Ерөнхий сайд Самсунг-ийнхныг хүлээн авч уулзлаа
Орхон аймагт уул уурхай, ашигт малтмалын зориулалттай цогцолборыг энэ жилээс эхлэн барих ажээ. Тус корпорацийн зөвлөх, ноён Ким Ү Сог өмнө нь Сөүл хотын орлогч даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхий сайдаас дээрх цогцолборыг барихад ажиллах мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч өгөхийг хүслээ. Мөн Сөүлд Самсунг корпорацийн барьж буй барилга байгууламжид монголчуудыг ажиллуулахад анхаарна гэлээ.
Ерөнхий сайд М.Энхболд ноён Ким Ү Согийг Сөүл хотын удирдлагаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын хөгжлийн төлөө их зүйл хийснийг тэмдэглээд одоо ч дэлхийд алдартай Самсунг корпорацийн хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу хандуулж байгаад нь талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өндөр дээд хэмжээнээс эхлэн иргэд хооронд хүртэл бэхжин хөгжиж байна. Бид солонгосчуудыг сайн түнш, найз нөхөд гэж үздэг. Манай улсын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд БНСУ дээгүүр байрыг цаашид ч эзэлсээр байх болно гэдэгт итгэж байна хэмээлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
/Оллоо.МН/