С.М.МИРОНОВ Бид улс төрөөр зогсохгyй эдийн засаг, хyмyyнлэгийн салбарт ч илүү нягт ажиллахыг зорьж байна
UBS телевизийн 15 минут нэмэх студийн захирал Ё.Батбаярын ярилцсаныг толилуулж байна.
15 минут нэмэх студи Зууны мэдээ Хөгжлийн гарц нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг билээ.
-Ярилцлагынхаа эхэнд, Монголд ажиллаж амьдардаг оросуудын дунд гарсан нэгэн хэлц үгийг сануулъя гэж бодлоо. Оросууд Монголд ирэхдээ хоёр удаа уйлдаг. Нэг нь мэдээж анх ирэхдээ, хоёр дахь ийм сайхан орноос буцахгүй хэмээн уйлдаг гэсэн. Та Монголд таван жил гаруй ажиллаж амьдарсан хүн. ОХУ-ын парламентын дээд танхимын дарга болчихоод дахин Монгол оронд ирнэ гэж төсөөлж байв уу?
-Юуны өмнө зарим нэг зүйлийг тодруулах хэрэгтэй юм байна. Yнэндээ миний амьдралын 10 жил Монгол Улстай холбоотой. 1981 оны дөрөвдүгээр сард анх ирж, зургаан сар ажиллаад буцаж байлаа. Харин үүний дараа 1986 -1991 он хүртэл таван жил Монголд ажилласан. Өвөлдөө III, IҮ хороололд байрлаад, зундаа геологи хайгуулын ажлаар хөдөө аймгууд руу явдаг байлаа. Монголын бүх аймгаар явж үзсэн минь их бахархалтай санагддаг. Очиж үзээгүй ганц хоёр сум л байж магадгүй. Ерөнхийдөө бол Монгол орныг хөндлөн гулд нь туулсан хүн дээ, би. Машин тэрэг гэхээсээ илүү олон газрыг явган туулжээ. Иймээс Монгол Улс нь миний хувьд харь орон биш. 1991 онд нутаг буцахад, идээшиж дассан газраасаа явах харамсалтай санагдаж байлаа. Тэр үед дахин Монголд ирнэ, тэр тусмаа ОХУ-ын төрийн өндөрлөгүүдийн нэг болчихоод ирнэ гэж яахан төсөөлөх билээ.
Хувь заяа намайг Монголын ард түмэнтэй дахин учруулж байгаад баяртай байна. ОХУ-ын зочид, төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт даваа гаригийн үдэш болсныг та мэдэж байгаа байх. Энэ арга хэмжээн дээр УИХ-ын дарга Ц.Нямдорж, Монголын хөдөө талд ажиллаж байсан жирийн нэгэн геологич хүн ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Хурлын дарга хэмээх хүндтэй үүрэгт ажилд томигдон ажиллах болсонд баяртай байна гэж миний талаар ярьсан. Харин би хариуд нь Холбооны Зөвлөлийн Хурлын тэргүүн болъё гэвэл Ленинград хотод төрөөд, Монголд 10 жил ажиллах хэрэгтэй гэсэн шүү.
-Монголд байх хугацаанд гэр бүлийн хүн тань ямар ажил эрхэлж байв. Хүүхдүүд мэдээж энд боловсрол эзэмшсэн байх?
-Том хүү маань тухайн үед насанд хүрчихсэн байсан. Иймээс Орост үлдсэн. Харин охин маань нэг настайдаа Монголд ирээд цэцэрлэгт явж байгаад Санкт-Петербургт очсоны дараа дунд сургуульд орсон. Гэр бүлийн маань хүн мөн геологийн салбарт ажиллаж байсан болохоор Монголын хөдөөг бас сайн мэднэ.
-Та Монголын олон аймаг, суманд ажилласан. Хамт мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байсан олон найз нөхөд тань цэнхэр дэлгэцээр тантай яг одоо уулзаж байна?
-Тийм ээ, олон хүн байгаа. 1989 оноос хойш Оросын хайгуулын анги нутгийн иргэдийг ажилдаа хамруулж, жолооч, туслах ажилтан гэх мэтээр авч ажиллуулж байлаа. Энэ нь оновчтой санаачилга байсан. Надад олон сайхан монгол найз бий. Энэ дашрамд нэгэн зүйлийг хэлмээр байна. Би ажилсаг, хөдөлмөрч монголын ард түмнийг маш их хүндэлдэг. Би Монголд ажиллаж байхдаа Монгол гэрт яаж орох, зочин хаана суух ёстой гэхчилэн ардын ёс заншлаас их суралцсан. Замын хүнийг аль нутгийн хэн байх нь хамаагүй хооллож ундлаад, амраагаад явуулдаг сайхан ёс Монголын ард түмэнд л байдаг.
Бид хайгуул хийж явахдаа төв суурингаас хэдэн зуун км зайтай амьдардаг говийн ганц гэрээр ч орж явлаа. Тухайн үед монгол хүн бүр орос хэлийг их бага хэмжээгээр мэддэг байсан болохоор ойлголцохгүй байх асуудал гардаггүй байсан. Бидний хувьд ч гэсэн ойр зуурын үг хэрэглэнэ. 10 жил байх хугацаандаа чамгүй хэдэн монгол үгтэй болсон. Дэлгүүр хоршоо гэх мэт үйлчилгээний газраар ороод хэрэгтэй юмаа хэлээд авчихаж дөнгөдөг байж билээ. Хөдөөний хүмүүс маш найрсаг. Машин элс, шаварт суусан үед тэмээтэй хүмүүс ирээд татаад өгчихдөг байсан.
-Таны мэддэг Монгол Улс хэр өөрчлөгдсөн байна?
– Ирсэнийхээ дараа Зайсан толгойд гарч, Зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэж, Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө. Зайсан толгойн дунд хэсгээс Улаанбаатар хотыг харахад маш сайхан болжээ. Олон сайхан барилга байшин нэмэгдсэн байна. Туул голын эрэгт гоёмсог хувийн барилгууд баригдсан байна.
Саяхан Улаанбаатар хот нэг сая хүнтэй болсон гэж сонслоо. Миний санаж байгаагаар, 1980-аад онд 300 мянга гаруй хүнтэй байсан. 20 жилийн дотор хүн ам ч өсч, хотын өнгө төрх өөрчлөгджээ. Сүүлийн үед Улаанбаатарт газар олдохгүй болсон гэж сонссон. Энэ бол их хотын зовлон шүү дээ. Хотын ирээдүйн төлөвлөлтийг сонирхож ч үзлээ. Хэдэн жилийн дараа улам сайхан хот болох нээ.
-Та мэргэжлийн геологич хүний хувьд, Орос улс, Монголын өмнөд хэсэгт орших томоохон орд газруудад хамтран ажиллах ашиг сонирхлын талаар юу хэлмээр байна. Таван толгой, Оюу толгой –г хэлж байна л даа?
-Таван толгой дахь нүүрсний орд газрын хувьд гэвэл Базовый элемент, Северсталь групп, Ренова гэсэн Оросын гурван компани консорциум байгуулан ажиллаж байгаа. Албаны хүмүүстэй хэлэлцээр хийх үеэрээ энэ талаар ярилцсан. Миний бодлоор хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагааны үндсэн дээр энэ консорциум нь тодорхой хэмжээний орд газруудыг ашиглах эрхтэй. Yүнээс гадна өөр бусад орд газарч байна.
Саяхан РосАтом-ын тэргүүн Кириенко ирээд явсныг та мэдэж байгаа байх. Бид уран олборлолтын судалгаан дээр хамт ажиллаж байсан хүмүүс. Миний хувьд ураны чиглэлээр судалгаа хийдэг. Монгол байгалийн маш их баялагтай орон. Энэ баялаг дотор уран ч бий. Газрын гүний болоод хөрсөн дээрх ураны орд газруудын аль аль нь ч байна. Говьд л гэхэд хөрсөн дээрх буюу экзогени гаралтай уран байдаг. Анх нээхэд нь би оролцож байсан. Энэ бүхнийг олборлож, баяжуулах тал дээр гэрээ хэлэлцээр хийвэл аль аль талдаа үр ашигтай.
Yүнээс гадна олон төсөл байгаа ч тэр болгон амжилттай хэрэгжихгүй байгааг хэлэх ёстой байх. Гэхдээ манай хоёр орон найрсаг харьцаа, хамтын ажиллагаатай орнууд учир аливаа асуудлыг зөв шийдэх боломж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ манай хоёр орны стратеги түншлэлийн тухай Москвагийн тунхаглалд гарын үсэг зурсан.
Аливаа улс орон ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, тэдний амгалан тайван байдлыг хангахыг зорьдог. Энэ зорилго хэрэгжихэд эдийн засаг хөгжиж, улсын төсөв нэмэгдэж байх шаардлагатай. Тиймээс ямар нэгэн улсын ашиг сонирхлыг дээгүүр тавьж, өөрийн ард түмнээ үл хайхрах хүсэл аль ч оронд байхгүй нь ойлгомжтой. Yүнийг шийдэх ганц арга зам бол хоёр өөр ашиг сонирхлыг тэнцвэржүүлж, харилцан ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөхөд оршиж байгаа юм.
Орост сайн технологи, сайн мэргэжилтэн бий. Yүний зэрэгцээ ашигт малтмалын хэрэгцээ байна. Харин Монголд ашигт малтмал нь байгаа ч сайн технологи, үүнийг цаашид үр ашигтай хэрэгжүүлэх мэргэжилтэн, мөн ашиг орлого нь хэрэгтэй байна шүү дээ. Бидний хувьд эдгээр ашиг сонирхлыг нэгтгэн гэрээ хэлцэл байгуулах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр манай хоёр орны хамтарсан Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдэл зэрэг байгууллага үр ашигтай ажиллаж байна. Ирээдүйд ч үр ашгаа алдахгүй байх.
-Москвагийн тунхаглалын талаар та дурдлаа. Одоогоор энэ тунхаглалын ямар заалтууд хэрэгжиж байна вэ. Монголд хийж байгаа айлчлал үүнтэй холбоотой юу?
-Тэгэлгүй яахав. Миний айлчлал хоёр талын стратеги түншлэлийг хөгжүүлэхэд бас нэгэн түлхэц болж байна гэдгийг хэлмээр байна. Сүүлийн үед парламент хоорондын харилцаа эрчимтэй сэргэж байна. Бид улс төрөөр зогсохгүй, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт ч илүү нягт ажиллахыг зорьж байна. Одоогоор худалдаа, эдийн засгийн харилцааг либералчлах хэлэлцээнүүд хийгдэж байна. Манай хоёр орон 3500 км газар нутгаар хиллэдэг ч, хилийн маргаан гардаггүй. Гаалийн шалган өнгөрүүлэх цэг дээр аль ч талаас өөрчилж, шинэчлэх зүйл байгаа. Энэ асуудал стратеги түншлэлийн гэрээний хүрээнд шийдвэрлэгдэх юм. Олон улсын тавцанд манай хоёр орон аливаа асуудалд ижил байр сууринаас ханддаг нь найрсаг харилцааны томоохон илрэл юм.
-Эстони улсад Орос дайчдын хөшөөг буулгасан. Ийм үйл явдал мөн Польшид ч давтагдаж магадгүй. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Эстони улсаар зогсохгүй Польш, мөн Украины баруун хэсэгт орших Львов хотод орос дайчдын хөшөөг буулгах тухай яригдаж байна. Yүнийг солиорол гэхэд буруутахгүй. Түүхийг дахин бичиж байгаа хэрэг.
Германы фашизм, Японы миллитаризмыг зогсоосон нь нийт хүн төрөлхтний ялалт шүү дээ. Дэлхийн II дайны дараахь олон улсын баримт бичигт энэхүү ялалтыг дэлхий дахинаа энхтайван байдал тогтоосон үйл явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин чөлөөлөх армийн орос цэргүүдийн хөшөөг буулгахыг хүсэгчид олон улсын баримтыг үгүйсгэж байгаа хэрэг юм. Польш зэрэг Балтийн тэнгисийн орнууд ЗХУ-ыг эзлэн түрэмгийлэгч мэтээр ярьж байна. Yнэхээр харамсалтай. Түүхийн хуудсыг дахин сөхөж үзвэл хил хязгаар, газар нутгийн маргаан зэрэг тухайн үеийн бүх шийдвэр олон улсын гэрээ, хэлэлцээрээр хийгдсэн. Харин өнөөдөр энэ бүхнийг үгүйсгэж байгаа явдал бол нацизм, фашизм дахин сэргэж байгааг харуулж байна. Энэ нь дэлхий дахинаа ноцтой аюул учруулж мэдэх учир ОХУ үүнд хатуу бөгөөд нээлттэй байр сууринаас хандаж байна.
-Яг ямар алхмууд хийж байна?
-Эстони улстай харилцаа огцом муудсан. Бид хатуу байр сууринаас хандаж байгаа гэдгээ хэллээ. Холбооны Зөвлөлийн Хурлаас дипломат харилцаагаа таслах мэдэгдэл хүртэл хийсэн. Миний хувьд СанктПетербург хотод Эстонийн бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй байх уриалга гаргаад байна. Тус улсаар дайрдаг далайн тээврийг зогсоож, өөр улс руу чиглүүлэх зэргээр зохих арга хэмжээнүүдийг авсаар байна. ОХУ бол том гүрэн. Бид энэхүү маргааныг аргадаж зогсоохгүй. Зохих шаардлагыг жинтэй тавьсан.
-Оросын Засгийн газраас гадаадад аж төрж байгаа иргэдээ эх орондоо буцаж ирэхийг уриалсан байгаа. Монголд ч нэлээд тооны орос иргэд амьдардаг, тэд буцах хүсэлтэй байдаг болов уу?
-Өнөөдөр Монголд 1500 орос гэр бүл байна гэсэн тооцоо байна. Тэдний мянга орчим нь ОХУ-ын иргэншилтэй байгаа юм байна лээ. Эдний дунд Монголд төрж, өссөн хүн цөөнгүй байна. Тэд монгол хэл сайн мэднэ. Зарим нэгтэй нь ч би таарч байсан. Ерөнхийдөө энэ иргэдийн хувьд Монголыг эх орноо гэж үзэхээс өөр аргагүй юм л даа. Миний бодлоор ийм сайхан орноос явах хүсэлтэй хүн байхгүй байх. Гэхдээ Элчин сайдын яам тэдэнтэй байнга холбоотой ажилладаг гэсэн. Хүсэлт тавибал Орос руу буцахыг зөвшөөрнө.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан оронд аж төрдөг орос иргэдийг шахаж гадуурхах байдал ажиглагддаг учир эх орондоо буцах сонирхол их байдаг юм билээ. Харин Монголд хэзээ тийм ч зүйл гардаггүй учир тийм олон хүн нутаг руугаа буцахгүй байх гэж бодож байна.
-ОХУ-ын Ерөнхийлөгч Холбооны Зөвлөлийн хуралд хандаж, гадаад улс орнуудад орос хэлийг түлхүү таниулах, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн?
-2007 оныг Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх жил болгон зарласан. Харамсалтай нь, дэлхий дахинаа оросоор ярьдаг хүний тоо жил ирэх тусам цөөрсөөр байна. Бид Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын нэгдсэн хэл нь орос хэл байх ёстой гэж үзэж байгаа юм. Жишээ нь 26 үндэстэн, ястан амьдардаг Дагестанд орос хэлийг үндсэн хэл болгон ашигладаг. Монголын эрх баригчид орос хэлийг дэмжиж байгаа нь маш таатай хэрэг. Одоо хүртэл орос цэцэрлэг, сургууль ажиллаж, оюутан солилцоо байгаа нь бахархууштай. Одоогоор орос хэлийг хилийн чанадад түгээх тусгай хөтөлбөр хэрэгжиж байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн айлчлалын дараа тус хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар болсон.
-Эцэст нь та биднийг үзэн суугаа үзэгчид болон Зууны мэдээ сонины уншигчдад хандан юу хэлэх бол?
-Ах дүүгийн барилдлагат Монголын ард түмэндээ хөгжил дэвшил, энх амгаланг хүсч, нар хур тэгширсэн олон зуныг угтаж, өнтэй өвлүүдийг үдэж, мал сүрэг нь тарга тэвээргэтэй, ургац нь арвин, ард түмэн нь аз хийморьтой байхын ерөөл дэвшүүлье.