Ц.МӨНХБАЯР Бидний тэмцэл хэлэхэд амархан ч хийхэд хэцүү байлаа

-Онги голын төлөө тэмцэж эхэлсэн таны ажлын гараанаас яриагаа эхэлье. Яагаад хөдөлгөөн байгуулах болов. Тэр үед Онги гол ямар байдалтай байсан юм бэ?

-Монголын томоохон голуудын тоонд ордог 437 км урсдаг Онги гол 1998 оноос хойш татарч 90 хүрэхгүй км урсдаг болсон. Yүнийг дагаад экологийн сүйрэл болж, хүн, амьтны амьдралд хүнд цохилт болж байлаа. Энэ үйл явдлаас бид хөдөлгөөн байгуулсан. Би 2001 онд Хэвлэлийн хүрээлэн-гийн сэтгүүл зүйн дээд курст сурч төгсөхдөө Их говийн амин судас гэсэн сэдвээр дипломын ажил хийж говийнхоо тухай сөхөж тавьсан. Говьд юу болж байгааг олон нийтэд мэдээлэх, өөрөө ч мэдэж авах зорилгоор судалсан юм. Тэгээд нутагтаа очиж сумынхаа Засаг даргадаа санал болгож нуураа тойрч үзлээ.

Тэгтэл олон уурхай хайгуул судалгаа хийж, зарим нь үйл ажиллагаа явуулж газар нутгийг сүйтгэсэн байв. Энэ талаар ямар бодолтой байгааг сонсохоор нутгийн иргэдтэй уулзлаа. Тэд адилхан санаа зовдог юм байна лээ. Тэгээд бид цугларч ярилцаад газар нутгаа хамгаалж үлдэхийн төлөө нэгдэж тэмцсэн.

-Одоогоор Онги гол 430 км урсч Улаан нуурт долоон км дөхөж очсон гэсэн. Яаж ийм урт урсгалтай болгосон бэ?

-Эхлээд хүмүүс өөрсдийнхөө хувь заяаны төлөө явах ёстой гэдгийг л олон нийтэд үнэмшүүлэх нь чухал байлаа. Хувь заяагаа бусдад даатгадаг боолын системд бид амьдарсаар байна. Нэгэн ухаантай хүн гарч ирээд, бидний амьдралыг сайхан болгоно гэдэг худлаа. Бидний хамгийн том амжилт бол Онги гол, Улаан нуурын ай сав дагуу амьдарч буй гурван аймгийн найман сумын хүмүүсийг нэгтгэж чадсан явдал юм. Yүнийг хэлэхэд амархан ч хийхэд хэцүү байсан. Бидний амжилт бол зөв арга зам тодорхойлсных гэж ойлгодог. Тэгээд бид Хурын шим төвтэй хамтарч бороо оруулсан. Энэ ажлыг олон нийтийн дэмжлэгтэй хийдэг гэдгийг онцолмоор байна. Мөн Онги голын дагуу чацарганын төгөл байгуулж эхэлсэн. Yүнийг малчид хийсэн. Тэд төгөл байгуулж ойжилт хийснээр ирэх жилээс нь 2-3 сая төгрөгийн орлоготой болж байгаа юм.

-Яаж орлого олно гэж?

-Жимсээ авч эхэлнэ. Мөн үүнээс гадна Онги гол экологийн сурах бичиг гаргалаа. Yүгээрээ хүүхдүүдэд экологийн мэдээлэл өгч, хаана төрсөн, хэн бэ гэдгийг нь ойлгуулах зорилго тавьсан юм.

-Хэдэн төгөл тарьсан бэ?

-400 орчим км газар 7000 гаруй төгөл байгуулсан. Сая Америкт очиход тэнд амьдарч буй монголчууд Онги голыг ойжуулах ажлыг талархан дэмжиж, хандив өгнө гэж байлаа.

-Чацарганын төгөл тарих нь их сонирхолтой юм. Төгөлөө хаанаас авдаг вэ?

-Стандартын дагуу хоёр настай төгөл суулгасан. Заримыг нь Увсаас, заримыг нь Өдлөг төвөөс авч хавар, намарт суулгасан. 7000 гаруй төглийн маань 5000 гаруй нь сайхан ургаж байна. Бусдыг нь бүтэл муутай хүмүүс сүйтгэчихсэн.

-Энэ ажлыг хийхэд малчид оролцсон гэсэн. Ер нь Онги голын төлөө тэмцэхэд нутгийнхан эсэргүйцэж байв уу?

-Олон хүн дэмжсэн ч зарим нь их хардаж эсэргүүцсэн. Дэндүү гомдмоор юм байна лээ. Урам хугарна. Бас ойр дотно ажиллаж явсан хүмүүс маань урваж хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн. Ийм хардалт, гүтгэлэг, урвалт, шарвалт тулгарахад хэцүү байсан.

-Улаан нуурт дөхсөн болохоор ойрын хугацаанд нуурт цутгах боломж бий юу?

-Байлгүй яахав. Гол маань зундаа гайгүй, намартаа буцаад татарчих юм. Тэгэхээр бид газрын генератор байрлуулна. Энэ нь хор хөнөөлгүй нэлээд сайн технологи байгаа юм. 3-4 жилийн дараа гэхэд нэлээд дөхнө шүү. Дээр нь уурхайн үйл ажиллагаа зогссон байх ёстой.

-Онги голын орчимд үйл ажиллагаа явуулж байсан, зарим нь хайгуул хийж байсан 37 уурхайн 35-ыг нь хаасан гэсэн. Тэдгээрийг зогсооход таны барьж авсан баримт юу байв. Yлдсэн хоёр нь Онги голд хор хөнөөлгүй гэсэн үг үү?

-Онги голд 72 жижиг гол цутгадаг юм. Түүний 31 нь байхгүй болсны 15 нь уурхайтай шууд холбоотой. Эхлээд бид сумдын ИТХ-ыг нээлттэй хуралдуулж, тэндээс нааштай шийдвэр гаргасан. Дараа нь БОЯ-ны мэргэжлийн дүгнэлтээр тэдгээр уурхай Онги голд хор учруулж байгааг гаргасан. Мөн УИХ доторхи Онги гол лобби бүлгийнхэн сайн ажиллаж, З.Энхболд, Р.Бадамдамдин гишүүн чуулганд мэдэгдэл гаргасан. Энэ мэт олон ажлын үр дүн юм. Мөн сэтгүүлчдийн оролцоо энд их байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Онги гол урсаад, хажууд нь уурхай хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулах боломжтой юу?

-Манай оронд голын эхэнд, гольдрилд, ойн сан бүхий газруудад уул уурхайн олборлолт явуулж ерөөсөө болохгүй.

-Онги голын төлөө олон жил тэмцжээ. Та хожсон уу, хожигдсон уу. Амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би хожсон шүү. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх нь хамгийн том ололт, амжилт байлаа. Гэхдээ зорьж олсон амжилтаа бага гэж чамлахгүй, том шагнал авлаа гэж онгирохгүй, энгийн байдалд амьдрах нь зөв гэж боддог. Хүн болж төрснийх хийх ёстой зүйлээ л хийж явна даа.

-Онги голын Мөнхбаяр гэдэг байсан бол одоо Голдманы шагналт гэдэг болсон байна. Шагнал авснаас хойш таныг гэх хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?

-Шагнал аваад удаагүй байна. Хүмүүс Авах ёстой зүйлээ авлаа шүү, нөхөр минь гэж эергээр хүлээж авч байгаад би баяртай байгаа.

-Таныг хотод амьдардаг гэж сонссон. Тэгэхээр Онги голд өрнөж буй ажлаа эндээс удирдаад байна уу. Та хэдий хугацаанд тэнд очдог вэ?

-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хотод түр оршин суугчаар амьдарч байгаа. Ам бүл зургуулаа. Бид айлын хажуу өрөө, эсвэл хашаа байшин хөлслөөд л амьдардаг юм. Ажлын тухайд сардаа нэг удаа явж голоо бүтэн тойрдог. Нэг удаа явахад сая гаруй төгрөг зарцуулна. Энд, тэндээс гуйгаад л олно шүү дээ.

-Онги голыг бүтэн тойроход хэдэн км явах вэ?

-Хотоос гараад тойроод ирэхэд арав гаруй хоногоор ойролцоогоор 3000 км явдаг юм. Сүүлийн үед зөвхөн Онги гол биш манай хөдөлгөөний оролцоотойгоор байгуулсан Монгол нутаг минь эвслийн ажилд тусалж оролцож байна. Ихэнхдээ хөдөөгүүр явдаг даа.

-Цаашид юу хийх гэж байна вэ?

-Манай хөдөлгөөний хувьд тодорхой таван ажил хийхээр төлөвлөчихсөн. Эхлээд газрын генератор байрлуулах, дараа нь Онги голыг ойжуулах, Онги гол экологийн сурах бичиг гаргах хөтөлбөрөө үргэлжлүүлэх болно. Дээр нь шүүхэд нэхэмжлэл гаргах айхтар ажил байгаа.

-Хэнийг шүүхэд өгөх юм?

-Засгийн газрыг шүүхэд өгнө. Яагаад гэвэл, Байгаль орчныг сүйтгэсэн энэ ажлын гол хариуцагч эзэн гэдгээр нь. Энэ бол хэдэн уурхайн үйл ажиллагаа биш шүү дээ. Төрийн буруу бодлоготой шууд холбоотой. Сүүлийн 40 жилд Монгол орны ойн санг устгах ажлыг мөн л төр хийсэн буруутай. Нэг хар мод хоногтоо 150 тонн ус хуваарилж байдаг. Ийм экологийн нарийн уялдаатай байх жишээтэй. Өөр нэг ажил бол хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах юм. Ийм л ажил бидний өмнө байна даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button