Махер Мекдад Хамас Газын зурвасыг цусан далай болгохыг хүсч байна
Фатх хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Махер Мекдад Газын зурвасаас ВВС-д утсаар ярилцлага өгч мөргөлдөөний талаархи өөрийн үзэл бодлоо тайлбарлаж байна.
-Эдүгээ Газын зурваст болж байгаа зүйлийг та хэрхэн тайлбарлахсан бол?
-Хамас бүлэг Фатх хөдөлгөөн болон Палестины хүчний байгууллагуудыг бүх талаас нь довтлохоор шийдсэн. Энэ нь Хамас-ын хэд хэдэн лидер болон цэргийн жигүүрийнх нь санаархлын үр дүн гэж бодож байна.
-Яг хэнийг хэлээд байна?
-Махмуд Захар, Саид Сиам. Энэ хоёр хоёулаа Палестины Засгийн газарт сайд байсан.
-Ерөнхий сайд Исмаиль Ханиг хэлээгүй юм байна, тийм үү?
-Yгүй, Ерөнхий сайдыг хэлээгүй. Тэр энэ бүх мөргөлдөөнийг төгсгөл болгохыг хүсч байгаагаа хэлсэн. Миний бодлоор, Ерөнхий сайд довтлох шийдвэрийн гадна байсан байх. Тэр үүнд оролцоогүй.
-Тэр довтлоод байгаа хүмүүс юу хүсч, юу хайгаад байгаа юм бол?
-Тэд Засгийн газрыг цэвэр Хамас-аас бүрдүүлэхийг хүсч байна. Фатх хөдөлгөөнийг довтолж, бидэнтэй хамтрахыг хүсэхгүй байх шиг байна. (цаана нь дэлбэрэлт сонсогдлоо) Сонсов уу?
-Тийм ээ, дэлбэрэлт сонсогдлоо.
-Миний гэрийн ойролцоо танк эсэргүүцэгч пуужингаар харваж байна.
-Хэрвээ таны ярьж буй буруутгал үнэн бол гудамжинд Хамас-ын зэвсэгтэй хүмүүс гарч ирж та нарыг довтолж байгаа юм уу?
-Тийм ээ, яг тийм. Бид хүнд хэцүү өдрүүдийг туулах нь.
-Тэгвэл Фатх эдүгээ гудамжинд юу хийж байна вэ?
-Бид өөрсдийгөө хамгаалж байна. Бид өөрсдийн лидерээ, өөрсдийн хүмүүсээ хамгаалах аль боломжтой аргыг эрэлхийлж байна.
-Фатх ямар ч санаачилга гаргахгүй байгаа юм уу?
-Фатх хөдөлгөөн довтолгоо, дайралтад цэг тавихаар бүх хүчээрээ чармайж байна. Бид улам хүчтэй байх хэрэгтэй боллоо. Фатх-ыг довтлохыг хүсч байгаа тэр бүх хүмүүсийг довтлох ёстой. Бид илүү их санаачилга гаргах хэрэгтэй болж байна.
-Хамас Фатх-аас илүү хүчтэй байгаа юм биш үү?
-Yгүй байх аа. Гэвч бид илүү зохион байгуулалттай байж, сайн төлөвлөгөө боловсруулж, илүү сайн хөдлөх ёстой. Фатх мөргөлдөөнийг зогсоох, довтолгоо, дайралт хийлгэхгүй байхын тулд байнга чармайж байна. Гэвч Хамас довтолгоо, халдлага хийхээр шийдэж, Газын зурвасыг цусан далай болгон хувиргахыг хүсч байна.
-Өнөөдөр Газад таны амьдрал ямар байна?
-Миний амь амьдрал аюулд учирчихаад байна.
-Палестины үндэсний эв нэгдлийн Засгийн газар аюулд ороод байна уу?
-Тийм. Yндэсний эв нэгдлийн Засгийн газар аюулд ороод байна. Меккад үзэглэсэн тохиролцоо, талуудын хоорондох эв нэгдэл, Палестины ард түмэн бүгд аюулд ороод байна. Бид Ерөнхий сайдад хэлсэн, эдгээр довтолгоо маргааш зогсохгүй бол Меккагийн тохиролцоо нурж унана гэж. Ийм юм болбол Хамас хамаг хариуцлагыг нь үүрэх учиртай. (Цаана нь дахиад л буун дуу сонсогдлоо).
Дахин буудаж байгааг сонсов уу?
-Тийм, сонслоо.
(Дахиад л буудалт, дэлбэрэлт сонсогдов)
-Та айж байна уу?
-Yгүй. Зоригтой хөдлөх хэрэгтэй. Би итгэлтэй байна. Миний амь нас Хамас-ын гар дээр байгаа гэж бодохгүй байна. Би айж байна уу, үгүй юу гэдэг нь чухал биш. Би ямар ч үед өөрийнхөө замаар эргэлзэлгүйгээр явна.
-Газад болж байгаа зүйл Иордан голын баруун эрэгт тохиолдож болох уу?
-Болохгүй гэх газар алга. Хэн ч үүнд саад болж чадахгүй биз. Тэнд ч бас Фатх, Хамас хоёр байгаа.
-Хоёр талын мөргөлдөөний дунд ард түмэн хохирч байгаа юм биш үү?
-Тийм ээ, хоёр тал байгаа. Бүгд хариуцлага хүлээх ёстой. Гэвч Фатх, Хамас хоёрын хооронд маш их ялгаа бий. Бидний хамгийн муу алдаа нь Хамас-ыг Засгийн газарт орохыг зөвшөөрсөн явдал гэж боддог. Палестины автономийн Ерөнхийлөгч Махмуд Аббас дэлхий нийтийн дарамт шахалтын улмаас үүнийг зөвшөөрсөн юм. Хамас-ыг Засгийн газарт орохыг зөвшөөрөх нь аюултай, тэд бүгдийг устгаж үгүй хийнэ гэж бид М.Аббаст хэлж байсан.