ЦЕГ-ын үүд сахих шаардлагагүй байжээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй 15 мянган иргэнээс авах солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжилнэ. Гэвч тогтоосон тооноос хэд дахин илүү хүн шалгалтад орох хүсэлтэй байгаа учир 15 мянган хүнээ бүртгэчихвэл шалгалтын бүртгэлийг тогтсон хугацаанаас нь өмнө дуусгах аж. Шалгалт авахаар ирсэн Солонгосын талын хүмүүс анх хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө уг шалгалтад орох Монгол Улсын иргэн 18-39 настай, гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, өмнө нь Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаагүй, гадаад оронд чөлөөтэй зорчих эрхтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд шалгалтад бүртгүүлэх иргэд гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт авахын тулд өдөржин дугаарлан зогссон юм.

Өчигдөр өглөө ЦЕГ-ын үүдэнд өмнөхөөсөө ч илүү олон хүн цуглаж дараалалд зогсч байтал Солонгосын Элчин сайдын яамнаас шалгалтад бүртгүүлэхэд ЦЕГ-ын тодорхойлолт шаардлагагүй гэсэн албан бичиг ирсэн учир өдөржин зогсохоос аврагдсан. Шалгалтад бүртгүүлэхэд ЦЕГ-ын бичиг шаардлагагүй байтал иргэдийг олон цагаар дараалалд зогсоосон шалтгааныг Солонгосын ЭСЯ-наас тодруулахад Бид анх мэдээлэл хийхдээ л ийм тодорхойлолт шаардлагатай гэж хэлээгүй.

Уг шалгалтад бүртгүүлэхэд тухайн иргэний гадаад паспорт эсвэл англи хэл дээр хөрвүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспортын хуулбар, гурван хувь цээж зураг, шалгалтын төлбөр 30 ам.доллар л шаардлагатай гэсэн юм. Өнөөдөр эхэлж байгаа шалгалтын бүртгэлд амжиж хамрагдахын тулд иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа хонож байгаа тухай бид мэдээлсэн. Өчигдөр 15 цагийн үед тэнд 7000 гаруй залуус цугласан байсан бөгөөд зарим нь тэндээ хонохоор бэлтгэлээ базаасан байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button