Флорын амралтын газрын эзэн
Рокфеллерын Стандард ойл компанийн Тархи гэгддэг байсан Генри Флаглер Флорида мужид орших Америкийн Ривьера гэж алдаршсан амралтын газрын эзэн гэдгээрээ олонд илүү танил болсон нэгэн байлаа. Тэрээр Флоридын эрэг хавийг баячуудын амралтын газар болгосон бөгөөд өөрөө ч хамгийн баян бас нэр хүндтэй америкчуудын нэг болсон юм. Флаглерын эцэг сүмийн ажилтан байв. Тэрээр 14 насандаа аз завшааны эрэлд мордсон боловч олон жилийн дараа л амжилт олсон билээ. Тэрээр Огайо мужид ирж Л.Г.Харкнесс компанийн дэлгүүрт сарын таван долларын цалинтай ажиллаж эхэлсэн юм. Долоон жилийн дараа тэрээр сарын 400 долларын цалинтай ахлах худалдагч болжээ. Тэрээр 23 насандаа өөрийн эзний охин Мэрттэй гэрлэсэн байна. 1850 онд Флаглер бие даан Белвью хотод Огайо муж спирт буудайн наймаа эрхэлж эхэлсэн байна. Иргэний дайн эхлэхэд тэр баяжсан байсан учир өөрийн оронд нь дайнд явах орлогч олж түүнд мөнгө төлсөн аж. Дараа нь Флаглер Мичиганы давсны үйлдвэр худалдан авсан нь маш том алдаа болсон байна.
Энэ үйлдвэр нь дампуурч, Флаглер халаасандаа сохор зоос ч үгүй хоцорчээ. Тэрбээр модны наймаачдын зарлага хийж хажуугаар нь хаа нэгтээ орлого олон эхнэр, хүүхдүүдээ чадан ядан тэжээж байлаа. Иргэний дайн дууссанаас жилийн дараа арай боломжийн орлоготой ажил хайн гэр бүлээ авч Кливленд оржээ. Тэнд түүнд аз таарч өмнө нь буудайн наймаа эрхэлж байхдаа танилцсан Жон Рокфеллертэй уулзсан байна. Тухайн үед Рокфеллер дөнгөж нефтийн бизнесээ эхэлж, харин Флаглер тус салбарыг хэрхэн хяналтандаа авч болох тухай олон шинэ санаа дэвшүүлсэн гэдэг. Удалгүй тэр Рокфеллерын зөвлөх болж түүний баруун гарын хүн болсон юм. Кливлендэд тэр хоёр Эвклидийн гудамжинд зэргэлдээ амьдарч, хамтдаа нэг сүмд мөргөж, өглөөд хамт ажилдаа явдаг байлаа. Флаглер бизнес дээр суурилагдсан нөхөрлөл нь түүн дээр суурилагдсан бизнесээс хавьгүй илүү гэж хэлдэг байлаа. Тэр хоёр төмөр замын магнатуудтай хамтран өрсөлдөгчдөө хайр найргүй дарж, шинэ хэрэгцээ болсон нефтийн салбарт Стандарт ойл-ын ноёрхлыг тогтоосон байна. Олон жилийн дараа АНУ-ын Конгресст мэдүүлэг өгөхдөө Стандард ойл компанийг байгуулах санааг анх дэвшүүлсэн тухай Рокфеллер Харамсалтай нь анх би үүнийг санаачлаагүй юм гэж хэлсэн байдаг. 1876 онд зургаан сая доллартай болсон Флаглер бие султай болсон эхнэрээ Сент-Огистинд амраахаар хоёр долоо хоногийн хугацаатайгаар явуулжээ. Тэрбээр Флоридад цаг уур таатай, газар нь хямд боловч амьдрах нөхцөл тун тааруу байгааг анзаарчээ.
Чухам л энд Флоридаг эзэгнэх санал түүнд төрсөн гэдэг. 1881 онд гэргий нь өөд болсноос хойш 50 настай Флаглер улаан үстэй Ида Элис Шурдс гэгч бүсгүйтэй олны өмнө харагдах болжээ. Энэ бүсгүй түүний өвчтэй эхнэрийг асарч мөн ганцаардаж, байсан түүнийг ч халамжилж байсан аж. Ида тэр хоёр Айлендэд байрлах аварга том байшинд хүлээн авалт зохион байгуулдаг байжээ. Элдэв цуу яриа гарахаас болгоомжилсон Флаглер Түүнээс 18 дүү Идатай 1883 онд гэрлэсэн билээ. Тэр хоёр бал сараа Сент-Огистинд өнгөрүүлж. Флаглер дахин өмнөд улс байгуулах тухай бодож эхэлсэн байна. Таван жилийн дараа тэрбээр тус хотод 540 өрөө бүхий Понсе де Леон зочид буудал барьжээ. Флоридад Амралтын вант улс байгуулж байхдаа Стандард ойл-д ажиллаж байх үеийнх шигээ хатуу харгис байлаа. 1894 онд Пальм Бич арал дээр Ройял Поинсиана-ыг барьж дуусгав. Өвлийн улиралд амжуулж ашиглалтад оруулах гэж мянга гаран ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байсан гэдэг. Хүнд хүчир ажлыг дийлэлгүй 11 хүн нас барсан боловч буудлыг хугацаанд нь барьж дуусгажээ. Бүх хар арьст ажилчдаа Флаглер эх газарт болсон найранд урьж, эзгүй хойгуур нь тэдний амьдарч байсан тосгоныг юу ч үлдээлгүй шатааж устгахыг тушаасан байдаг. Учир нь сүрлэн дээвэртэй эдгээр ядмаг барилгууд зочид буудлын цонхоор таагүй харагдаж байж. Золгүй явдал тохиолдсонд гүн харамсаж буйгаа илэрхийлсэн Флаглер хар ажилчдад эх газрын Уэст Палм Бич хотын хавьд газар худалдан авах сан байгуулжээ.
Ингэснээр тэр өөрийн тансаг буудлын орчинг чөлөөлж чаджээ. Флоридад байрлах амралтын газрууддаа жуулчин тээвэрлэх зорилгоор Жексонвиллаас Палм Бич хотыг дайруулан Майами ортол төмөр зам барьсан байна. Өвлийн жуулчны улиралд энэ замаар өмнө зүг жуулчид цуварч, хойд зүгт шинэ ургацын жүрж зөөдөг боллоо. 1912 онд тэрээр төмөр замаа сунган арлын Флоридад хүргэжээ. Энэ зам нь эх газар Майамигаас Нью-Провиденс арлын Нассау хот тээвэрлэх усан тээврийн аж ахуй байгуулжээ. Төмөр замын өртөө болгон аль нэг том амралттай байв. Сент-Огистенд Понсе де Леон, Палм Бичэд Брейкерз, Майамид Ройл-Палм гэсэн алдартай буудлууд ажиллаж байлаа. Флорида хурдан алдаршиж удалгүй Нью-Йорк болон Флоридагийн хооронд тусгай хурдан галт тэрэг зорчих болжээ. Энэ аялал нь 34 цаг үргэлжлэх бөгөөд хамгийн баян зорчигчид тансаг купенд тухалдаг байжээ. Флаглерын тушаалаар ширэнгэ ой болон намаг дээгүүр барьсан төмөр замаар Флоридад амрахаар Рокфеллерууд, Вандербильтууд, Карнеги нар зорчдог байлаа. Өрөө бүр нь 100 долларын үнэтэй байсан нь тухайн үед маш үнэтэйд тооцогдож байсан юм. Понсиана буудал зугаа цэнгээний газар гэж алдаршжээ. Тэнд байнга багт наадам болдог байсан бөгөөд Флаглер заримдаа Мария Антуанеттагийн хувцас өмсч оролцдог байв. Нэгэн удаа Вашингтоны багт наадам-ын үеэр тэр Марта Вашингтоны хувцсыг өмссөн нь түүний өтгөн сахал, зуусан тамхитай их зохицон хошин дүр төрхтэй харагдаж бусдыг хөгжөөж байжээ. Энэ үед Флаглер 37 насаар дүү нутгийн баян гэр бүлээс гаралтай хөгжимчин, дуурийн дуучин Мэри Лили Кенан гэгч бүсгүйтэй янаг амрагийн холбоо тогтоожээ. Ида Шурдсийн сэтгэл хямарч Флаглерыг алж өөрийн нууц амраг Оросын хаантай зугтана гэж дэмийрэх болжээ.
Эцэст нь Флаглер эхнэрээ Нью-Йоркийн ойролцоо орших тусгай эмнэлэгт хэвтүүлжээ. Үүний дараа тэрбээр Мэри Лилид сая долларын үнэтэй сондор болон алмаз бэлэглэн гэрлэх санал тавихад жижиг саад үүссэн нь Нью-Йорк мужид гэр бүл салалтыг хориглосон байжээ. Флаглер бизнес, улс төр, хэвлэлийн бүх холбоо сүлбээгээ ашиглан албан ёсоор оршин суудаг хаягаа Флорида муж руу шилжүүлжээ. Учир нь уг мужид эхнэр, нөхрийн аль нэг нь үнэнч бус байсан тохиолдолд гэр бүлийн салалтыг зөвшөөрдөг байж. Амбан захирагч болон нутгийн хууль тогтоогчдыг 125 мянган доллараар хахуульдан байж 1901 онд эхнэр нөхрийн аль нэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй бол салж болно гэсэн хуулийн заалт гаргуулж чадсан юм. Уг хуулийг баталгаажуулсан өдөр тэрээр албан ёсоор Ида Шурдсаас салан хуулийн дагуу түүний амьжиргаанд зориулан 2.3 сая долларын үнэ бүхий үнэт цаас, үл хөдлөх эд хогшил үлдээсэн байна. Харин сүйт бүсгүйдээ 70 настай сүйт залуу нь 3 сая долларын үнэт цаас болон бэлэн мөнгө бэлэглэсэн билээ. Энэ нь тэр үедээ маш их мөнгө байлаа. Тэрээр залуу эхнэртээ зориулан Палм Бичэд бариулсан гантиган харшид амьдрах болсон юм. Энэ үед тэд Флорида даяар яригддаг цэнгүүн, хүлээн авалт, багт наадам зохион байгуулж амьдрах болов. Этгээд зантай Мэри Лили эдгээр цэнгүүнд янз бүрийн даашинзтай оролцдог байсан бөгөөд хэзээ ч хувцсаа давтан өмсдөггүй байжээ. Үүгээрээ түүнийг Гиннесийн номд орох амжилт тогтоосон гэж хэлж болно. Флаглер 1913 онд гэргий Мэри Лилигийн захирамжаар хийсэн хамгаалалтын ваакум хаалганд цохиулан унаснаас хойш тав хоногийн дараа нас баржээ. Эхнэр нь 100 сая долларын хөрөнгө өвлөн авч Америкийн хамгийн баян бэлэвсэн гэргий болж байсан билээ. Гэвч гуниж буй бэлэвсэн гэргийн дүр түүнд таалагдаагүй учир гурван жилийн дараа бүр коллежид сурч байх үедээ дурлаж байсан Роберт Бингем гэгч хуульчтай гэрлэсэн юм.
Өрөнд баригдсан энэ хүнийг Мэригийн гэр бүлийнхэн түүний өвийн хойноос хөөцөлдөж байна гэж харддагбайлаа. Гэрлэлтийн гэрээ байгуулсаны дараа тэрбээр Мэри Лилигийн хөрөнгөөс татгалзсан боловч түүнээс бэлэг болгон бэлэн мөнгөөр сая доллар авч өрөө барагдуулсан байдаг. Үүнээс хойш тэр эхнэрээ бараг хаясан гэж хэлж болно. Тэрбээр эхнэрийнхээ зүрхний өвчнийг морфийн тариа болон кокаинаар эмчилдэг эмч хөлслөн авчээ. 1917 онд Мэри Лилиг угаалгын өрөөндөө үхсэн байхад нь олсон билээ. Сарын өмнө Бингем түүнд гэрээслэлдээ таван сая доллар өөртөө олгуулах нэмэлт өөрчлөлт оруулахыг ятгаж чадсан байжээ. 150 сая долларын хөрөнгийн үндсэн хэсэг Мэри Лилийн үеэл дүү Луиза Вайст оногдсон байна. Гэрээний өөрчлөлтийн тухай мэдмэгц Мэри Лилийн гэр бүлийнхэн Бингемыг алуурчин хэмээн буруутгасан байна. Үүнээс үүдэн удаан удаан үргэлжилсэн мөрдөн байцаах ажиллагаа эхлэв. Амь үрэгдсэн эмэгтэйн хамаатнуудын шаардлагын дагуу Бингемын ажлын өрөөнд нэгжлэг явуулж, Мэри Лилиг хорлогдсон эсэхийг тогтоохын тулд шарилд задлан шинжилгээ дахин хийжээ. Гэвч шүүх эмнэлгийн хариуг нийтэд задлаагүй юм. Харин Бигнем таван сая доллар авсан билээ. Мэри Лили Бингемаас халдварласан тэмбүү өвчнөөр өөд болсон учир хамаатнууд нь шинжилгээний хариуг задруулаагүй гэх цуу яриа тархжээ. Бингем өвлөн авсан мөнгөөрөө Луисвилийн буухиа нэртэй сонин худалдан авч удалгүй Кентукки мужийн тэргүүн бизнесчүүдийн нэг болсон билээ. Энэ хугацаанд солиорлын байдлаасаа гарч чадаагүй Шурдс хувийн эмнэлэгт байсаар байв. Тэрээр 1930 онд өөд болсон бөгөөд тэр үед түүний хөрөнгө 15 сая доллараар үнэлэгдэж байлаа. 1995 оноос Флаглер ба компани Пүүсийг Кенан ба Бингемын үр сад удирдсан хэвээр байна. Уг компанийн хөрөнгө Форбс сэтгүүлийн мэдээгээр 500 сая доллар болоод байгаа билээ.
(Бизнес таймс 13/507)
Г.Амарсанаа