Нийслэлийн агаарын бохирдлыг арилгах тухай засгийн газарт чиглэл өглөө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дулааны гурван цахилгаан станц, 135 мянга гаруй айл өрх жилдээ 5.3 сая тонн нүүрсийг түлшний хэрэгцээнд зарцуулж байна. Түүнчлэн олон мянган автомашин жилдээ 550 мянган тонн шатахуун хэрэглэн зам тээврийн хөдөлгөөнд оролцох боллоо.

Энэхүү эх үүсвэрүүд нь жилдээ олон мянган тонн угаарын хийг агаарт цацаж, нийслэл хотын агаарыг бохирдуулж байна. Халаалтын оргил ачааллын үед нийслэл хотод хүхэрлэг хий зөвшөөрөгдсөн агууламжаасаа 2.7 дахин ихэссэн гэсэн судалгаа тандалтыг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори хийжээ.

Нийслэл хотын агаарын бохирдолт нь оршин суугаа хүн ам, иргэдийн эрүүл мэндэд үлэмж сөргөөр нөлөөлж амьсгалын замын өвчлөлийн тархлалтыг ихэсгэх боллоо.

Нийслэл хотод 2005 онд амьсгалын замын өвчнөөр 36.4 мянган хүн өвчилж, тэднийг оношлон эмчлэхэд 2.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хотын хүүхдийн нийт өвчлөлд амьсгалын замын өвчин зонхилох болсон байна. Нийслэл хотын агаар мандал, хүрээлэн буй орчныг эрхэмлэн үзэж иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс утаагүйжүүлэх замаар нийслэл хотын агаарын бохирдлыг арилгахын тулд дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож байна.

Нэг. Удирдлага, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч цахилгаан станцуудаас үүсэлтэй утааг багасгаж арилгахын тулд

а/ Цахилгаан станцуудын түлшний хэрэглээнд өөрчлөлт оруулж, сайн чанарын болон технологийн боловсруулалт хийж баяжуулсан нүүрс ашигладаг болгож түлшний зарцуулалтыг эрс бууруулах техник зохион байгуулалтын арга хэмжээ авах,

б/ Цахилгаан станцуудаас ялгаран гарч байгаа утааны хортой бодисын агууламжид тогтмол хяналт тавьж, агаарт гаргах хаягдлын зөвшөөрсөн хэмжээг станц бүр дээр тогтоож, зөвшөөрснөөс илүү хэмжээгээр гаргаж буй хаягдалд агаар бохирдуулсны төлбөр төлдөг журмыг тогтоож мөрдүүлэх,

в/ Дулааны цахилгаан станцуудаас ялгарсан үнсийг хадгалах, сангийн хуурай үнсний талбайг усан бүрхүүлтэй болгох, ашиглагдаж дууссан үнсэн санг хөрсөөр хучиж зүлэгжүүлэх арга хэмжээ авч, үнсэн сангийн гадаргаас үнс хийсч орчинг бохирдуулдаг зөрчлийг арилгах.

Хоёр. Нийслэл хот 1 сая гаруй хүн амтай болж, 1990 оныхоос 440 мянган хүнээр, 2000 оныхоос 240 мянган хүнээр тус тус нэмэгджээ. Нийслэл хотын хүн амын 51 хувь нь 10 мянган га талбайд байршсан гэр, бага оврын ердийн галлагаатай орон сууцанд амьдарч байна.

Гэр, бага оврын байруудаас болон нам даралтын зуухнуудаас агаарт гаргаж байгаа дутуу шаталттай утаа униар нь нийслэл хотын агаарын бохирдолтын 90 гаруй хувийг үүсгэж байна. Бодлого зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авч, нийслэлийн гэр хорооллоос үүсэлтэй утааг арилгахын тулд

а/ Гэр хорооллоос үүсэлтэй утааг арилгах үндсэн арга хэмжээ нь барилгажуулах асуудал гэж үзэж, нийслэлийн хүн амыг төвлөрсөн халаалттай орон сууцаар хангах бодлого барьж хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах,

б/ Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийг дүүргүүдийн онцлог байдлыг харгалзан боловсруулж хэрэгжүүлэхдээ өрхөд хувьчлагдсан газрыг аж ахуйн эргэлтэд оруулах, моргейжийн зээлээр орон сууцжуулах бодлого, чиглэлийг хэрэгжүүлж айл өрх, иргэдийг тохилог орон сууцтай болгох,

в/ Аймаг, сум, хөдөө орон нутгаас нийслэл хотод шилжин ирж суурьшиж байгаа айл өрх, иргэд жилээс жилд өсөн нэмэгдэх боллоо. Сүүлийн 5 жилд 190 мянга гаруй хүн шилжин ирж, гэр хорооллын суурьшлын бүсийг тэлж байна. Иймд нийслэлийн агаарын бохирдолтын үнэлгээг тодотгон хийлгэсний үндсэн дээр хүний эрхийг дээдлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нийслэлийг гамшгийн аюул бүхий бүс нутаг гэж үзэж, хөдөө орон нутгаас шилжин ирэх хүн амын хөдөлгөөнийг 5 жил хүртлэх хугацаагаар хязгаарлах Засгийн газрын шийдвэр гаргаж мөрдүүлэх,

г/ Цаг агаар, салхины урсгал, газар зүйн хүчин зүйлээс хамааруулан хотын гэр хорооллыг зохистой байршуулах асуудлыг судлан шийдвэрлэх, ингэхдээ гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай, үр дүнтэй гэж шийдсэн нөхцөлд суурьшлын шинэ бүсэд цахилгаан эрчим хүчний зэрэг дэд бүтцийн төдийгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний газруудыг нь урьдчилан бүрдүүлж, барьж байгуулах үндсэн дээр айл өрх, иргэдэд шинээр газар олгох асуудлыг гэрээгээр тохирч, суурьшуулах ажлыг зохион байгуулах,

д/ Ердийн галлагаатай гэр, бага оврын барилга, байруудын халаалтад болон гэр аж ахуйн өдөр тутмын эрчим хүчний хэрэглээнд нар, салхины зэрэг сэргээгдэх эрчмийг, түүнчлэн хий болон шөнийн цахилгааныг түлхүү хэрэглүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн хэрэгжүүлэх,

е/ Нийслэл хотын ердийн галлагаатай гэр, бага оврын барилга байруудын халаалтад шаардах шахмал түлшний хэрэгцээг нарийвчлан тооцож үзсэний үндсэн дээр томоохон хүч чадал бүхий стандартын шаардлага хангасан утаагүй шахмал түлшний хоорондоо өрсөлдөхүйц үйлдвэрүүдийг байгуулах ажлыг зохион байгуулж дэмжих,

ж/ Нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжүүдийн бага оврын олон зуун барилга, байрууд нь 400 гаруй нам даралтын уурын зуух ажиллуулж халаалт авч байна. Тэдгээр байгууллагуудын халаалтын горимыг өөрчилж даруй төвийн дулааны системд холбох арга хэмжээ авах.

Гурав. Нийслэл хотын автомашин, өөрөө явагч тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх боллоо.

Нийслэл хотын агаарын бохирдол болон утааны багагүй хэсгийг автомашины утаа, замын хөдөлгөөнөөс үүдэлтэй тоосны дэгдэлт үүсгэж байна. Ялангуяа машины хөдөлгүүрээс үүсэлтэй хорт хий нь хүний биед амьсгалын замын өвчлөлөөс үүдэлтэй хорт хавдар үүсгэж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.

Суудлын автомашинуудаас ялгарах утааны бүрэлдэхүүний үндэсний стандартыг тогтоон мөрдүүлэх, автомашин бүрт утааны шүүлтүүр тавих, шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг шинэчлэх, замын хөдөлгөөний менежментийг шинжлэх ухааны үүднээс зохицуулах арга хэмжээ авах.

Дөрөв. Нийслэл хотын агаарын бохирдлыг багасгахын тулд авч хэрэгжүүлэх нэг чухал асуудал болох эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Юуны түрүүнд Агаарын төлбөрийн тухай хууль бий болгох, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах.

Тав. Агаарын бохирдлыг шуурхай хянаж бохирдуулагч бодисын шинжилгээний үзүүлэлтийг нэмэгдүүлэх, агаарын чанарын хяналт-шинжилгээний лабораторийн чадавхийг сайжруулах нэгдсэн сүлжээ бий болгохыг Засгийн газарт чиглэл болголоо гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button