Чихэр байвч жингээр идэж болдоггүй
Уламжлал гэдэг олон үеийг даван туулж шалгарсан шилдэг сайн зүйл ажгуу. Хоол гэгч эрүүл явахын, урт наслахын амин тэжээл юм. Амьдарч буй нөхцөл, цаг үеэс шалтгаалан хүмүүсийн хооллолт өөрчлөгдөж байна. Гэхдээ амттай л бол юугаар ч хамаагүй гэдсээ дүүргэх нь буруу аж. Хоол хүнс аль болохоор байгалиас гаралтай байвал бие махбодод ашигтай. Монголчууд хүнсээ натурал маягаар хэрэглэж ирсэн уламжлалтай. Тийм ч учраас элдэв өвчин тусдаггүй байжээ. Сүүлийн үед зоогийн газрын элдэв хоолонд дасаж зохицсоноос үр хүүхэд нь ааруул, ээзгий, толгой шийр, гэдэс дотрыг идэж чадахаа болих нь элбэгшив. Чихэр жимс нь аажмаар задарч, цусанд шимэгдэн цусан дахь сахар нэмэгддэг. Энэ явцад С, В аминдэмүүд, магни, фосфор, төмөр, кальци зэрэг эрдсүүдийн нөөц эрс багассаар дуусна. Үүний улмаас уурлах, сульдах, толгой өвдөх, мартах, ой тогтоолт муудах, хоолны шингэц муудах, нойргүйдэх явдал гардаг. Аливаад хэмжээ гэж бий.
Чихэр байвч жингээр идэж болдоггүй
Давс байвч дангаар идэж болдоггүй гэж ард түмний эртнээс хэлсэн үгийн учир ийм буюу. Ажиж байхад хүүхэд залуучууд голдуу тансаглах нэрийн доор нэг л сайхан амттанд шунан дурлах болжээ. Ямар нэгэн нийллэг, дайллага, төрсөн өдрийн баяр зэргээр тэдний хэрэглэж буй идээ умдаан нь бараг төлөв эрүүл мэндэд хортой, алсдаа өөрийг нь сүйтгэх зүйл байдгийг төвөггүй харж болно. Бүр хар багаас нь элдэв амттанаар хооллоод байвал том болоод тэр хүүхэд чухам л монголоо алдсан, монгол хоолоо голсон өрөвдөлтэй нэгэн болох нь тодорхой. Шинжлэх ухааны чигч үнэн баримт сэлт үүнийг нотолсоор байна. Амтанд бүү умбуул, өнгөнд бүү хууртуул гэсэн ухаант ардын үг буй. Бүр гуч, дөчин нас хүрчихээд буянт малынхаа айраг хоормог, гэдэс дотрыг идэж чаддаггүй хүмүүс мэр сэр тааралдах боллоо. Ингэж ч байгаль эхээсээ хүй тасран холдож, эрүүл мэндээ хордуулах ч гэж дээ. Бие, оюунаар эрүүл чийрэг явъя гэвэл бэлэнчлэх сэтгэлгээнээс салж, байгалиас заяасан хүнсийг гоёж чимэглэлгүй, бодит байдлаар нь хэрэглэх учиртайг анагаах ухаан, ахас дээдэс нотлон сургаж байна. Гэхдээ орчин үеийн зөв амталсан сайхан идээ ундаанаас татгалзах юун. Энэ сэдвийг нэг тийш нь туйлшруулан ойлгох шаардлагагүй. Гол нь монгол уламжлалыг унд хоолондоо зохих хэмжээгээр баримталж, үр хүүхэд, өсвөр үедээ бага ч болтугай уламжлуулаасай гэсэндээ үүнийг бичиглэв. Алдаа эндэл байваас залруулан ойлгохыг хүснэ.
(Хийморь 12/094)