Б.ЖАМЪЯНДАГВА Бид энэ тоглолтыг их удаан хүлээсэн
Сонгодог урлагт дуртай, сонгодгоор амьсгалж, амьдардаг хүмүүс энэ өдрүүдэд Японы Токио комаки балет, Буриадын дуурь бүжгийн улсын эрдмийн театрын охь бүтээлүүдээр оюуны алжаалаа тайлах ховорхон боломж гарч байгаад олзуурхана билээ. Айлчлан тоглолтын хөтөлбөр ч энэ сарын 18-наас эхэлж, хуваарь ёсоор Японы Токио комаки балет-ынхан энэ долоо хоногт Улаанбаатарчуудад өөрсдийн бүтээлээ хүргэнэ. Иймд удахгүй тоглолтоо хийх гэж буй ДБЭТ- үдэллэсэн Токио комаки балет-ынхны нэг өдрийг сурвалжлахаар тэднийг зорьсон билээ. Манай сурвалжлах хэсэг үдийн арванхоёр цаг өнгөрч байхад Дуурийн театрт очсон юм. Биднийг очиход японы бүжигчид хэдийнэ бэлтгэлдээ орчихсон байв.
Сургуулилт өглөө арван цагт эхэлсэн болоод ч тэр үү зааланд нь ороход хөлс үнэртэж, бүжигчид ч чамгүй халаалт авсан байсан. Тэдний бэлтгэл өглөө арваас үдийн 16 цаг хүртэл үргэлжлэх болохоор тоглолтод орох Хунт нуур бүжгэн жүжгийн хоёрдугаар үзэгдэл, Игорь ван дуурийн Кипчакуудын бүжгийн хэсэг болон Yхэр болон хүний эвэрт хүүхдийн үдээс хойшхи зугаалга нэртэй өмнө нь манай театрт тоглож байгаагүй богино хэмжээний бүжгэн жүжгүүдээ ээлж дараалан сургуулилж байсан.
Биднийг очиход Хунт нуур-ын хоёрдугаар үзэгдлийн бэлтгэл дуусч байв. Энэ бүжгэн жүжиг болон бусад хоёр бүтээлд Монголын бахархал-аар шалгарч байсан, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг тоглох юм билээ. Хунт нуур-ын сургуулилт ч дуусч гэнэт эрч хүчтэй атлаа, сүрдмээр хөгжим эгшиглэв. Хөгжим эхлэхэд эрэгтэй бүжигчид нум саадаг агсан эргэлдэн бүжих нь цовоо цолгиун хэрнээ дайчин.
Эмэгтэй бүжигчид нь ч тэднээс дутахааргүй намуухан хэрнээ эвлэгхэн бүжицгээнэ. Эмэгтэй бүжигчдийнх нь биеийн харьцаа нэгэн жигд болохоор бүжгийн хэмнэл ч жигд харагдаж байсан. Хэдий мэргэжил нэг ч өөр өөрсдийн сурсан орчин нь ондоо болоод ч тэр үү манай бүжигчид тэднийг сонирхож, сонжин өөр хоорондоо шивэр авир хийнэ билээ. Игорь ван дуурийн Кипчакуудын бүжгийн хэсэг дуусч Yхэр болон хүний эвэрт хүүхдийн үдээс хойшхи зугаалга нэртэй богино хэмжээний бүжгэн жүжиг эхлэв. Нэрнээсээ эхлээд нэг л содон уг бүжгэн жүжиг дэлхийд их алдартай бүтээл юм билээ.
Зохиолын хувьд ч сонин. Хүн үхэр хоёрын дундаас гарсан эрлийз хүүгийн тухай өгүүлнэ. Хүн үргэлж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ боддог байхад үхэр зөвхөн өнөөдрийнхөө хоолны төлөө амьдрана.
Хүн адгуус хоёрын хоорондын ялгааг бүжгийн хэлээр өгүүлэх энэхүү бүтээлийг үзсэн хүн өөрийн эрхгүй сонгодог урлагийн гайхамшгийг мэдэрч түүнд уусах юм билээ.
Дашрамд сонирхуулахад энэхүү бүжгэн жүжгийн бэлтгэлийг Токио комаки балет-ын захирал Со Кикучи өөрөө гардан хийлгэж байсан. Тиймээс түүнтэй сургуулилтын үеэр цөөн хором ярилцсан билээ.
СО КИКУЧИ Д.Алтанхуягт Дотоод сэтгэлгээний авьяас, чадал байдаг
-Гучаад жилийн өмнөөс хамтарч ажиллаж, холбоотой байсан Токио комаки балет монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна. Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна даа?
-Өнөөдөр Монгол Японы балет хоорондоо холбоо тогтоосны 32 жил болж байна. Одоогоос 32 жилийн өмнө манай балетыг үүсгэн байгуулагч Комаки Масахидэ Б.Жамъяндагва багштай танилцаж байсан юм билээ. Тэр цагаас хойш манай театр монголд ирж тоглолт хийхийг мөрөөддөг байсан. Харин 35 жилийн дараа энэ хүсэл маань олон хүний тус дэмжлэгтэй биелэлээ олж байгаад маш их баяртай байна.
-Хоёр өдөр тоглох хөтөлбөрт дэлхийн сор болсон бүтээлүүдээс манай үзэгчдэд толилуулах юм билээ. Эдгээр бүтээлийн нэг нь болох Yхэр болон хүний эвэрт хүүхдийн үдээс хойшхи зугаалга нэртэй бүтээлийг анх удаа манай тайзнаа амьдруулна гэсэн. Энэ бүжгэн жүжгийг сонгосон нь учиртай болов уу?
-Энэ бүтээл Хунт нуур, Жизель зэрэг дэлхийн алдартай бүтээлүүдтэй зэрэгцэх томхон бүтээл. Сонирхолтой нь, ийм том бүтээлийг монголын тайзнаа өнөөдрийг хүртэл тоглоогүй юм билээ. Тиймээс үүнийг нь бодож монголын ард түмэнд уг бүтээлийг сонирхуулахаар сонгож авсан юм. Энэ балетыг зуун жилийн өмнө дэлхийд нэртэй Оросын балетчин Нижински өөрөө тавьж гол дүрд нь тоглосноос хойш дэлхийд түгсэн юм. Түүнчилэн энэ бүтээлийг монголын тайзнаа амьдруулснаар танай балетын урлагт арай өөр урсгал орж ирэх байх гэж бодож байгаа.
-Энэ бүжгэн жүжгийн гол дүрд манай гавьяат жүжигчин Д.Алтанхуяг тоглох юм билээ?
-Энэ бүтээл бол зүгээр нэг бүжгэн жүжиг биш. Бүжигчнээс маш их дотоод сэтгэлгээний авьяас шаарддаг юм. Д.Алтанхуягт энэ дотоод сэтгэлгээний чадал, авьяас байдаг болохоор түүнийг сонгосон. Мөн энэ бүжгэн жүжиг дотоод сэтгэлгээний бүтээл болохоор Д.Алтанхуягаар дамжуулан монголын ард түмэнд хүргэх бодолтой байна.
-Энэ бүжгэн жүжгийн сургуулилтыг үзэж байхад сонгодог урлагийг модерн бүжигтэй хослуулсан юм шиг санагдлаа. Ямар бүжгийн хэлбэрт суурилсан бүтээл вэ?
-Эртний Грекийн хадны зурагт байдаг хөдөлгөөнийг энэ бүжигт оруулсан юм. Түүнээс гадна манай театр хуучин уламжлалаа хадгалж үлдсэн ганц театр. Тийм учраас энэ бүтээлийг өөрчлөлгүй анхны хэлбэрээр нь тавьж байгаа юм.
Б.ЖАМЪЯНДАГВА Бид энэ тоглолтыг их удаан хүлээсэн
-Та 31 жилийн өмнөөс Токио комаки балет-ын театртай танил болж хамтарч ажиллах болсон гэсэн. Энэ театртай хамтарч ажиллах болсон дурсамжаасаа хуваалцана уу?
-Миний сайн танил Комаки Масахидэ юм. Энэ хүн Азид анх удаа сонгодог урлагийг үндэслэн байгуулсан гэхэд болно. Бид 1976 онд Японд болсон олон улсын балетын наадамд шүүгчээр оролцож байхдаа танилцсан юм. Түүнийг Японы сонгодог урлагийг үүсгэсэн гэдгээр нь их хүндэтгэдэг. Өөрөө ч их шийдмэг хүн байсан. Тэрээр монголд их сэтгэлтэй, өөрийнхөө балетыг монголд авчрах хүсэлтэй, энэ талаар байнга ярьдаг байж билээ. Гурван жилийн өмнө японд болсон олон улсын балетын тэмцээнд шүүгчээр оролцоход бид уулзаж байсан юм. Тэгэхэд мөн л манай балетыг монголд авчрахад туслаарай гэж байсан. Сая насан эцэс болохдоо хүртэл энэ захиасаа дараагийн үедээ хэлсэн байна лээ. Одоо энэ балетын театрыг түүний гурав дахь үе болох Со Кикучи гэж 60 нас гарсан хүн удирдаж байгаа.
Энэ жил Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, мөн 2007 оныг Монгол дахь Японы жил болгосонтой уялдуулж Токио комаки балет гучин хүний бүрэлдэхүүнтэй манайд тоглолтоо хийх завшаан тохиосон юм. Бид ч энэ тоглолтыг удаан хүлээсэн.
-Энэ том балетын театр манайд ирж тоглоход манай театрын тайз чимэглэл, гэрэлтүүлэг шаардлага хангаж байгаа болов уу?
-Манай улс сонгодог урлагаараа 1970,1980-аад онд японоос илүү байсан шүү дээ. Яагаад гэвэл, ОХУ-ын балетын сургалт дэлхийд тэргүүлдэг. Манай балетчид орос сургалттай болохоор тэр. Одоо ч гэсэн японд сайн сайн балетын хамтлагууд гарсан ч манай бүжигчдээс илүү гэж хэлэхгүй.
-Манай бүжигчдээс хэчнээн хүн энэ тоглолтод оролцох вэ?
-Театрын зургаан бүжигчин, Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч оролцоно.
-Манай балетчид Токио комаки балет театрт тоглолтоо хийх боломж байгаа болов уу?
-Байлгүй яах вэ. Комаки Масахидэ энэ тухай мөн л ярьдаг байсан. Бидний төлөвлөж байгаагаар 2008 онд очиж тоглолтоо хийх санаа байна.
Хэдий ингэж төлөвлөж байгаа ч хөрөнгө мөнгөний асуудал гэж том бэрхшээл бий. Yүнийг төр засгаас дэмжихгүй бол бид чадахгүй л дээ. Токио комаки балет манайд ирэхэд Засгийн газраас нь ирэх очих зардлийг нь дааж байна шүү дээ.