Я.Содбаатар Тэднээс татвар авах нь гол биш

Энэ талаар Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатартай манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-Гар аргаар ашигт малтмал олборлогчдод хандуулсан хуулийн төсөл ямар шатандаа байна?

-Сүүлийн үед Монголд геологи, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Энэ салбар эрчимтэй хөгжихийн хажуугаар ашигт малтмалыг гар аргаар олборлох, бичил уурхайн хэлбэрээр ашиглах үзэгдэл маш их гарч байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад гар үйлдвэрлэлийн аргаар ашиг олж амьдралаа авч яваа 100-гаад мянган иргэн байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс энэ харилцааг зайлшгүй зохицуулах шаардлага нэгэнт тавигдсан. Засгийн газраас УИХ-д Гар аргаар ашигт малтмалыг олборлох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнээс гадна УИХ-ын гишүүдээс Бичил уурхайн салбарын тухай хуулийн төслийн мөн өргөн барьжээ. Энэ хоёр хуулийн төслүүдийг нэгтгэж Их хурлаар хэлэлцэх ёстой. Ажлын хэсэгт миний бие багтаж Өвөрхангай аймгийн зарим сумдаар яваад ирлээ.

-Шинэ гарах хуулинд ямар заалт нь чухал байх вэ?

-Хууль эрх зүйн орчноор зохицуулж, ажиллаж амьдарч байгаа иргэдийг хуулийн хүрээнд тогтвортой байдлын дор байлгах нь зүйтэй. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоогоор хангах зохион байгуулалтад оруулах шаардлага зайлшгүй байгааг хэлж байгаа юм.

Шинэ хуулинд гар аргаар алт хаана олборлож болох, бичил уурхайн зориулалтаар ямар нөхцөлд ажиллаж болох гэдийг тодорхой оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн эзэмшилтэй талбайд эзэмшигч өөрөө хүлээн зөвшөөрөх тохиролцоонд эсвэл ашиглаж байгаад орхичихсон талбай дээр дахиж ашиглаж болно гэсэн заалтыг оруулсан. Түүнчлэн нөөц нь тогтоогдоогүй байгаа газруудад гар аргаар ашигт малтмал олборлож болно гэсэн заалт оруулсан. Гар олборлогчид багагүй гэмтэж, аюултай байдалд өртөх нь элбэг. Энэ талаар хуулинд ямар заалт орсныг сонирхоё.

-Хуулийн төслийг олон талаас харж, өргөн хүрээтэйгээр боловсруулсан гэж үзэж байна. Тухайн компани ашиглаад орхичихсон талбайг ашиглахад хордолт харьцангуй багатай. Хуулийн төсөлд тусгагдсаны дагуу ямар газар бичил уурхайн хэлбэрээр гар аргаар ашигт малтмал олборлож болох, ямар техникийн хэрэгсэл ашиглаж, ашиглаж болохгүйг тодорхой заасан. Тухайлбал, химийн бодис ашиглахад хүрвэл яаж бэхэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай заасан байгаа. Манай яамнаас барьж байгаа гол бодлого бол эдгээр хүмүүсээс авах татварыг буцаагаад тэдний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлд хандуулна.

-Ингэхэд, гар аргаар ашигт малтмал олборлогчдын тухайд сайд Та ямар бодолтой явдаг вэ?

-Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс тэнд ажиллаж, амьдралаа залгуулж явна. Зарим нэг нь хөөрхөн ашиг олж, муугүй амьдарч байхад нөгөө хэсэг нь олсон мөнгөөрөө архи, дарс ууж, өдөр хоногийг арай ядан өнгөөрөөх жишээтэй. Тэдний хамгийн их хүндрэлтэй зүйл нь нийгмийн хэв журмыг сахиулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын хэрэгцээг хангах, эрүүл ахуйн орчинг сайжруулах явдал юм билээ. Тодорхой хэмжээний ашиг орлого олохын тулд өөрийгөө золиосонд гаргасан энэ хүмүүст хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

-Лиценз зөвшөөрөлтэй компанийн эзэмшил газар луу нинжа нар дайрдаг асуудлыг хуулиар хэр зохицуулах бол?

-Компаниуд ашиглаад орхичихсон эзэмшил газар луугаа орохыг зөвшөөрсөн тохилдолд төр зохицуулах шаардлага байхгүй. Харин тухайн ашигт малтмалын орд газрыг эзэмших лиценз зөвшөөрөлтэй газар луу нинжа нар дайрвал төр аж ахуй нэгжүүдийнхээ өмнөөс хамгаалах ёстой.

-Бичил уурхайчдын хууль батлагдаад хэрэгжээд эхэллээ гэж бодъё. Харин маргааш нь тэдний үр хүүхдийн асуудлыг яах гэж байна?

-Нийгмийн хамгаалал болон даатгал, хөдөлмөр эрхлэлтийн орчин, хүүхэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал гээд шийдвэрлэх олон асуудлууд ар араасаа гарах нь мэдээж. Ямартаа ч эхлээд яаралтай хуультай болох нь зүйтэй.

-Хуулинд байгалийн нөхөн сэргээлтийг тооцох асуудлыг оруулсан уу?

-Одоогоор бол тэдэнтэй энэ асуудлыг тооцох ямар ч боломж байхгүй. Харин цаашид тодорхой хэмжээгээр тооцохдоо татварын хэлбэрээр байж болох байх.

-Гар аргаар алт олборлогчдын дунд хятадууд олноор байршиж байна гэх. Энэ үнэн үү?

-Ажлын хүрээнд судалгаа хийж явахад хятадууд байгаа нь тодорхой байсан. Хууль байхгүй ийм нөхцөл байдалд тэдний үйлдлийг шууд таслан зогсоох хэрэгтэй. Гадаадын иргэдийг хууль эрх зүйн орчингүй газар дээр байлгах нь төрийн хяналт байхгүйг харуулж байгаа хэрэг. Тэгэхээр хууль батлагдаж мөрдөгдөж эхэлтэл, гадаадын ямар ч иргэн гар аргаар ашигт малтмал олборлох ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс байхгүй.

-Бичил олборлогчид өөрөө өөртөө ажлын байр бий болгож төрийн хормойноос зүүгдэлгүй амьдарч яваа иргэд. Тиймээс нэг талаар тэднийг хэн ч буруутгах аргагүй санагдах юм?

-Үнэн. Харин ч тэднийг төр дэмжиж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Эдийн засгийн салбарт гар аргаар ашигт малтмал олборлогчдын үзүүлж буй нөлөө нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 10 орчим хувь буюу алт 1515 кг, нүүрс 521 400 тн, жонш 51218 тн болж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтыг шаардах нэг шалтгаан болсон. Манай оронд энэ асуудал хөгжлийн эхний үе шатандаа байгаа бөгөөд одоо тулгарч байгаа бэрхшээл нь түр зуурынх бус аливаа эрдэс баялгийн нөөцтэй улс оронд тулгардаг асуудал.

-Гадны оронд бичил олборлогчид ямар түвшинд байдаг бол?

-Зуу гаруй жилийн түүхтэй ашигт малтмал гар аргаар олборлох үйл ажиллагаанд өнөөдөр 50 гаруй орны 15 сая орчим хүн хамрагдаж байгаагаас Ази Номхон далайн орнуудад 7 сая, Африкт 4 сая, Латин Америкт 2 сая хүн байдаг. Тэдний ар талд 100 сая гаруй хүн амьдралаа залгуулж орлогын эх үүсвэрээ бий болгодог гэсэн тооцоо бий. ОХУ, Перу, Аргентин, Болив, Чили, Мексик, Кени, Тобаго зэрэг дэлхийн олон оронд ашигт малтмал гар аргаар олборлох асуудлыг зохицуулах хуультай юм билээ. Манай улсад 10000 хүн тутамд ашигт малтмал гар аргаар олборлогч 400 хүн ногдож байгаа нь дэлхийн түшинд өндөрт орж байна. 100000 хүн тутамд 50-иас дээш хүн ногдож байвал ашигт малтмал гар аргаар олборлогсдын тархалт өндөрт тооцогддог.

-Асуултгүй асуултын оронд?

-ҮХЯ холбогдох байгууллагуудтай хамтран гар үйлдвэрлэлийн аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчинг бий болгоход дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, хөдөөд ядуурлыг бууруулах, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх хүрээнд ажиллана.

(Бизнес таймс 13/507)

П.Янжинлхам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button