад үүссэн нууранд 2003 онд нутгийн гурван иргэн нас барсныг хүмүүс мартаагүй. Алтан Дорнод ХХК-ийн алт олборлож буй Шийртийн голын гольдирлыг өөрчилж алт угаасан нууранд энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд хоёр хүн осолдож амь насаа алдсан. Эдгээр компаниуд нь 2005 он хүртэл олборлосон газартаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт огт хийж байгаагүй. Техникийн нөхөн сэргээлт нэрээр ухсан газраа шороогоор булах нь тийм ч их хөрөнгө зарцуулахгүй бөгөөд үүндээ технологийн горим баримталдаггүй.

Энэ нөхөн сэргээлтийг хийсний дараа биологийн нөхөн сэргээлт буюу ургамал, мод, бут сөөгийг тарих ёстой байдаг. Нөхөн сэргээлтийг технологийн горимын дагуу хийгээгүй байж зарим хэвлэлд биологийн нөхөн сэргээлт хийсэн гэж огт ухаж төнхөөгүй байгалийн зургийг нийтэлж, олон түмнийг төөрөгдүүлж байна. Алт олборлосон газар нь ямар байдалтай үлдсэнийг нутгийн иргэд мэдэж, харж байгаа. Иймээс хийсэн ажлаа үнэнээр нь тайлагнахыг Монгол газар ХХК-иас хүсч байна. Алт олборлолт байгаль экологид ноцтой сүйрэл учруулдгийг ойлгосон Цэнхэр сумынхан 2005 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Нарийн хамар гэдэг газар алт олборлох хайгуулын болон ашиглалтын лиценз олгосныг эсэргүүцсэн. Тухайн үед сумын ИТХ-ын 20 төлөөлөгч хуралдаж энэ газарт алт олборлуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэтэл ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Цолмон тэргүүтэй долоон тэргүүлэгч ард түмнийхээ байгаль экологийнхоо эсрэг шийдвэр гаргаж, 68 га-д алт ухах зөвшөөрөл олгосны хор уршгаар өнөөдөр Суварга хайрхан уулын зүүн сугаас эх авсан Yйзэн, Могойн гол, Цагаанчулуутын горхины уулзвар болох эхэнд гольдирлыг нь өөрчлөн алт угааж эхэлсэн. Yүний улмаас Нарийн хамрын гол хуурай сайр болсон байхад ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Цолмон Орхон, Буйлан, Алтан-Овоогийн багийн Засаг дарга Ж.Эрдэнэцогт, Ц.Бат-Очир, Ч.Болдбаатар нар ард түмнийг төлөөлж, тэдний төлсөн татвараар цалинжиж байгаа мөртлөө Нарийн хамарын голыг урсч байгаа хэмээн худлаа мэдээлэл өгч байгаа нь нэн харамсалтай байна. Отрын сайхан нутаг, өвөлжөө, хаваржаа үзэсгэлэнт сайхан байгалийг устгачихсан байгаагаа та нар олж харахгүй байгаа бол олон түмний нүд нь харж, чих нь сонсч байгаа шүү!

Харин алтны компаниудтай үгсч, тэдний хийсэн төдий болсон техникийн нөхөн сэргээлтийг биологийн нөхөн сэргээлт гэж андуурч ярьж байгаа дээрх нэр бүхий дарга нарыг нутгийн ард түмэн сонсч л байгаа. Ард түмний нүд дарга нарын нүднээс олон бөгөөд үнэн гэдгийг мартаж болохгүй. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг ялгаж салгаж ойлгосны дараа нөхөн сэргээлтийн талаар ярих нь зүйд нийцэх болов уу.

Нэр бүхий ИТХ-ын долоон тэргүүлэгчийг Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 2006 оны дөрөвдүгээр сард өгсөн. Шүүхийн шийдвэр дараа сард нь гарч тэдний үйлдэл буруу болохыг тогтоосон. Нутгийн ард иргэд устаж үгүй болсон мод ургамал, бут сөөг, гол горхи, булаг шандыг алт олборлогчдоор нөхөн төлүүлнэ. Төлөх цаг нь ч болсон. Монгол газар ХХК-аас сумын зарим дарга нарын өрөөг тохижуулж, сумын хүн эмнэлэгт машин авч өгөх зэргээр хандив өгч байсан. Мөн сумын дарга нар хяналтын байцаагч, хэсгийн төлөөлөгч зэрэг хүнд хууль бус нэмэгдэл цалин өгдөг байсныг ард түмэн бэлхнээ мэднэ.

Суманд өгсөн хандив тусламж чинь нутгийн ард түмэнд огт хамаагүй хүртээлгүй байсан. Харин ч малчид үе дамжин нутаглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, булаг шанд ус ундгүй болон хохирч байгааг бодох хэрэгтэй. Ариун суварга хөдөлгөөнийхөн Хүний эрх хөгжил төвийн хуульчидтай хамтран Монгол газар-ын хийсэн нөхөн сэргээлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас үзэж баримтжуулсан. УМХ, Архангай аймгийн МХГ байцаагчид Монгол газар-ын хийсэн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг үлгэр жишээ болсон гэж үнэлгээ өгч үзүүлэх сургалт явуулна гэдэг нь сонин л байна. Нарийн хамарт олборлолт хийж байгаа уурхайн дарга Цагаан нутгийн иргэдийг алт угаасан усны доороос нь уу хэмээн доромжилсныг юу гэж олйгох вэ. Суварга хайрхан уулын эргэн тойронд дахь нутгийг сүйтгэснийг чинь байгаль дэлхий өршөөхгүй.

Ариун суварга хөдөлгөөний тэргүүн Г.ЧАГНААДОРЖ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button