МҮСХ-ны нарийн бичгийн дарга С.Оюунтуяа Цол зэрэг олгодог харваатай холилгүй шоу маягийн харваа явуулна
Өнгөрсөн намрын зэврүүн салхитай хамт өлгөөд мартсан нум сумаа задлан эвшээлгэн, хасаа юугаа бэлдэж, нээлтийн харвааг хүлээн суугаа харваачид, сур сонирхогчдод энэ жил болох тэмцээн уралдаануудын хуваарь төлөвлөгөөг танилцуулахаар С.Оюунтуяатай уулзлаа.
-Амьтадтай хамт ичсэн сурын харвааны нээлт удахгүй болох гэж байна. Шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй сурын холбоо ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Энэ жилийн хувьд МҮСХ шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж байгаагаараа онцлог юм. Бид энэ жилийг Зөв менежментийн жил болгон зарлаж ажлаа эхэлж байна. Өнгөрсөн жилийн чуулганаар хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлгүй үлдсэн байгаа. Тиймээс нээлтийн харвааны өмнө харваачдаа цуглуулан хурлаа хийж, тэр асуудлуудаа шийдвэрлэж нэг тийш нь болгох юм. Мөн үндэсний сурын цаашдын хөгжлийг тодорхойлох тал дээр харваачдынхаа санаа бодлыг сонсоно. Тэгэхээр эрхэм харваачид та бүхэн хуралдаа бүгдээрээ хүрэлцэн ирж, санал онолоо хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье. Энэ жилийн нээлтийн харваа 5-р сарын 12, 13-нд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас 5-р сарын 19-20 болж хойшлогдсон байгаа.
-2007 оны үндэсний сурын харвааны тэмцээн уралдааны хуваарь гарсан байгаа. Тэр талаар яриагаа үргэлжлүүлье?
-Сурын харваа одоохондоо улирлын чанартай явагдаж байгаа. Энэ жилээс өвөл нь заалны харваа явагдаад, зун нь хуваарийн дагуу тэмцээн уралдаан явагдаж эхэлнэ. 2007 онд МҮСХ-ноос зохион байгуулан явуулах уралдааны тэмцээний хуваарийг гаргаад байгаа. Эндээс томоохноос нь дурдвал улсын баяр наадам, нээлт, хаалтын тэмцээнүүдийг өмнө нь ивээн тэтгэдэг газрууд хариуцаад явна. Харин энэ жилийн Улсын аваргын цуваа харваа Улаанбаатар хотод 6-р сарын 22-24-ний болох бөгөөд Эрхэт Монгол группээс эрхлэн гаргадаг Хийморь сонин 100 дахь дугаарынхаа баярын харваа болгон, ивээн тэтгэж явуулахаар болсон. Мөн багийн улсын аваргын тэмцээн Сүхбаатар аймагт 7-р сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байгаа. Гэхдээ төвийн бүсийн үндэсний сурын харвааг Говьсүмбэр аймаг Боржигон-2007 наадмын үеэр зохион байгуулахаар санал
ирээд байгаа. Энэ нь Сэлэнгэ аймагт болох багийн улсын аваргатай цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм. Тиймээс бид Засгийн газрын тогтоолоор болж байгаа Боржигон наадмын үеэр төвийн бүсийн сурын харвааг зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг баримталж байгаа учраас улсын багийн аваргын тэмцээн хугацааны хувьд хойшилж, урагшлах байх.
-Дүрмэнд өөрчлөлт орсонтой холбоотой хаалтын харваанд шинээр мөрдөж эхлэх ямар дүрэм журам байгаа вэ?
-Нээлтийн харваанд таван сумаар харвана. Үүнээс гадна ямар ч тэмцээн харваа болохын өмнөх өдөр бүх харваачид мэдүүлгээ өгч, самбарт нэрээ бичүүлснээр тухайн тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Өмнөх шигээ харваа болох өдөр бүртгэхгүй. Тэгэхээр урьд өдөр нь бүртгүүлж, тэмцээн ч яг товлосон цагтаа болж байхаар шийдвэрлэсэн.
-Харваачид Сурын холбооноос маш их зүйл хүлээж байгаа нь ойлгомжтой. Их зүйл хийнэ ч гэдэг үүднээс та бүхнийг сонгосон. Юу хийхээр төлөвлөж байгаа талаараа ярихгүй юу?
-Өнгөрсөн жилээс эхлээд Есүхэй харваа, морин дээрх харваа гэж гарч ирлээ. Цаашдаа уламжлалт харваанаас гадна шоу маягийн харвааг хөгжүүлэх зорилготой байна. Үүнийг цол зэрэг олгодог спорт, баяр наадамтай холихгүйгээр олон нийтэд хүртээмж сонирхолтой, шоу харвааг хөгжүүлбэл үндэсний сур цаашид хөгжих боломжтой. Мэдээж эднийг хооронд нь хольж хутгавал учир дутагдалтай болно л доо. Хэдийгээр шинэ бүтэц бүрэлдэхүүн маань ерөнхийдөө залуу шинэ хүмүүсээр бүрдсэн ч сур харвааны уламжлалт зан заншил, дэг жаягийг алдалгүй барьж байх хэрэгтэй гэж үздэг. Сур харваа олон жилийн түүх, уламжлалтай, хүмүүжлийн олон талын ач холбогдолтой. Энэ утгаараа бид энэ тал дээр уян хатан хандана. Шинээр орж ирж байгаа залуу харваачид ахмадаа хүндэтгэх, ёс заншил, дэг жаягт суралцах ёстой. Монгол үндэсний спортоор хичээллэж байж пүүз, европ малгай хувцас өмсөх гээд хувцаслалтанд ч холбооны зүгээс хяналт тавьж байх юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулиа дээдлээгүй, үндэснийхээ сурын харвааг ч дээдлээгүй ийм бүдүүлэг байдлыг багш дасгалжуулагчид, мэргэчүүл ч шаардлага тавьж гаргуулахгүй байх ёстой.
-Азийн сурын холбоонд элсэх тухай нэлээд дээрээс яригдсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Ерөнхийдөө цаашдаа чиг бодлогоо тодорхойлоод, хийх, шийдэх зүйл их байна. Гадаад харилцааг бас тодорхой хэмжээгээр сайжруулъя, өргөтгөе, бусад монгол туургатан, монгол үндэстэн оршдог улс орнуудад сурын харваа ямар түвшинд байдаг юм, харилцан туршлага солилцох үүднээс тодорхой хэмжээний ажлуудыг бид цаашдаа хийж эхэлнэ. Үүний нэг илрэл нь 5-р сарын 12-16-нд БНСАУ-д болох фестиваль наадам байгаа. Тэнд манай холбооны зүгээс дэд тэргүүн, хүндэт ерөнхийлөгч, хоёр тэргүүлэгч гишүүн гээд нийтдээ дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр явах гэж байгаа. Тэнд тодорхой хэмжээгээр Азийн сурын холбоонд элсэх, нэгдэх, цаашдаа гадаад бодлогын энэ асуудлууд эхлэх үндэс суурь тавигдана. Үүнээс өмнө Солонгос, Гонконг улсад болсон ийм фестиваль наадмуудад явж оролцож байсан ч тодорхой үр дүн гаргаж чадаагүй юм билээ.
-Таван сумаар харвахаар шийдвэрлэсэн. Үнэндээ энэ нь бүх харваачдын санал орж чадаагүй яаруу, түүхий шийдвэр болсон гэх хүмүүстэй таарч байна?
-Өнгөрсөн жилийн чуулганаар энэ асуудлууд нэлээн хөндөгдөж тавигдсан л даа. Манай харваачид өөрсдөө хэнэггүй, хайнга хандаж дөрвөн жилд нэг удаа болдог ээлжит их хуралдаа ирээгүй. Тиймээс бүх харваачид байгаагүй гэдэг утгаар зарим нэг асуудлыг шийдвэрлэлгүй нээлттэй үлдээсэн. Таван сумаар харвах саналыг Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт цогцолборын орлогч дарга Сумъяасүх оруулж ирсэн. Үүнийг чуулганаар хэлэлцээд тэнд байсан холбооны тэргүүлэгч, харваачдын бүгдийнх нь саналаар баталсан шүү дээ. Чуулганд ирээгүй харваачид л 5 сумыг зөвшөөрөхгүй гээд явж байгаа болов уу даа. Гэхдээ энэ шийдвэр ганц минийх биш, энэ бүх тэргүүлэгчдийнх ч биш. Сумъяасүхийн саналыг заавал авах ёстой гэдэгтээ ч биш. Сурын спорт бол ард түмний соёлын өв. Тийм болохоор ард түмэн, харваачид өөрсдөө шийдэх эрхтэй. Харваачдад асуудлыг өөрсдөө шийдэх эрх нь бий.
-Уг нь энэ асуудлыг нээлттэй үлдээж, ээлжит бус хурлаар хэлэлцүүлэх тухай яригдаж байсан. Гэтэл энэ хурал нь жил тойрчихоод байхад одоо болтол хийгдэхгүй байгаагийн учир юу вэ?
-Энд хурлыг зориуд хийхгүй байх шалтаг байхгүй. Ээлжит бус хурлыг ер нь нээлтийн харвааны өмнө явуулъя гэдэг санал тавигдсан. Энэ нь бүх харваачид оролцох боломжтой тэр цаг хугацаа, нөхцөл байдлыг л харгалзсан хэрэг. Бусдаар бидний зүгээс шалтгаалаад тэрийг хойшлуулъя, энийг больё гэсэн юм байхгүй. Ер нь сурын харвааны цаашдын хөгжлийн чиг хандлагатай холбоотой асуудлууд дээр өөрсдийнхөө санал бодлуудыг МҮОХ, МҮСХ-нд гэсэн хаягаар ойрын хугацаанд ирүүлэхийг харваачдаасаа хүсэж байна.
(Хийморь 12/094)