Д.Дондог Засгийн газрыг есөн яамтай байхад болно гэж үзсэн
өөрчлөлтийн талаар болон цаг үеийн зарим асуудлын талаар ярилцлаа. Тэрээр МАХН-ын Удирдах зөвлөл, МАХН-ын бүлгээс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхээр байгуулсан ажлын хэсэгт ажилласан юм.
-МАХН-ын бүлгийнхэн Б.Эрдэнэбат сайдыг хамгаалж үлдлээ. Хууль зөрчсөн сайдыг хамгаалж үлдсэн болохоор сөрөг хүчнийхэн одоо Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гээд байна шүү дээ?
-Дараа нь ийм юм болно гэж бид нар яаж мэдэх вэ дээ. Хууль зөрчсөн нь тогтоогдоогүй учраас Б.Эрдэнэбат сайдыг огцруулах үндэслэл алга гээд л саналаа өгсөн. Санал хураахад сөрөг хүчнийхэн Тэгвэл Засгийн газрын асуудлыг тавина гэж хэлсэн. Бид тэгвэл болилоо гэж буцалтай нь биш. Энэ асуудлыг барьцалдуулж тавьж байгаа нь утгагүй юм. Засгийн газарт ажиллах хугацаа бага үлдэж байгаа. Өчигдөр бид нар сөрөг хүчнийхэнтэй уулзсан л даа. Ардчилсан намынхан дотроо ярилцаж байгаа юм билээ. Энэ асуудлаар эцсийн шийдэлд хүрээгүй байгаа гэсэн.
-МАХН-аас Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхээр ажлын хэсэг байгуулж байсан. Ажлын хэсэгт багтсан гишүүний хувьд асуухад энэ асуудал ямар шатандаа байгаа вэ?
-МАХН-ын Удирдах зөвлөл, МАХН-ын бүлэг ажлын хэсэг байгуулсан. Би энэ хоёр ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг саналаа боловсруулсан байгаа. Одоо бусад намуудтай тохиролцох шатандаа явж байна. Төрийн албан хаагчдын ерөнхий тоог багасгаад, ажиллах ахуй нөхцлийг нь сайжруулах шаардлагатай. Тэгэхгүй бол авлига гэдэг юм чинь дийлдэхгүй байна шүү дээ. Ер нь төрийн албыг цомхотгох нь гарцаагүй. Төрийн албан хаагчдыг сонгуулийн дараа сольж, халаад байдагаа больж, тогтвортой ажиллуулах талаас нь арга хэмжээ авах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Төрийн албаны тухай хууль өргөн барьсан байгаа. Үүнийг гишүүдэд хувилж тараасан. Энэ хуулийг боловсронгуй болгож гаргая гэсэн байр суурьтай байна. Ний нуугүй хэлэхэд бусад орны хуулийг сайтар судлая гэж бодож байгаа. өөрийн орны онцлогтой уялдуулж, тогтвортой төрийн тогтолцоог бий болгох байр суурийг барьж байгаа. Яамдын тоог хуульчилж заагаад өгөх хэрэгтэй юм. Ажлын хэсгийн хувьд дараагийн сонгуулиас өмнө хуулийг нь батлаад, шинэ бүтэц тэр хуулиар ажиллаг гэсэн байр суурьтай байгаа. Бид хугацааны хувьд сөрөг хүчнийхэнтэй ярилцаж байна.
-Ажлын хэсгийнхэн яамдын тоог хэд байх нь оновчтой гэж үзсэн бэ?
-Төрийн байгуулалтын аудит хийгээд яамдын тоог цомхотгож, ес болгох нь зүйтэй гэдэг саналаа Аудитын газраас ирүүлсэн. Үүнийг тусгасан байгаа. Ер нь бол 9-11-ийн хооронд байхад оновчтой гэж үзсэн. Гэхдээ бид нар яамдын бүтцийг нарийн гаргаагүй. Ингэвэл хий дэмий баахан сенсаац болж, баахан улсууд манай яам тэгэх нь гээд бужигнах юм болно. Ерөнхийдөө бол Ерөнхий сайд, Шадар сайдтайгаа нийлээд 11 сайд-тай, есөн яамтай байхад болох юм гэж ажлын хэсэг дээр ярьсан.
-Яамдыг нэгтгэх замаар цомхотгох уу, эсвэл?
-Нэгтгэнэ л гэсэн үг л дээ. Түүнээс биш тухайн салбарыг огт байхгүй болгоно гэсэн санаа биш. Дэд бүтцййн яамыг л гэхэд гурав, дөрөв болгосон шүү дээ. Одоо буцаагаад нэгтгэдэг ч юм уу. Энэ байдлаар цөөрүүлнэ. Эдийн засгийн яам байгуулж, эдийн засгийн асуудлыг нэг газар базая, Эрдэс баялгийн яам байгуулъя гэсэн санал ч гарч л байсан. Яамдын тоог цөөрүүлснээр төрийн албан хаагчдын цалинг нэмж, ахуй амьдралыг нь сайжруулах зорилготой юм шүү дээ.
-Есөн яамтай болохоор хэчнээн хүн ажилгүй болох бол?
-Ерөнхийдөө 116 мянга орчим төрийн албан хаагч байдаг. Үүнийг 90-100 мянга хүртэл цомхотгох байх. Ер нь бол төрийн албан хаагчдын тоог 90 мянгаас илүү бууруулах боломжгүй юм билээ.
-Ажилгүйчүүдийн тоо төдий хэмжээгээр нэмэгдэнэ биз дээ?
-Зайлшгүй л нэмэгдэж таарна. Гэхдээ тэр улсуудыг төсөв ч юмуу төрийн бус байгууллагад ажиллуулахыг бодно. Юутай ч зүгээр нэг ажилгүй болгоод орхихгүй. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт юм уу цомхотголоор халагдахад нь аж ахуй эрхлэх хэмжээний мөнгө өгье гэж байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь одоо зургаан сараас 36 cap хүртэлх хэмжээний цалинтай нь тэнцэхүйц тэтгэлэг өгч байгаа шүү дээ. Үүнийг болъё. Зургаан cap гэсэн ойлголтыг байхгүй болгоё. Доод зах нь хоёроос гурван жилийн цалинтай ньтэнцэхүйц мөнгө өгье гэж байсан. Манайханд одоохондоо боломж алга л даа. Цаашид орлого олоод гайгүй болчихвол төрийн албан хаагчдын ахуй, амьдралд анхаарах хэрэгтэй. Хариуд нь төрийн албан хаагчид шударга ажиллах ёстой гэсэн ганцхан шаардлагыг л тавих учиртай юм.
-Эмэгтэйчүүдийн квотыг 15 хувь хүртэл бууруулах, тусад нь тойрог гаргаж өрсөлдүүлэх утгатай хуулийн төслийг МАХН-ынхан ярьж байгаа гэх юм. Энэ талаар тодруулаач?
-Тийм зүйл ярьсныг дуулаагүй юм байна. Нэр дэвшигчдийн гуч хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна гэж хуульчилсан нь анхнаасаа л буруу байсан юм. Харин ч манай эрчүүд тайван юм. Түүнээс эсэргүүцэл гарч болно шүү дээ. Хүйс заах нь утгагүй шүү дээ. Эмэгтэйчүүд тавин хувийг бүрдүүлэхийг байг гэхгүй.
-Эмэгтэйчүүдийн тойрог гаргаж өрсөлдүүлнэ гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ямар тойргийг эмэгтэйчүүдийнх болгох гэж. Энэ бол утгагүй асуудал. Сонгогчид нь дургүйцэх ч юм билүү. Харин үүний оронд хувийг бууруулах тал дээр ярих хэрэгтэй. Нэр дэвшигчдийн гучин хувь нь эмэгтэйчүүд биш байвал тухайн намыг бүртгэхгүй гэж байгаа. Эмэгтэйчүүд нь 30 хувьд хүрэхгүй нам сонгуульд орох эрхгүй болох гээд байна шүү дээ. Асуудлыг энэ талаас нь яривал зүйтэй юм.
(Ардын эрх 98/630)
Г.Хишиг