Д.Дүнгэрдорж Сурч чадахгүй бол төлбөрөө аваад зайл

Тэр болгон элдэв хэл ам татлаад байдаггүй Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль / ЭМШУИС/-ийн оюутнууд өчигдөр бужигнаж өнжлөө. Тус сургуулийн Эм зүйн сургуулийн оюутнуудыг өөр хичээлийн байр руу буюу III эмнэлгийн зүүн талд байрлах Сувилахуйн сургууль руу шилжүүлэх болсноос энэ маргаан дэгдэж, оюутнууд сургуулиасаа Эрүүл мэндийн яам руу, Эрүүл мэндийн яамнаас БСШУЯ шилжин удирдах хүмүүстэй уулзахаар цагаан халаадтайгаа багахан хэмжээний жагсаал хийв. Эм зүйн сургууль нь ЭМШУИС-ийн В корпусын дөрөвдүгээр давхарт байрладаг бөгөөд оюутнууд энэ давхарт тус сургуулийн захиргаанаас шинжилгээ, судалгааны лаборатори байгуулах нэрийдлээр ашгийн байгууллага ажиллуулах гэж байна гэж үзсэн учир ийнхүү холбогдох газруудад ханджээ. Тэд эхлээд Монголын оюутны холбоо / МОХ/-ныхонтой холбоо барьж, сургуулийн оюутны төлөөлөл болон МОХ-ны төлөөлөгчдийн хамт ЭМШУИС-ийн Сургалтын асуудал эрхэлсэн захирал Д.Дүнгэрдоржтой уулзахаар очсон боловч тэрээр оюутнуудыг Оюутнууд бол юу ч биш. Бид та нарыг хаана байлгахаа мэдэж байна. Сурч чадахгүй бол төлбөрөө аваад зайл гэх мэтээр доромжилсон гэнэ.

Түүнээс гадна уулзахаар өрөөнд орсон Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Гэрэлт-Одыг Д.Дүнгэрдорж захирал болон багш Д.Зоригт нар зодож, хамар амнаас нь цус гарган танхайрсан хэмээн оюутнууд ярьж байлаа. МОХ-ын төлөөлөгчид болон Эм зүйн сургуулийн оюутнууд өчигдөр үдээс хойш Боловсролын яамны их, дээд сургууль хариуцсан газрын дарга Бат-Эрдэнэтэй уулзахаар ирээд байхад нь үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн оюутны зөвлөлийн дарга Б.Хосжаргал

-Оюутнуудын эсэргүүцээд байгаа гол зүйл нь юу юм бэ. Танай сургуулийг Сувилахуйн сургууль руу шилжүүлэх боллоо гэдгийг өмнө нь мэдээгүй байсан юм уу?

-Хамгийн гол нь бидэнд захиргаа нээлттэй бус хандаж байгаад манай оюутнууд эмзэглэж байна. Оюутнуудыг Сувилахуйн сургууль руу шилжүүлэх гэж байгаа талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй. Бидний олж мэдсэнээр бол манай хичээлийн байр болох В корпусын дөрөвдүгээр давхарт шинжилгээ, судалгааны лаборатори гэж зүйлийг байгуулах юм гэсэн. Нүүр, ам судлалын лаборатори гэж өндөр төлбөрөөр үйлчилдэг газар манайд байдаг. Яг түүн шиг л бараг бизнесийн зорилгоор бидний хичээллэж байсан байрыг ашиглахыг бодож байх шиг байна. Үүнд бид сургуулийн захиргаанаас тодорхой тайлбар авахыг хүссэн боловч Д.Дүнгэрдорж захирал биднийг элдвээр доромжилж, МОХ-ны гишүүдийг зодож танхайрсанд гайхаж байна. Ер нь манай сургууль оюутнуудынхаа эрх ашгийг хүндэлж, дуу хоолойг нь сонсохдоо тааруу сургууль гэдэг нь өнөөдөр илүү тодорхой ажиглагдаж байна. Эрүүл мэндийн сайд Д.Туяа манай сургуулийн Удирдах зөвлөлийн дарга нь юм билээ. Сайдтай уулзахаар очсон боловч гадагшаа явсан учир тэндээсээ шууд БСШУЯ-н дээр ирээд байна.

-Миний мэдэхээр хэдэн жилийн өмнө танай сургууль Оношлогооны төв байгуулна гээд төлбөрөө нэмж байсан. Гэтэл тэр төвийг бас өөр зориулалтаар ашиглах гэж байгаа талаар оюутнууд ярьж байна?

-Харин тэр тухай ч бас тодруулж өгөхийг тус яамны хариуцсан хүмүүсээс бид хүсч байгаа. 2004 онд буюу бид нарыг нэгдүгээр дамжаанд элсч байхад Оношлогооны төв барих нэрийдлээр сургалтын төлбөрийг 90-100 мянгаар нэмсэн. Бас тэр үед 700-гаад оюутан ЭМШУИС-д элссэний 500 нь тэр төвийг байгуулахад ашиглах хандивын ангийн оюутан байсан.

Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Гэрэлт-Од

-Сая та бүхэн Боловсролын яамныхантай уулзлаа. Тэд ямар хариулт өгөв?

-МОХ-ын төлөөлөгчид болон Эм зүйн сургуулийн оюутны төлөөлөгчид Их, дээд сургууль хариуцсан газрын дарга Бат-Эрдэнэтэй уулзлаа. ЭМШУИС-ийн Удирдах зөвлөл энэ сарын 25-нд хуралдах юм байна. Тэр хурлаар энэ асуудлыг ярилцаж, нэг мөр хариулт өгөхөөр болсон. Хандивын ангид элсэлт авах талаар болон Оношлогооны төвийн барилга барих асуудлыг Удирдах зөвлөлөөр батлаагүй гэж БСШУЯ үзэж байгаа юм байна. Тэгэхээр Эм зүйн сургуулийн 200 гаруй оюутны эрх ашгийг зөрчсөн болон тус сургуулийн явуулж байгаа хууль бус үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагууд үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Эм зүйн сургуулийг шилжүүлэх талаар оюутнуудад өмнө нь мэдэгдээгүй байсан юм уу?

-Удирдах зөвлөлөөрөө ч энэ асуудлыг ярилцаагүй, оюутнуудтай ч ярилцаагүй шийдсэн. Сургуулийг шинжилгээ авдаг бизнесийн байгууллага болгон ашиглаж болохгүй биз дээ. Оюутнуудаа эрх ашгаа хамгаалахаар үг хэлсний төлөө яв, зайл гэж хөөдөг сургуулийн захир-гаа байж болохгүй.

-Таныг Д.Дүнгэрдорж захирал зодож, бэртээсэн гэх юм?

-Өрөөнд нь уулзахаар ороход Мэс заслын тасгийн тэнхимийн багш Д.Зоригттой нийлж зодсон. Оюутнуудын ярьж байгаагаар Д.Зоригт нь Д.Дүнгэрдорж захирлын хүүхэд нь юм шиг байна. Бид маргааш тэднийг шүүхэд өгнө. Бас сургуулийн дэргэд байгуулсан Оношлогооны төвийг оюутнуудад зориулж бус бизнесийн зорилгоор барьсан уу гэдэг дээр ч албан ёсны хариулт авна. Хэрэв энэ асуудлыг зохих ёсоор нь шийдэхгүй бол оюутнууд хичээлээ хаяж, дараагийн арга хэмжээг авахад бэлэн байгаа.

(Ардын эрх 98/630)

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button