Бясалгалын тухай ерөнхий ойлголтууд

Бясалгал үйлдэхийн гол зорилго нь сэтгэлийг номхтгож буян номын мөрд одуулахуй болой. Тиймээс бясалгал бол сэтгэлийг буянд дадуулахуй үйл бөгөөд суртахуун юм. Хэдийгээр маш олон төрлийн бясалгалын ёс байдаг боловч тэдгээрийг ерөнхийд нь хоёр том төрөл зүйлд ангилан үздэг юм. Тэдгээр нь ажиглахуй бясалгал болон төвлөрөхүй буюу агуулан барих бясалгал зэрэг болой. Эхний ажиглах бясалгал гэдэг нь ямарваа сэдвийг сайтар нягтлан шинжлэхүй сэтгэлийн үйл юм. Ийнхүү бясалгах даа бид тухайн сэдвийн талаархи өөрийн онолын сэтгэлгээ, үзэл бодол зэрэгт дулдуйдан уг сэдвийг сайтар шинжлэх үүднээс ямар нэг буянт сайн сэтгэлийг төрүүлэн дадуулдаг болно. Жишээлэхэд, асрал хайр болон энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг бясалгах нь ажиглан бясалгахуйн үйл юм.
Жишээлэхэд, Асрал хайрын сэтгэлийг бясалгах. Өрөөл бусдын амгалан жаргаланг эрхэмлэж эгээрэн хүсэх нь асрал хайрын сэтгэл юм. Асрал хайрын сэтгэлийг бясалгахдаа бид энэ ертөнцийн хамаг амьтан, ерөөс хамаг амьтан зовлонгоос гэтэлж, гагц амгалан жаргалан лугаа насад барилдахыг эгээрэн горилж байдгийг дурьдан санана. Ийнхүү хамаг амьтны чинхүү гэгээрлийг дурьдан бясалгах үед Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа хагацашгүй болвол хичнээн гайхамшигтай сайхан байхсан билээ хэмээх хүсэл хүчтэй төрнө. Ийм хүсэл эгээрэл чухамтай төрж гэмээ нь бид асрал хайрын сэтгэл бүхий болж буй хэрэг юм. Амьтдыг зовлонгүй байгаасай хэмээх хүсэл нь нигүүлсэхүйн сэтгэл юм. Нигүүлсэнгүй сэтгэлийг ажиглан бясалгахдаа эхлээд амьтдын зовлонг дурьдан бясалгана.
Өөрийн таньж мэддэг хийгээд эс таних хүмүүсийн тухай, улмаар адгуусан амьтад хийгээд бусад амьтдын зовлонгийн тухай дурьдан санана. Тэд бүгдэд бие, сэтгэлийн ямарваа нэгэн бэрхшээл шаналал байдаг. Жишээлэхэд санаа зовних, гуниж гутрах зэргээр сэтгэл хөдөлж, сэтгэл санаа тайван бус, шаналан зовж байх зэргийг дурьдаж болно. Амьтдын зовлонг дурьдан санаж, тэд бүгд зовлонгоос гэтлэн амгалан лугаа учрахыг хүсч байдгийг дурьдан бодно. Хамаг амьтад зовлон үгүй байвал ямар сайхан бэ гэсэн бодол хүсэл төрөх нь нигүүлсэхүйн сэтгэл юм. Тэгэхээр энэ бүхэн ажиглан бясалгахуйн жишээ юм. Хоёр дахь нь агуулан барих буюу төвлөрөхүй бясалгал. Ямарваа нэгэн зүйлд алгасралгүйгээр нэг зүйл дээр сэтгэлээ тогтоон барих нь сэтгэлийн төвлөрөх эрдэм чадвар юм. Төвлөрлийг дадуулах нь тун чухаг. Бидний өдөр тутмын амьдралд ч сэтгэлийн төвлөрөл нэн хэрэгтэй байдаг юм. Учир нь бид ямарваа хийж буй зүйлдээ сайтар төвлөрч чаддаг байх нь их чухал зүйл билээ.
Ялангуяа, буян номын мөрд сэтгэлээ тогтоох нь нэн чухал чадвар юм. Жишээлэхэд, бид хоосон чанарыг илтэд онохын тухайтад төвлөрөхүй бясалгалыг дадуулдаг билээ. Юмс өөрийн уг мөн чанараасаа үнэхээр бүтсэн бус хэмээх бодитбайдлыг таньсан сэтгэл нь хоосон чанарыг оносон билгүүн юм.
Бурханы сургааль ёсоор хоосон чанарыг оносон билгүүн нь зовлон бүхний ёзоорыг таслах эм юм. Бидний зовлон мунхагийн сэтгэлээс үүдэлтэй бөгөөд хоосон чанарыг таньсан сэтгэл нь үүний ерөндөг болно. Хоосон чанарыг оносон сэтгэлийг олохын тухайтад бид тун ид хүчийг агуулсан сэтгэлтэй байх шаардлагатай. Хоосон чанарыг зөвхөн мэдлэгийн төдийд өнгөц мэдэх нь хангалттай бус, гүнд нь орж үзэх хэрэгтэй. Урт удаан хугацаанд тогтвортойгоор хоосон чанарын утгыг бясалгах сэтгэлийг сайтар дадуулах нь бидний хувьд маш чухал зүйл юм.
Бусад аливаа номын увдисын тухайтад ч мөн энэ адил болой. Жишээлэхэд, түрүүнд тайлбарласанчилан асрал, нигүүлеэнгүйг танихыг хүсвэл тэдгээр сэтгэл дээр тогтон бясалгаж чаддаг байх хэрэгтэй. Эдгээрийг ажиглан бясалгаад Зовж шаналсан бүхэн зовлонгоосоо ангид байгаасай гэсэн нигүүлеэхүй сэтгэл, мэдрэмжийг төрүүлээд нигүүлеэхүй сэтгэлтэй нэгэн болгохын тухайтад тэр бодол дээрээ төвлөрөн тогтоно.
Төвлөрч чадах нь тун чухал. Сэтгэлээ сайтар агуулан төвлөрүүлэхэд суралцеан байхыг бяр ихтэй гартай зүйрлэж болох юм. Гартаа бяргүй бол мод хагалах зэрэг хүч шаардагдах ажлыг хийж чадахгүйд хүрнэ. Бидний сэтгэл ч яг үүнтэй адил. Сэтгэлээ төвлөрүүлэн тогтоож чадахгүй одоогийн бидний сэтгэлийг сул дорой гэж хэлж болох юм. Тогтсон бясалгалуудын нэг болох өөрийн амьсгал дээр сэтгэлээ агуулан барих бясалгалыг үйлдэхийг оролдох үед бид үүнийг хялбархан мэдэж болно. Амьсгал авах гаргахын аясаархи хэвлий тус газрын хөдөлгөөнийг өөрийн сэтгэлийг тогтоон барих орон болгон зөвхөн түүн дээр төвлөрөн анхаарахыг хичээх хэрэгтэй. Ийнхүү нэгэн зүйл дээр төвлөрөн бясалгахын цагт та бүхэн сэтгэл байнга төрөл бүрийн бодолд алгасарч байдгийг дорхноо ойлгоно. Сэтгэлийг нэгэн зүйл дээр тогтоох нь тун ч амар хялбар бус. Ийм л учраас бидний сэтгэл сул дорой юм.
Гол төлөв амьсгалаа төвлөрөх орон болгон агуулан барих бясалгалыг үйлддэг. Гэвч өөр ямар ч орон дээр төвлөрч болох ба амьегалаас гадна нэгэн бурхан дүрслэл нь тун тохиромжтой орон болдог. Өөрийн сэтгэлдээ бурханыг дүрслэн төсөөлнө. Энэ нь өөрийн нүдээр харсан бус сэтгэлээр төсөөлсөн дүрслэл хийгээд зөвхөн энэ дүрслэл дээр сэтгэлээ төвлөрүүлэхийг хичээнэ. Түрүүнд хэлсэнээр амьсгалыг бясалгалын орон болгохдоо амьсгал авах гаргах тоолонд хөдлөх хэвлий тус газрын хөдөлгөөнийг авч болно. Энэчилэн бясалгах үед гол анхаарах зүйл нь Сэтгэлээ зөвхөн тэр мэдрэмж дээр тогтоон, г,агц амьсглах мэдрэмжийг анхаарч байх. Өдриин туршид хийсэн зүйлийн тухай эсвэл бясалгал өндөрлөсний дараа хийх зүйлийн тухай элдэв бодол зэрэг өөр орон луу сэтгэл тань алгасрах тохиолдолд үүнийг мэдэж байх нь тун чухал. Дуу чимээ, бодол зэрэг аливаа алгасралд автагдахгүй, сэтгэлээ сатаарсан даруйд нь мэдэж байх хэрэгтэй.
Бодол зэрэг ямарваа алгасралд сатаарснаа мэдээд бодлоо орхин сэтгэлээ дахин орондоо төвлөрүүлнэ. Хэрэв бясалгалын үед сэтгэл тань алгасраад байвал тухай бүрд нь сэрэмжтэй байж, бодлоо орхин амьсгал зэрэг бясалгалын орноо дахин барина.
Бясалгал үйлдэхдээ хэрхэн суух вэ?
Завилж сууж чаддаг бол тун сайн. Газар сууж бясалгаж чадахгүй бол сандал дээр сууж болно. Энэ үед хөлийн ул тазарт бүтнээрээ хүрсэн байх шаардлагатай. 10-15 см-ийн зузаантай олбог дээр урд ирмэг дэээр нь суувал завилсан хәл тань газарт тулан суудал чинь баттай байх болно. Нуруу цэх шулуун байх нь бясалгалын үед хамгийн чухал. Нурууны доод хэегийн яс шулуун байж газраас ургасан мэт тулсан байна. Олбог суудлаа өөрийн биеийн доод хэегээр бага зэрэг дарсан байдалтай сууна. Биеийн энэ хэсэг нь модны үндэс мэт биеийн бусад хэсэг нь модны бие, салаа мөчир адил мэдрэгдэнэ. Ингэснээр биеэ хүчлэлгүй, сул чөлөөтэй байж чадна. Зүүн гар дээр баруун гараа тавин, эрхий хурууг хүрэлцүүлэн барина. Гараа өвөр дээрээ байрлуулах ба эрхий хуруунууд нь хүйснээс хоёр хуруу доор байрлана.Мөрөө тэгш сул байлгана. Тохойгоо биедээ хэт наалгүй, хэт салгалгүй биенээсээ бага зэрэг зайтай барина.
Бас нэг чухал хэсэг бол толгой. Толгойгоо хэт унжуулж болохгүй, гэвч бага зэрэг бөхийлгөн эрүүгээ ялимгүй дотогш болгоно. Өөр нэг чухал зүйл нь ердийнхөөрөө амьегалаа авч гаргана. Бидний энэ бясалгалын үед амьсгал ердийн байна. Ямар нэгэн тусгайлсан амьегалын дасгал хийхгүй юм. Амьегалыг гадагш дотогш гүйлгэхдээ алгуур хүчлэн шамдалгүй унтаж байх үеийнх шиг байна.
Бясалгал нь сэтгэлээр үйлдэх дасгал юм. Үйлдэх ёстой зүйл маань хэвлий тус газартаа амьегалын мэдрэмжийг л анхаарч байх нь юм. Бидний сэтгэлд байнга байдаг тэрхүү бодлын хэлхээг гадна гудамжинд орхисон мэтээр төсөөлөн амьегалаа л анхааран төвлөрнө. Бясалгал үйлдэхийн урьд бясалгалын сэдлийн тухай ярих нь хамгийн чухал зүйл юм. Энэ бясалгал бусдаасаа юугаараа ялгаатай юм бэ? хэмээн хүмүүс асуудаг юм. Би үргэлж Бид Бурханы шашны бясалгал үйлддэг гэж хариулдаг. Бурханы шашны бясалгал үйлдэхийн өмнө Бурхан, Ном, Хутагтын чуулганд аврал айлтган, Бодь сэтгэлийг үүегэх дөрвөн шад залбирлаа уншина.
Бурханы шашинтан хүн ямарваа номын үйлийг хийхийн урьд Гурван чухаг эрдэнэдээ аврал айлтган хэрэв Их хөлгөний мөрөөр одогч бол хамаг амьтны тусыг бодсон сэтгэлийг үүсгэнэ.
Бурхан, Ном, Дээдсипн чуулганд Бодийн хутагт хүртэл авралыг айлтгамуй.
Аяа миний үйлдсэн өглөг тэргүүтэн буяны чуулганаар (ялангуяачлан энэхүү бясалгалыг үйлдсэний буянаар) Амьтныг нигүүлсэгч бурхан бүтэхболтугай хэмээн залбиран уншина.
Би шавь нартаа бясалгалын өмнө асрал хайр, нигүүлеэхүй сэтгэлийг төрүүлэхийг байнга анхааруулдаг. Бясалгал үйлдсэний ач буян нь маш их. Бясалгал үйлдэхийн дээдийн зорилго нь гэтлэхүй хийгээд бодийн хутаг боловч энэ насны зуурдын тус бас их юм. Бидний сэтгэл тайван амгалан, илүү тодорхой болно. Тайван тогтуун байж, сайн сайхан амьдарна. Өөрт тохиолдох зовлон бэрхшээлийг амар хялбар давах болно. Бясалгал үйлдсэнээр хураасан буян бүхнээ зөвхөн өөрийн тусад зориулахгүй, бусдын тусд зориулъя. Энэхүү бясалгалыг үйлдсэний буянаар би хамаг амьтныг зовлонгоос нь ангижруулан, амгалантай нь учруулах болтугай хэмээн сэдлийг үүсгэх хэрэгтэй. Амьсгалын болоод бусад ямар ч төрлийн бясалгал үйлдэхийн өмнө ийнхүү сайтар бодох нь тун чухал юм.
/olloo mn/