1-p эмнэлгийн удирдлагууд бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнүүдэд үнэгүй олгодог эмээр бизнес хийж байна

Эмч, эмнэлгийн байгууллагын удирдлагууд сүүлийн үед хүний амь насаар дэнчин тавьж бизнес хийдэг явдал хэрээс хэтэрч байна. Зарим нэгэн эмнэлгийн удирдлагууд болон эрүүл мэндийн байгууллагууд ард иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулах ёстой мөнгийг хууль бусаар луйварддаг, тендер нэрийн дор бизнес хийж чанарын баталгаагүй эмнэлгийн хэрэгслийг хямд гэх нэрийн дор нийлүүлж өвчтөнүүдийг эрүүл мэндээр хохироож буй бусармаг үйлдлүүдийн нь тухай бид удаа дараа мэдээлж байсан билээ. Манай сонин өмнөх дугаартаа мэс заслын эмч нар мэс заслын Викрил гэх хайлдаггүй, чанарын баталгаагүй хуурамч утсаар хагалгааны оёо хийснээс өвчтөнүүдийн шарх эдгэхгүй байх, эдгэсэн ч гэдэснээс нь энд тэндгүй утас ёрдойж холгодог, түүнийг нь авахын тулд дахин хагалгаа хийх шаардлага газар аваад байгаа талаар дурдаж байсан. Ийм байдал цаашид ч ихсэх төлөвтэй байна. Гэвч Эрүүл мэндийн сайд хатагтай Д.Туяа болон ЭМЯ холбогдоххяналтын байгууллагууд энэ бүхэнд анхаарал хандуулахыг хүсэхгүй байна. Эрүүл мэндийн сайд Д.Туяагийн манай сэтгүүлчийн асуултад хариулснаар эмнэлгүүд өөрсдөө тендер зарладаг болсон тул энэ бүхэнд яам хяналт тавьдаггүй аж. Харин бид энэ удаад Кдиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудтай холбоотой бас нэгэн гомдлыг холбогдох эрх мэдэлтнүүдэд хүргэж байна.
Сүүлийн үед манай улсад бөөр, элэгний өвчлөл ихсэж уг өвчнөөр нас барагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Бөөр шилжүүлэн суулгах мэс ажлыг эх орондоо хийлгэх боломжгүйгээс зарим нэг нь орон гэр, эд зүйлс, хурааж хуримтлуулсан бүхнээ зарж байж гадаад орнуудад өндөр өртгөөр хагалгаа, эмчилгээг хийлгэж байгаа. Тэдний хувьд хэн нэгний бөөр, эд эрхтэнээр амь насаа аврах аз тохиодог ч насан туршдаа эмчийн хяналт үзлэг, өндөр үнэтэй эм тариагаар алтан амиа торгоож амьдрал, амьдрахын утга учрыг мэдэрч яваа хүмүүс. Гэтэл тэр бүхнийг үл ойшоож хүн ардын эрүүл мэндийн төлөө гэсэн эрхэм ариун үүрэг, өргөсөн тангаргаа ч умартан яваа эмч нар дэндүү олширч байна. Өчигдөр Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн даргын өрөөний үүдийг сахин суух хэдэн өвчтөнүүдтэй уулзаж хэсэгхэн хором ярилцсан юм. Тэд Хятадад бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэн шинэ бөөртэй болсон ч өнөөг хүртэл эмийн хүчээр хорвоог туулж яваа хүмүүс аж. Монгол улсын Засгийн газраас эдгээр өвчтөнүүдийг харж үзэн дэмждэг үзүүлэхүүднээс тэдний гол эм болох Циклоспорин гэгч хятад эмийг улсаас өгч байх шийдвэр гаргажээ. Нэг ширхэг нь 4000 төгрөгний үнэтэй энэ эмэнд ойролцоогоор 360 гаруй сая төгрөгийг төсөвлөдөг бөгөөд тус эмнэлгээр дамжин өвчтөнүүдэд хүрдэг аж. Хятадад хагалгаа хийлгэж хятад эмч нарын хяналтанд байдаг өвчтөнүүдэд уг эм нь маш сайн зохидог аж.
Тэдний ярьж буйгаар ганцхан энэ эм ч биш өөр өндөр үнэтэй олон янзын эм уудаг гэх бөгөөд улсаас хэрэгтэй эм тарианых нь тал хувийг нь гаргадагт өвтөнүүд үнэхээр баярлаж явдагаа хэлж байсан. Гэвч Засгийн газрын дээрхи шийдвэрийг хэрэгжүүлж бөөр шилжүүлэн суулгагчдад эмийг нь нэгдсэн журмаар захиалан авч өгдөг нэгдүгээр эмнэлэг нь удирдлагууд солигдсноос хойш буюу өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тэдний ууж байсан эмийг нь сольж оронд нь Энэтхэг эм өгөх болжээ. Эмнэлгийн удирдлагууд үүнд тодорхой тайлбар хийгээгүйгээр барахгүй Бид энэ эмний чинь дундаас 70 гаруй сая төгрөг хэмнэж байгаа. Эм л бол эм шүү дээ хэмээн өвчтөнүүдээрээ даажигнах болсон гэнэ. Тус эмнэлгийн удирдлагуудын 70 гаруй сая төгрөг хэмнэсэн гэх уг эм нь нэг ширхэг нь 150 төгрөгний үнэтэй бөгөөд задлахад л капсул нь хагарсан, капсулыг нь зөөлхөн дарахад пургиж, асгарч байснаас үзэхэд хуурамч гэдэг нь ойлгомжтой хэмээн өвчтөнүүд үзүүлж байсан. Эмч нарын үгэнд итгэж эм л бол эм хэмээн бодож уг эмийг уусан хэд хэдэн хүний бие муудан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарчээ.
Бид тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга, тендерийн хорооных нь дарга Одсүрэнтэй уулзаж энэ бүхнийг тодруулахаар очсон юм. Гэвч эмнэлгийн даргын туслах нь түүнийг орж ирээгүй хэмээн гүрийж, бидэнд Одсүрэн даргатай уулзах боломж олгосонгүй. Харин гадаа нь байсан өвчтөнүүд Дөнгөж сая л наад өрөө рүү чинь орсон гэлцэж байлаа. Юутай ч тэрээр хариулт өгөхөөс татгалзсан эсвэл жинхэнэ эмээ шаардах өвчтөнүүдээсээ зугатаж ийнхүү эмнэлгийн даргынхаа өрөөнд нуугдсан нь тэр бололтой. Ер нь эмч, эмнэлэгийн байгууллагуудын талаар үйлчлүүлэгчид гомдол санал гаргаж, хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдийн хүрээнд олж авсан мэдээллүүдээ цацсаар байна. Гэвч холбогдох яам, салбарынхан нь үүнд анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авалгүй нүдэн балай чихэн дүлийн байсаар байгаа нь өнөөдөр иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхэнд нь шууд халдаж буй ноцтой хэрэг болж байна. Хатуухан хэлэхэд эмнэлгийн удирдлагууд сүүлийн үед бизнес, ашиг орлогын төлөө хэт их санаа тавих болсноос эзэмшсэн мэргэжил, эрх мэдэл албан тушаалаа ашиглан өвчтөнүүдийнхээ амьд явах эрхэнд шууд халдаж эхэллээ. Хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй эрүүл мэндийн салбар гэдэг хуурамч бараа шахдаг бизнесийн салбар биш гэдгийг эрүүл мэндийн салбарынханд ойлгуулж, хариуцлага тооцох цаг иржээ.
Бөөр шилжүүлэн суулгагчдын холбооны гишүүн Т.Дамдинсүрэн Хятад эмч нар өөр эм уугаад асуудал үүсвэл та нарын амь насыг хариуцахгүй шүү гэсэн
-Миний хувьд арван жилийн өмнө Монголоос бараг анх удаа хятадад очиж өндөр өртөгөөр бөөр шилжүүлэн суулгаж байсан хүн. Монголд одоогийн байдлаар бөөр шилжүүлэн суулгасан дал гаруй хүн байдаг. Тэд нарын олонхи нь ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө дэмжлэг тусламжтайгаар асар өндөр үнээр Хятад улсад бөөр шилжүүлэн суулгасан улс. Бид хэдийгээр бөөр шилжүүлэн суулгаснаар өнөөдөр амьдарч, амьд явж байгаа ч байнга эмчийн хяналтанд байж, үе үе Хятадад очиж эмчилгээ хийлгэн байнгын эмээр амьдардаг хүмүүс. Энэ эмийг хагалгаа хийсэн эмч нар маань оношийнх нь дагуу бичиж өгдөг, эмчилгээнийхээ чанартай дүйцсэн зохих эм нь юм л даа. Миний хувьд мэс заслаасаа хойш энэ эмийг арван жил ууж байгаа. Үр дүн нь ч сайн байдаг. Гэтэл одоо нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд шинээр солигдсоноосоо хойш биднийг Энэтхэгийн эм уу гэж шаардах болсон. Бидний хувьд дасаж зохицсон, хуучин хэрэглэж байсан эмээ уух сонирхолтой байгаа. Учир нь бидэнд хагалгаа, эмчилгээ хийсэн эмч нар Тадны ямар нэгэн эм уугаад харшил, нөлөө үзүүлсэн бол бид хариуцахгүй шүү. Тухайн эмийг өгсөн юм уу, үйлдвэрлэсэн газраа очиж асуудлаа шийдүүлээрэй гэдэг. Бид нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудаас Хуучин эмийг минь өгөлгүй яагаад ийм өөр эм өгөөд байгаа юм бэ. Өөрсдөдөө тохирдог, дасал болсон эмээ уумаар байна гэхэдтус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь Хямдхан эм. Ер нь эм л бол эм. Телевизор бол телевизор гэдэгтэй адилхан биз дээгээд телевизортой харьцуулаад яриад байдаг. Уг нь телевиз, хүний эрүүл мэнд, амь нас хоёр шал ондоо асуудал баймаар юм. Тэгэхээр бид эрүүл мэнддээ ямар ч баталгаагүй хямд төсөр, гадаад орны хог дээр хаягдах болчихсон эмийг ууж амь насаа соримооргүй байна.
-Та бүхэн холбогдох газруудад нь энэ асуудлаараа хандсан уу?
-Энэ талаар зохих байгууллагууд ЭМЯ болон Мэргэжлийн хяналтын газруудад асуудлыг тавьсан. Тэндээс хуучин Хятадад үйлдвэрлэгдсэн эмийг нь эргүүлж уулга гэдэг шийдвэр өгсөн байгаа. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн дарга Оюунцэцэг, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Одсүрэн нар ямар нэгэн байдлаар Энэтхэгийн эмийг уулгах сонирхолтой байгаагаас одоо хүртэл асуудлыг шийдвэрлээгүй л байна. Үүнийг бид эмнэлгийн удирдлагуудын бизнес гэж хардаж байгаа. Гэхдээ хүний эрүүл мэндээр, амь насаар бизнес хийж болохгүй шүү дээ. Энэ хүмүүс чинь гэр орноо зарж, өдий төдий мөнгө, амь насаараа дэнчин тавьж байж бөөр шилжүүлэн суулгаад тэгээд эмнийхээ хүчээр амьд явж байгаа хүмүүс. Тэдэнд төрөөс олгосон мөнгөөр нь бизнес хийгээд байгаа энэ эмнэлгийн удирдлагуудад Өвчтэй хүмүүсийн амь насаар бизнес хийхээ болиоч ээ, нэгэнт тусгагдаад олгогдчихсон мөнгийг зохих зүйлд нь зарцуулаач ээ гэж хэлэх байна.
-Энэтхэгийн эмийг хуурамч гэдгийг та нар юугаар батлах юм бэ. Энэ эмийг уугаад ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн тал бий юу?
-Энэ эм одоо ирчихсэн, нэг давхарын аптект өгч байгаа. Бид яг муу сайныг нь мэдэхгүй л дээ. Сайн мууг нь баталгаажуулья, ямар эм гэдгийг нь шинжлүүлье гэхээр Монгол Улсад тэрийг шинжилж баталдаг лаборатор байдаггүй. Хятадад бол лаборатор, шинжилгээний газруудаар нь баталгаажсан байдаг юм билээ. Би гэхэд хятад эмээ арван жил ууж байхад ямар ч сөрөг, гаж нөлөө үзүүлж байгаагүй. Бусад хүмүүсийн хувьд ч адилхан. Гэтэл Энэтхэгийн эмийг авч уусан хэд хэдэн хүний бие муудаж даралт нь ихсэж, гэдэс нь дүүрч, гүйлгэж бөөлжөөд гурван хүн эмчлүүлж байгаад гарсан гэсэн. Энэ хүмүүс нь гомдол саналаа гаргаад Мэргэжлийн хяналтын газарт шалгуулах гээд хандчихсан байгаа. Тиймээс бүх хүмүүс энэ Энэтхэгийн эмийг уухгүй гээд эсэргүүцэл, гомдлоо гаргаад одоо энд ихэнх нь ирчихээд л сууж байна.
-Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд та нарт ямар хариу өгч байх юм?
-Дээрээс нь Шаардлагатай ууж байсан эмийг нь өг гээд тушаал гарчихсан болохоор сольж өгье гэсэн. Гэхдээ сольтол маш их хугацаа алдах гээд байна. Бид нар чинь эмгүйгээр нэг хоног, нэг өдөр ч байж болдоггүй юм. Тэр эмээ уухгүй бол загасанд ус ямар хэрэгтэй байдаг вэ, хуурай газар дээр гаргачихаар яадаг билээ, түүнтэй адилхан эмээ нэг хоног уухгүй л бол маш хүнд байдалд орно.
-Одоо эмгүй хэр удаж байна вэ?
-Ерөөсөө насан туршдаа өдөрт хоёр удаа уух ёстой эм. Миний хувьд эмээр тасраад гурав, дөрөв хонож байна. Бид нар энэ Энэтхэгийн эмийг уухгүй гээд өөрсдөө хувийн журмаар эм захиад л явж байна. Өөрөө их үнэтэй эм л дээ. Тиймээс зарим нэг нь авч чадахгүй тасарчихаад байна. Үүнээс болж ямар ч асуудал үүсэхгүй гэх баталгаа алга.
(Өглөөний сонин 97/162)
И.Цэвэлмаа