Л.Ганбаатар Улаанбаатарт газар хөдлөлт боллоо гэхэд…
-Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Олныг түгшээсэн газар хөдлөлт хэдийд болж байв?
-Монгол орны баруун болон төв хэсэг нь газар хөдлөлтийн аюултай бүсэд тооцогддог. 1905 онд Булнайн нуруу, 1957 онд Говь-Алтайн Их Богд,1967 онд Булган аймгийн Могод суманд Рихтерийн шаталбараар долоогоос дээш магнитудтай газар хөдлөлт болж, тухайн газар хөдлөлтийн орчимд хүн ам сийрэг, барилга байшин цөөнтэй байсан тулдаа хүн эндэх, эд хөрөнгө эвдэрч сүйрээгүй. Эдгээр газар хөдлөлтийн ул мөр үлдсэн байдаг. 1990-ээд онд АНУ, Франц, Орос болон Монголын эрдэмтдийн хамтарсан экспедиц дээрх газар хөдлөлт болсон газруудаар явж судалгаа шинжилгээ хийхэд би оролцсон юм. Булнайн нурууны газар хөдлөлтийн дараа газрын гадаргууд том, том нуур үүсч тогтсон байгаа нь газрын гадаргуу хэрхэн деформацид орж, долгиолж байсныг илтгэнэ. Говь-Алтайн Их Богдын газар хөдлөлтөөс үүссэн хагарал 250 гаруй км урт үргэлжилснийг агаарын зургаас харж болох бөгөөд яг эпицентр орчимдоо босоо чиглэлийн шилжилт маш хүчтэй явагдаж, нэг уулыг нөгөөгийнх нь дээр тохсныг харж болно. Булган аймгийн Могод сумын нутагт Түлээт ууланд болсон газар хөдлөлт дээрх хоёроос хүчээр арай бага, гэхдээ газрын гадаргуу 40 гаруй км урт хагарч цуурсан байдаг.
-Газар хөдлөлтийн идэвхтэй бүсийг нарийн судалж гаргасан уу?
-Монгол оронд газар хөдлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтийн дараагаас Орос улсын (хуучинаар ЗХУ) тусламжтайгаар эхэлж одоо 10 гаруй суурин станц ажиллаж, 24 цагийн турш зогсолтгүйгээр бичилт хийж, газар хөдлөлтүүдийг бүртгэн, боловсруулалт хийж хэмжилтийн үр дүнд монгол орны газар хөдлөлтийн мужлалын ерөнхий зураг зохиосон. Энэ ажлыг ШУА-ийн Одон орныг судлах төвийн газар хөдлөлт судлалын секторын эрдэмтэд Оросын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэсэн байдаг.
-Газар хөдлөлтийн хүчийг яаж хэмждэг вэ?
-Рихтерийн шаталбар нь 12 ангилалтай. Магнитудын зэрэг тус бүрийн хүн амд хэрхэн мэдрэгдэх, барилга байгууламж бусад эд зүйлст хэрхэн нөлөөлөх, ямар хэмжээтэй хохирол учруулж болох вэ гэдгийг Меркелийн шинэчлэн засварласан газар хөдлөлтийн эрчмийн шаталбар харуулдаг. Жишээ нь, Улаанбаатарын ойр орчимд долоон магнитуд газар хөдлөлт боллоо гэж үзэхэд хотын бүх хүнд мэдрэгдэж, газар хөдлөлтөд тэсвэртэй баригдсан барилгууд багахан гэмтэж, ердийн бат бэх байшингууд багаас дунд зэрэг, муу байшингууд нэлээд гэмтэж, зарим яндан хоолой эвдэрнэ. Машин жолоодож байгаа хүнд газар хөдөлж байгаа нь мэдрэгдэнэ. Эндээс үзэхэд газар хөдлөлтөд тэсвэртэй байшин барих зайлшгүй шаардлага урган гарч байна.
-Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барихад чанартай материал чухал уу, эсвэл судалгаа илүү юү?
-Газар хөдлөлтөд тэсвэртэй байшин барихад барилгын материалын чанар, стандартаас гадна тухайн байшингийн суурь, фундамент болох газрын хөрсний судалгааг дээд зэргийн чанартай, иж бүрэн хийсэн байх шаардлагатай. Юуны түрүүнд хөрсний уян хатан чанар (долгио тархах хурд) сэвсгэр хөрсний зузаан, уст үе болон цэвдгийн байрлал, геологийн хагарал түүний өргөн зэргийг тогтоож газар хөдлөлтийн микро мужлалын зурагтай харьцуулсан судалгаа хийж үр дүнг барилгын бүтэцэд тусгах ёстой. Энэ чиглэлийн ажил манайд учир дутагдалтай байгаа нь зарим барилга баригдаж дуусаагүй байхад суурь хөрс нь хагарч доошоо суух, хана тааз нь цуурах нурах тохиолдол олон гарч байгаагаас харж болно.
Газар хөдлөлтийг урьдчилан тааж хэлж чадахгүй ч хөрсний долгиолог чанарыг судалснаар тухайн хөрс аль зэрэг уян хатан эсэх, энэ чанар нь газар хөдлөлтөөс үүдэлтэй долгионыг хэрхэн хүлээж авч дамжуулах вэ гэдгийг мэдэж болно.
Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн долгио яваад өнгөрөхөд тухайн хөрс анхныхаа байдлыг хэрхэн авч үлдэж чадах вэ гэдгийг мэдэх боломжтой.
Yүнийг мэдснээр тухайн районы хөрсний сейсмик хурдны адил утгын зураг зохиож, энэ нь газар хөдлөлтийн аюулыг урьдчилан харсан мэдээлэл болдог бөгөөд ялангуяа хүн ам ихтэй томоохон хотуудын хувьд зайлшгүй хийгддэг судалгаа юм. Улаанбаатар хотын хувьд энэ талын судалгаанд одоог болтол төдийлэн анхаарал тавьж хөрөнгө мөнгө гаргаагүй өнөөдрийг хүрчээ.
Нийслэл хотын ойр орчимд 40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд барих байшин, барилгын суурийн хөрсний сейсмик хурдны судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байна.
-Газар хөдлөлтийг баллаар хэмжих нь зөв үү?
-Зарим хэвлэлд найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байшин барина гэсэн мэдээлэл гарчээ. Миний мэдэхээр балл гэдэг нь ОХУ-д (хуучнаар ЗХУ) мөрддөг газар хөдлөлтийн хүчний хэмжигдэхүүн. Улс орон бүхэнд өөрийн гэсэн онцлогтой барилга, архитектур мөн барилгын коджилт байдаг. Тэгвэл манай орны хувьд чухам ямар стандарт, коджилтийг мөрдөж барилга,байшингаа барьж, газар хөдлөлтийн хүчийг ямар нэгжээр тооцох гэдгээ нэг мөр болгохгүй бол магнитуд болон баллыг хооронд нь ялгаж, салгаж ойлгохгүйгээс барилга, байшингийн төлөвлөлт, тооцооны алдаа гарч улмаар энэ нь муу үр дагавар авчрахыг үгүйсгэх аргагүйг эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс анхаарах биз.
-Учирч болох аюулаас сэргийлэхийн тулд хөрсний судалгаа заавал хийх ёстой гэж та хэлэх гээд байна уу?
-Яах аргагүй хөрсний судалгаа тэр дундаа хөрсний сейсмик шинж чанарыг тодорхойлох ажил гэдэгт эргэлзэх хүн байхгүй гэж бодож байна.
Орчин үед геофизикийн судалгааны багаж төхөөрөмж техникийн өндөр төвшинд хийгдэж, хэмжилтийг маш өндөр нарийвчлалтай, тоон хэлбэрээр бичилт хийж, үр дүнг зохих программ хангамжаар боловсруулдаг болсон нь дээрх чиглэлийн судалгааг хийхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Хэрэв бид цаашид газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улс орны хэмжээнд бодлого болгон хэрэгжүүлж, энэ чиглэлээр инженер сейсмологийн судалгааг эрчимжүүлэхгүй бол өдөр ирэх тусам борооны дараахь мөөг шиг нэмэгдэж байгаа барилгажилт нэг л өдөр багахан магнитудтай газар хөдлөлтийг дааж чадахгүй олон хүний аминд хүрч, олон сая тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохирол учруулж болох магадлал өндөр байгааг анхаарах цаг болсон.