Хилчдийн талаар анхны мэдээг хүргэж ирсэн Наранхүү нь Б.Мөнхөөг хил даван оргож байгааг мэдэж байжээ

Хөвсгөл аймгийн Агарын хилийн заставт гарсан ноцтой хэргийн талаар бид өмнө нь архинаас үүдэн маргалдаж тус хэрэг гарсан ба талийгаачдын цогцосноос цусны шинжилгээ авч хот руу шинжлүүлэхээр явсныг хүргэж байсан. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Б.Мөнхөө нь хоёр буу, их хэмжээний сум, хөтөлгөө морьтой гарсан талаар хамгийн түрүүнд мэдээлж байсан билээ. ХХЕГ, ЭЦГ, Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас нийт 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарган хайсаар зургаа хоногийн дараа түүнийг ОХУ-ын хилийн Тува орчмоор даван орж ирэхэд нь баривчилсан байна. Тус хэрэг нь хилчид архи ууж, маргалдсанаас гарсан болох нь тогтоогдоод байгаа бөгөөд тэд ойролцоох Баянзүрх сумын айлаас архи авч уусан байжээ. Мөн хэргийн газар буюу хилчдийн түр амрах байранд эд мөрийн баримт болох дөрвөн ширхэг архины шил байсан аж.

Б.Мөнхөө тус хэргийг үйлдсэн гэдгээ анхныхаа мэдүүлгээр хүлээгээд байгаа юм байна. Түүнийг одоогоор Хөвсгөл аймгийн урьдчилан хорих төвд байцаан хорьж байгаа ба анхны мэдүүлэг хүргэж ирсэн Наранхүүг ч мөн байцааж байгаа аж. Хилчдийг хоорондоо талцан муудалцсан байж болзошгүй гэсэн таамаг гараад байсан. Гэвч энэ нь үндэслэлгүй бөгөөд хэргийн учиг түрүүчээсээ олдож эхлээд байгаа гэнэ. Б.Мөнхөө мэдүүлэхдээ Хэрэг гарах өдөр гурвуулаа архидаж түүнээсээ болж анх талийгаач Гэлэгжамцтай таарамжгүй байдал үүссэн. Тиймээс Одоо больё, ажилдаа явья, хилээ шалгая гэхэд талийгаач Чи даргалах гэлээ, чамаар мэдүүлэхгүй хэмээн уурлаж маргалдсан. Тэгвэл би явлаа гээд мориндоо мордоход тэр намайг мориноос татаж унагаагаад түүнээс болж хоорондоо зодолдсон. Тэр үед нэлээд халцгаасан байсан тул муудалцсанаас болж бие бие рүүгээ буу гаргасан. Би түрүүлж түүнийг буудсан. Тэгээд Энхболдыг Чи хүн алчихлаа гэхэд нь түүнийг ч бас сандарсандаа буудсан гэж мэдүүлжээ.

Тэрээр хил давах болсон шалтгаанаа Хоёрын хоёр хүн алчихсан хүн баригдаад цаазлуулах нь тодорхой. Тиймээс хэд хонoг ч гэсэн амьд явья гэж бодоод оргосон. Гэхдээ хоол, хүнс дуусаж хийсэн хэрэг минь бодогдоод амар тайван сууж ч чадахгүй байсан болохоор ямар ч байсан хэргээ хүлээе гэж бодоод эргэж орж ирсэн гэж мэдүүлжээ. Б.Мөнхөө нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд амьдарч байсан бөгөөд Агар заставт ирэхээсээ өмнө хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хашиж түүнээс хойш жил орчим ажилгүй байж байгаад тус ангид өнгөрсөн жил ажилд орсон, харуулын байрны даргаар тавигдаад удаагүй ахлагч цолтой нэгэн гэнэ. Түүний гэргий нь тус ангид холбоочноор ажилладаг ба тэрээр тун удахгүй нярайлах аж. Харин анхны мэдээг хүргэж ирсэн Наранхүүгийн хувьдтүүнийг орой морьдоо олж ирэхээр гарахад нь тэр гурав архи уух байдалтай гурав, дөрвөн шил архи тавьчихсан сууж байсан. Өглөө үүрээр эргэж ирэх замдаа Мөнхөөтэй таарч ямар нэг явдал болсныг ойлгосон. Тэр бүх юмаа авчихсан явж байхдаа хил гарах тухайгаа ч хэлсэн. Үүрээр байрандаа ирэхэд гадаах байдал харагдахгүй байсан учир юу ч мэдээгүй унтаад өгсөн. Өглөө сэрээд нөгөө хоёроо цусанд будагдчихсан хэвтэж байхыг хараад мэдээ хүргэхээр ангй руугаа яарсан. Өдий болтол Мөнхөөг хил гарсныг хэлээгүйн учир нь хоёр хүн үхчихсэн, дээр нь Мөнхөө сэтгэл санааны хямралаас болж амиа хорлочихвол гурван хүний амь насанд холбогдоно, хэрэг над дээр тохогдоно гэж айгаад түүнийг хил давж байгааг мэдэгдээгүй хэмээн мэдүүлсэн гэнэ.

Ямартаа ч хэргийн учир олдож хэрэгтэн үнэнээ хүлээж эхэллээ. Гэвч эх орныхоо торгон хилийг манаж байгаа цэрэг эрсээ бид хэзээ юунаас болж маргалдаад хэн нь хэнийхээ амийг хөнөөчих бол гэж санаа зовнисоор суух болж байна уу.

(Өглөөний сонин 97/162)

И.Цэвэлмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button