УИХ-ын дарга Ц.Нямдорж танаа
Монгол Улсад 2007 оны хоёрдугаар сарын 21-ны байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 341 хуулийн 76 хуулинд нь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар нэг байдлаар хязгаарласан, хориглосон заалтууд оржээ. Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд заасан доромжлох, 111 дүгээр зүйлд заасан гүтгэх гэмт хэргүүд нь хувь хүний ёс суртахуун, зан төлөвийн үнэн байдал, хүндэтгэлийг үгүйсгэх, нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг гажуудуулах шинжтэй байдаг. Эдгээрээс иргэдийг хамгаалах нь төрийн үүрэг тул гэмт хэрэг болгон зааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Дээрх зүйлүүдэд гүтгэлэг, доромжлолыг Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан гэж тусгайлан заасан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж байгаа нь эдгээр гэмт хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг зайлшгүй татан оруулж хоморголон шийтгэх нөхцөл байдлыг бий болгоод байна. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл ангиар 2000-2006 онд 18 хүн ял шийтгүүлжээ. Yүнээс сэтгүүлчид илүүтэйгээр ял шийтгүүлсэн бөгөөд зөвхөн 2002 оны байдлаар гэхэд нийт есөн хүн шийтгүүлсний зургаа нь сэтгүүлч байжээ. Энэ нь дээрх зүйл ангиар ял шийтгүүлсэн нийт хүний 50-иас дээш хувь нь сэтгүүлч мэргэжилтэй байна.
Сэтгүүлч хүний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг нь мэдээлэл олж авах, олсон мэдээллээ цаг алдалгүй олон нийтэд хүргэх юм. Энэ үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээлэл нь бусдыг гүтгэсэн, доромжилсон нөхцөл байдал нь зориудаар, санаатайгаар бусдыг гүтгэх, доромжлох үйлдлээс зарчмын хувьд ихээхэн ялгаатай юм. Иймд УИХ нь Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд бид дараах саналуудыг оруулж байна.
Нэг. Эрүүгийн хуулийн 110.1, 111.2 дугаар зүйл дэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэсэн тодотголыг хасах.
Хоёр. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд нэмэлт оруулж мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээлэл нь бусдыг гүтгэсэн, доромжилсон нь гарцаагүй эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол үүнийг ялгамжтай байдлаар хуульчилж өгөх зэрэг болно.
Монголын сонины холбоо, Өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Чөлөөт сэтгүүлчдийн холбоо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Телевизүүдийн холбоо
2007 оны 05-р сарын 17 Улаанбаатар хот