Өвөг түүхээ өнөөдөр л хайрлахгүй бол…
Энэ монголчууд чинь өрлөг түүхтэй, өвөг дээдэстэй байсан юм гэдгийг харийнхан манай Yндэсний түүхийн музейгээс эхлэн шагайж эхэлдэг. Улс үндэстний нүүрийг тахлах уг музей эдүгээ ямар байдалтай байна вэ. Түүх сөхье.1991 онд Соёл урлагийн хөгжлийн хороо гээч байсан нь музейнүүдийг төрөлжүүлэх бодлого явуулж л дээ. Улсын төв музейн түүхийн тасаг, Хувьсгалын музей хоёрыг нэгтгэв. Эвлүүлж, цуглуулсаар 1998 онд Yндэсний түүхийн музей эхээс төрсөн-өөрөө эгэл олонд үйлчилж эхэлсэн билээ. Зорилго нь тодорхой. Монгол нутагт анхны сармагчин ном унших болсон үеэс өдгөө хүртэлх түүхийг дэлгэн үзүүлэх. 2003 онд олгосон улсын бүртгэлийн гэрчилгээтэй төсвийн байгууллага. Тус музейн харьяанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсга-лын музейг 1996 оноос эхлэн байгуулж ажиллуулсан нь бий. Товчхондоо иймэрхүү.
Музейн сан хөмрөг гэдэг чухал зүйл бий. Тус музейнхэн өөрсдийн хэрээр зүтгэн археологи, угсаатны зүйн үзмэрээ 85 хайрцаг, зургаан тавиур шинээр нэмж баяжуулсан юм билээ. Оргүйд орвол охинтой нь дээр гэдэг дээ. Сан хөмрөгөө хадгалж, хамгаалахдаа ч анхаарна. Цэвэрлэгээ ч тогтмол. Хортон шавьжны устгалыг жилд хоёр удаа хийх жишээтэй. Харин хор нь ажилтнууд болон үзмэрт хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй юм билээ.
Музейн захирал нь 2005 онд сан хөмрөгөө баяжуулах төлөвлөгөө гаргасны үр дүнд худалдан авах, шилжүүлгээр авах, судалгааны үр дүнд илрүүлэх зэргээр 512 үзмэрээр Yндэсний түүхийн музей баяжаадхав. Хамгийн гол нь өөрсдийн олж илрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлсээр гадна, дотнын нүдийг хужирлаж, эх ор-ныхоо түүхийг зузаатгасан нь үлэмж дэвшил гэмээр. Тус музейн харьяа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей гэж бий. Хуримын ордны хойно байдгийг уншигч та гадарлаж байгаа байх. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг түүний охин Г.Цэрэндуламын санаачилгаар музей болгосон юм билээ.
1996 оны есдүгээр сарын 10-нд нээсэн музей л дээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр тус музейг овоо гадарлахтайгаа болоод байгаа. Ажлын үзүүлэлт нь ч сайн гарч ирэв.
Ийм л түүхтэй дээрх хоёр музейг Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгахад сайн нь ч, саар нь ч гарав. Ерөөс музейн стандартад үзмэр байрлах өрөө нь жилийн туршид чийгшил нь 55, температур нь 18 градус байх ёстой гэж заасан байдаг ажээ. Одоогоор Yндэсний түүхийн музейн барилгын зоорийн давхарт байрлах дулааны узельд хэрэглээний халуун усны халаагчийн тохируулах автомат ажилгүй, халаалтын системд тохируулга хийх балансын хаалт байхгүй гээд доголдол их байх. Тус музейн зоорийн давхарт сан хөмрөг нь бий. Оройн 17 цаг 30 минутаас өглөөний 9 цаг 30 минут хүртэл хэн ч орох ёсгүй.
Тусгай хамгаалалтад байдаг гэсэн үг. Иймээс зоорийн давхарт хүн орж ажиллах бололцоо байхгүй тусгай журмаар ажилладаг онцгой объект гэж болно. Тэгэхээр ямар нэг тохиолдлоор ус алдах, галын аюул айлчилбал асар ховор, үнэ цэнэтэй дурсгалууд маань үүрд биднээс ангижран одохоор байгаа биз. Yүнийг анзаарсан Yндэсний түүхийн музейнхэн байгууллага дундын халаалтын цогц төхөөрөмжийг музейгээс өөр газар байрлуулахыг УБДС компани, БСШУЯ-наас удаа дараа хүсч байсан авч огтоос хэрэгссэнгүй. Шаварт унасан шарын эзэн гэгчийн үлгэрээр өөрийн хэмжээнд гал түймрийн аюул гаргахгүй байх талаар ажилласан байна. Харин музейн ажилтнууд цаашид галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалтад хамрагдах шаардлагатай болжээ.
УМХГ-аас тус музейг шалгах явцад дохиоллын системийн угсралтыг гүйцэтгэх тендерт но буй нь илэрсэн байх юм. 2005 оны аравдугаар сарын 11-ний өдөр зарласан нээлттэй тендерт 10 аж ахуйн нэгж оролцжээ. Ялагчаар Монро импэкс компани шалгарав. Уг нь тендерт оролцсон нөхдийн дөрвөн компани нь Холбоо дохиолол, компьютерын сүлжээ, гал унтраах болон галын дохиоллын системийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй, туршлагатай компани байсан байх юм. Гэтэл шалгарсан Монро импэкс нь БСШУЯ-наас зарласан дээрх тендерийн явцад буюу 2005 оны арваннэгдүгээр сарын 9-нд л улсын бүртгэлд дөнгөж хавчуулагдсан байв. Тендерийн будлиантай Монро импэкс нь угсралтын ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн төдийгүй, стандартын шаардлагыг зөрчсөн сууж байх юм. Уг компани БСШУЯ-тай байгуулсан гэрээ ёсоороо өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд Богд хааны болон Yндэсний түүхийн музейн дохиоллын системийн бүх угсралтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Өнөөдөр дуусаагүй хэвээрээ. OWL компанийн шаардсаны дагуу кабель, утаснуудыг сольж угсрах ажлыг үргэлжлүүлсээр байх. Музейн ажилтнуудын яриагаар бол ОWL компани дээрх ажлыг дуусгах бололтой. Ийнхүү анхнаасаа стандарт, ном журмын дагуу зураг төсөв гарган баталгаажуулж, угсралтын ажил хийлгээгүйгээс нэмэлт зардал гаргахад хүрчээ.
Yндэсний түүхийн музейн амссан гашуун мөнөөх хэлмэгдэгсдийн музейг ч тойрсонгүй. 2003 онд улсын төсвөөр засвар хийсэн нь бий. Энэ үеэр шилэн витринууд нь бүрэн хагарч, хэлмэгдэгсдийн нэрсийн жагсаалт нь алга болов. Уран баримлууд хугарч, гэрэл зургууд нь урагдаж гэмтсэнийг нь ажваас нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой яг дүйцэнэ. Эндээс засварын ажлыг мэргэжлийн бус, хүйтэн сэтгэлтнүүд гүйцэтгэсэн нь тод харагдана. Музейн дээврээс бороо орох, цас хайлах бүрт усан дусал нэвт урсдаг, өвөл болгон бохир, цэвэр усны шугам болон паар хөлддөг зэрэг нь Монголын онцлогтой засварын үр дүн гэхээс өөр яахав. 1920-иод оны сүүлчээр барьсан модон байшин болохоор нэн даруй сэхээн амьдруулах-гүй бол горьгүй нь дээ. Мөн гаднын байгууллагад түрээслэсэн, дэлгүүр, кафе ажиллуулсан гээд музейн зориулалтыг бүдүүлгээр зөрчсөн явдал их байх. Улсын чанартай музейд зайлшгүй байх ёстой музейн арга зүйч, үйлчилгээ зохион байгуулах ажилтан үгүй гээд бод доо. Сан хөмрөг нь зуны улиралд хэт чийгшлийн доор тэсвэрлэн буй. Нөгөөтэйгүүр уг музейн санхүүгийн төлбөр, зөрчил нь бас л маапаантай.
Дээр өгүүлсэн бүхнийг засч залруулах ажлыг БСШУЯ анхааралдаа авахгүй бол хойд эхийн нэр зүүх нь байна шүү. Yндэсний түүхийн музейгээс сүүлийн 10 жилд археологийн чиглэлээр бие даасан болон гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарсан судалгаа явуулсан. Энэ нь музейн эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргасан хэрэг л дээ. Монголын музейн хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг нь үнэлэх нэгэн байна уу. Гэтэл асран тэтгэх үүрэгтэй БСШУЯ-наас нь эхлэн нүд үзүүрлэж суух юм. Харин Yндэсний түүхийн музейгээс олон түмнийг урин дуудах, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах тал дээр хүч гаргахгүй байх шиг. Цуглуулсан үзмэрээ цуурайтуулах л үлдээд байна гэсэн үг. Тус музей 1990 оноос хойш Монголын түүхийг дэлхийд таниулах зорилгоор Америк, Герман, Япон, Солонгос, Голланд, Итали, Франц, Хятад зэрэг 10 гаруй оронд олон тооны үзэсгэлэн зохион байгуулсан юм шүү дээ. Харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг үйл ажиллагааны чиглэл болон үзмэрийнх нь төрийн өмчийн харьяаллыг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон төрөлжсөн мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээс өөр аргагүй нь. Мэдээж тодорхой хугацаанд гэрээгээр ажиллуулах хэрэг. Энэ бүхэнд БСШУЯ анхаарлаа хандуулахаас гадна музейнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, музейн талаархи эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох, шинэчлэх талаар санаачилгатай ажиллаасай. Овог түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг. Харин овог түүхээ хайрлахгүй хүн ойд төхөөрсөн сармагчинтай адил бус уу.