Баян-Өлгий аймгийн үндэсний сурын баг Халх, буриад, урианхай сур гэж явцуурах хэрэггүй

юм. Тэр үед сурын холбооны даргаар Б.Пунцагдорж агсан ажиллаж байсан бөгөөд улсын чанартай тэмцээнд тогтмол оролцож байсны үр дүнд 1990 онд А.Жанчивдорж спортын дэд мастер болсон байдаг. Дараа жил нь Хөвсгөл аймагт болсон бүсийн тэмцээнд А.Жанчивдорж, Ш.Бөххуяг нар спортын мастерын болзол хангаж, эрэгтэй эмэгтэй хоёр мастертай болсон түүхтэй.
Ардчилал эхэлснээр урианхай сурын харвааг спортын шинжтэй болгож сум аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа аймагтаа зохион байгуулж явуулсан. 1994 онд урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохион явуулсан бөгөөд тэр үед урианхай сур тогтсон дүрэмгүй байсан юм.
1998 оноос харваачдын маань амжилтын цуваа хөвөрсөн гэж хэлж болно. АХ-ын 77 жилийн
ойн баяр наадмын халх болон урианхай сурын харвааны түрүүг манай харваачид авсан билээ. Халх харваанд М.Батгэрэл 35 онож, даяар дуурсах мэргэн Ш.Даваахүүтэй товх харван түрүүлж улсын мэргэн цол хүртсэн нь манай аймгаас төрсөн гурав дахь улсын мэргэн юм. Наадмын уринхай сурын харваанд түрүүлсэн Ч.Жамбал, УАШТ –ний түрүүг дахин авч урианхай сурын хошой мэргэн болсон. Мөн үндэсний спортын анхдугаар наадмын урианхай сурын харваанд бид багаараа түрүүлсэн юм. Манай урианхай сурын баг УАШТ-д 1998, 1999, 2004 онд алт, 2000, 2002, 2005 онд мөнгө, 2001, 2003 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа бид бахархдаг. Урианхай сурын шигшээ баг УАШТ-д хувийн амжилтаар 1997-2006 оны хооронд 6 алт, 6 мөнгө, 6 хүрэл авсан бөгөөд Ч.Жамбал урианхай сурын УАШТ-д 3, наадмын харваанд 2, нийт 5 удаа түрүүлж дүрэмд зааснаар Эрхий мэргэн цол хүртээд байгаа билээ.
Манай багт Улсын мэргэн М.Батгэрэл, урианхай сурын мэргэн Ч.Жамбал, Б.Насанбат, З.Буянт, Х.Алтансум, О.Ням-Очир болон спортын мастер А.Жанчивдорж, Ш.Бөххуяг, О.Цэдэнбал, Б. Баярсайхан нараас гадна аймгийн мэргэн цолтой 22 хүн байдаг юм.
Манай аймгийн сурын холбоо жил бүр цагаан сарын өмнө тухайн жилийн шилдэг 9 харваачийг шалгаруулан, аймгийн ИТХ-аас шагнадаг болсоор уламжлал тогтлоо. Мөн жил бүр урианхай, халх, буриад сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулдаг бөгөөд үүнд 150-180 харваач оролцдог. Эдний дундаас амжилт гаргах харваачид олон байдаг ч тогтмол бэлтгэл сургуулилт хийх боломж бололцоо хомс байдаг нь нөгөө л мөнгө санхүүгийн асуудал. Аймгийн сурын холбооноос тэмцээн уралдаан явуулахад төр захиргааны зүгээс ямар ч дэмжлэг үзүүлдэггүй, зөвхөн харваачдын татвар мандатаар л аргалдаг. Яахав өнгөрсөн оноос улсын наадамд түрүүлсэн харваачид аймгийн Засаг дарга 500.000 төгрөгийн мөнгөн шагнал олгохоор журам гаргасан байгаа.
Энэ дашрамд сурын хөгжлийн талаар өөрийн бодож явдаг зүйлээ хэлэх гэсэн юм. Сурчид, сурын холбоод бие биесээ харилцан дэмжиж, хамтран ажиллах тал дээр анхаарах цаг болж. Ний нуугүй хэлэхэд халх, буриад, урианхай гэж ялгаран явцуурах хандлага их байна. Бид дотооддоо энэ нууц ялгарал, далд өрсөлдөөнөө арилгахгүй юм бол хөгжлийн тухай ярихын хэрэггүй. Энэ зөрчил харваачдын дунд байгаа юм биш, сурын холбоодыг авч яваа цөөн удирдлага, зарим нэг мэргэчүүлийн дунд илэрдэг юм билээ. Энэ мэт асуудлыг бага дээр нь засаж залруулж явахгүй бол болохгүй.
Баян-Өлгий аймгийн сурын холбооны тэргүүн Т.Батсүх
(Хийморь 12/094)
