Бүртгэл хийж байгаа хүмүүсийг ам нээж болохгүй гэж Солонгосчууд үүрэгджээ
солонгос хэлний төвшин тогтоох (KLPT) шалгалтын бүртгэл өчигдөр албан ёсоор эхэллээ. Хүн, машин багширсан, цагдаа, цэргээр бүслүүлсэн эл шалгалтын бүртгэлийг ажиглахад үнэхээр сүрдмээр байв. Тэнд лав ойролцоогоор 20 гаруй мянган хүн байна хэмээн бүртгүүлэгчид ярьсан. Манайдаа томд тооцогдох уг Цэнгэлдэх хүрээлэнг битүү тойроод эцэс, төгсгөл нь үл харагдах дугаар үүсгэсэн манайхан хоёр хэсэгт хуваагдсан байх юм. Ажиглавал, Цэнгэлдэх хүрээлэнгийн дагуу дугаарлаж буй нь хэлний шалгалтанд бүртгүүлэхээр ирэгсэд. Тэднийг цагдаагийнхан хамгаалалтанд авч тойруулан олс татаж. Олсны гадна тэдний гэр бүл ах дүү хамаатан садан, найз нөхөд бололтой хүмүүс хуушуур буузанд дугаарлан зогсч харагдана. Гэр бүлийнх нь нэг хөлсөө цувуулан, хөлөө чилээн зогсч байхад би яаж зүгээр байхав гэх бодол өвөртлөн өөрсдөдөө бяцхан ажлын байр бий болгон хуушууранд зогсох олон бүсгүйчүүд тэнд байна лээ. Ямар сайндаа л дугаараа алдчихгүй юмсан гэсэндээ чөлөөтэй ч хөдөлж чадахгүй нөхөр, эхнэрээ өрөвдөн зогсох тэр агшин Монголын өнөөгийн залуусын амьдралын нэг дүр төрхийг илтгэх шиг болсон.
Олсны гадна дотноос гэр бүлийн хоёр ярьж байх юм. Эмэгтэй нь, хөгшөөн оймсоо солиод өмсөөрэй, дороо юм тавьж суугаарай, даарчихав, очероо алдав тамхи татаад хэрэггүй шүү, миний найз тэвчээрэй гэж учирлах. Мэдээж энэ гэр бүлийн хувьд Солонгост очиж ажиллаж амьдарна гэдэг чухал асуудлын нэг байх нь. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Yнэндээ бол өдөржин шөнөжин дугаарлан зогсоод Солонгос улсыг зорино гэсэн үг огтхон ч биш бөгөөд зүгээр л солонгос хэлний бүртгэлд бүртгүүлж байгаа юм шүү дээ. Манайхан энэ бүртгэлийн ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа төдийгүй яг л явах гэж байгаа юм шиг сэтгэлгээтэй байгаа нь олон хүнд чирэгдэл болж байх шиг. Цэнгэлдэхийн гадуур ийм уур амьсгалтай байсан бол дотор нь буюу бүртгэлийн үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн явагдаж байгааг сонирхлоо. Жижгэвтэр заалны хоёр талд ширээ засан байрлуулж өөд өөдөөс нь 10, 10 солонгос, монгол эмэгтэйчүүдийг холилдуулан суулгаж. Тэд гаднаас бүртгэлийн хуудсаа бөглөөд бэлэн болгосон хүмүүсийн зургийг наах ажил хийх аж. Бүртгэлийн хуудас нь дундуураа хоёр тасрах бөгөөд нэг нь солонгосын талд, нөгөө нь бүртгүүлэгчид очно. Заалны буланд нэгэн солонгос эр бүртгүүлэгчдийн мөнгийг хайш яйш хурааж суусан. Нэг бүртгүүлэгч 30 ам.доллар төлнө. Бидний сурвалжлах хэсэг /тэнд олон телевиз, сонины сэтгүүлчид/ очиход нэг асуудал үүссэн. Нэг солонгос нөхөр, бодвол энэ бүртгэлийн үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагч бололтой. Тэрээр монгол залуугийн бүртгэлийн хуудсыг хуучин нь байна гэж түүнийг хөөж гарахыг завдав. Бид түүнээс яагаад хуучин байдаг билээ гэж асуухад хариу хэлээгүй бөгөөд тэгсэн атлаа монгол залуугийн мөнгийг бүртгэлийн дугаартай нь авчихаад өгсөнгүй.
Бүртгэл өнөөдөр эхэлж байхад яагаад шинэ, хуучны ялгаа гараад байгааг сэтгүүлчид сонирхоход нөгөө солонгос эр гараа зангаад энэ биш ээ гэхээс өөр хариулт хэлсэнгүй. Бүртгэлийн хуудсаа хураалгасан залуугаас хаанаас энэ хуудсыг авав, чи одоо бүртгүүлж чадахгүйд хүрлээ гэхэд УИХ-ын гишүүн Л.Пүрэвдоржийн туслах өгсөн. Гэхдээ би гурав хоног дугаарласан шүү дээ гомдоллов. Сэтгүүлчид түүнийг бүртгүүлчих санаатай хуудсыг нь эргүүлээд өгөөч гэхэд солонгос эр уурлаад цаашаа явсан.
Yүнээс болж сэтгүүлчид, солонгос зохион байгуулагчийн хооронд асуудал үүссэн. 15 мянган монголчуудыг Солонгост авч явах гэж байгаа, бүртгэл хийж байгаа байгууллагынхан гэхэд нэг ч хүн албан ёсны танилцуулга хаяг байхгүй, тэр ч атугай зохион байгуулж буй хоёр солонгос эр нэрээ хэлэхгүй камерын өмнө гарахгүй нуугдаад байсан нь хачирхалтай. Тэгсэн хэрнээ монголчуудын мөнгийг хурааж байдаг. Тиймээс сэтгүүлчид тэднээс нэрийг нь хэлүүлэхийг ихэд чармайсан боловч чадаагүй. Харин ч бүр асуудал улам хүндэрч нөгөө солонгос эр сэтгүүлчдийг оруулахгүй байхыг үүрэгдэж Оллоо-гийн сэтгүүлчийн камерыг булааж ноцолдоод амжсан. Монголын сэтгүүлчид хоёр муу Солонгосын өмнө хүчгүйдэнэ гэж юу байхав. Мөчөөгөө өгөхүй энэ тэндээс нь зургийг нь аваад амжсан л даа. Энэ бүхнийг харж зогссон монголчууд юу болоод байна, нээрээ яагаад солонгосууд нэрээ хэлэхгүй байгаа юм бол, за за цаанаасаа юм чинь гайгүй байлгүй хэмээцгээв. Тэгэхээр манайхан ямар итгэмтгий гэдгийг үүнээс анзаарч болно. Зарим хүн та нар битгий ажил үймүүлээд бай гэх нь мэдээлэл ямар их чухлыг ойлгодоггүйг илтгэх мэт.
Бид тэднээс мэдээлэл олж авч чадаагүй учраас бүртгэл хийж байгаа эмэгтэйгээс бүртгэлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, одоо хэдэн хүн бүртгүүлээд байна гэхчилэн асуулт тавихад, биднийг юу ч ярьж болохгүй, амаа ангайж болохгүй гэж солонгос захирал үүрэгдсэн гэсэн хариулт өгсөн юм. Нэрээ илт нууцалсан, ямар ажил хийж байгаагаа хэлэхгүй, дээрэлхүү хоёр солонгос эр монголчуудын хүсэл эрмэлзлэл дээр тоглоод байна уу.
Хоёрхон солонгос эрийн зохион байгуулж буй энэ ажилд Монголын цагдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ /эд бүртгүүлэгчидтэй хамт гурван шөнө/ хонож хүчин зүтгэж байгаа нь ямар учиртай вэ. Yнэндээ тэд үүргийн дагуу ингэж ажиллах нь зөв боловч яг ямар хүн цаанаас нь хэн удирдаад байгаа юм гэсэн олон асуулт хариултгүй үлдэв. Монголчуудын цаанаасаа юм чинь гэсэн гэнэн сэтгэл дээр Солонгосын омогтой хоёр залуу ааш гарган дээрэлхэхийг хараад суух уу. Нутаг дээр нь ингэж дээрэлхэж байгаа юм чинь өөрсдийнх нь дошин дээр очвол тэд манай эр бие нь жагссан залуучуудыг амьтан болгох юм байна л даа. Нөгөө сүр дуулиантай байгуулагдаад байсан Гадаадад ажиллах хүч илгээх төвийнхөн хаана ч байгаа юм бүү мэд. Лав биднийг очиход дээрх үйл ажиллагааны талаар албан ёсоор мэдээ өгчих ганц ч хүн тааралдаагүй.
Асуудал ингэж өрнөж байхад Солонгост очиж ажиллах хүсэл эрмэлзлэлтэй залуучууд энэ бүхнийг анзаарах сөхөө даанч алга байна лээ. Урдахь дугаараа алдчихгүй юм сан л гэж бодож байх шиг. Энд л бүртгүүлчихвэл бараг Солонгос явчих байх гэсэн горьдлого тээсээр үлдсэн дээ, тэд.